Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль гадаадын ажиглагчдын анхаарлыг ихэд татаж байна. Сонгуулийн ардчиллыг хэрэгжүүлж буй байдал, сонгуулийн эрх зүйн шинэ орчин, санал хураалтын автоматжуулсан системийг нэвтрүүлж буй зэрэг нь тэдний сонирхолыг татаж байгаа ажээ. Зөвхөн сонирхоод зогсохгүй сонгуулийн бэлтгэл ажлын явц, нэр дэвшигчид болон намуудын оролцоо, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр явуулж буй сурталчилгаа, сонгогчдын идэвх, сонгуулийн үр дүнг хөндлөнгийн байр сууринаас нягтлан нарийн ажиглаж, мэргэжлийн үнэлэлт дүгнэлт өгч түүнийг танилцуулна гэдгээ мэдэгдээд байна.
Өнөөдрийн байдлаар Австрали, Англи, АНУ, Герман, Дани, Итали, Канад, Франц зэрэг гадаадын 32 орны 300 гаруй ажиглагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах эрхийн үнэмлэхээ аваад байна. Тэд аймаг, дүүргийн сонгуулийн хороодын ажилтай танилцах, саналын хуудасны хэвлэлт, санал хураалтын автоматжуулсан системийн программчлал зэрэг ажлын явцыг ажиглаж байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )