“АВРААРАЙ, ХҮҮ БИД ХОЁР ЭНД БАЙНА, АВРААРАЙ!”

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 12

ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫГ ОСОЛДОХОД ЯДАЖ ХАЙРТАЙ МУУР НОХОЙГОО АЛДАХ ХЭМЖЭЭНИЙ ЦОЧРОЛ АВААГҮЙ ЮМ БИШ ҮҮ?

Сэлэнгэ аймгийн харьяат иргэн Нэргүйн Саранчимэг гэдэг бүсгүй эгэл малчин учраас нисдэг тэрэг байтугай хийлдэг завь олдохгүй амиа алдсан. Хэдийгээр элэг зүрх эмтрэм харамсалтай үхэл хагацал учирсан ч түүнээс хойш дөнгөж долоохон сар өнгөрч байхад манайхан мартжээ. Яалтай билээ. Алагчлалгүй тэгш сайхан амьдарна гэж ардчилсан өөрчлөлт хийсэнсэн. Тэгтэл “Ардчилсан Ерөнхийлөгч” маань ямар албан тушаалтныг авралдаа багтаагаад ямрыг нь аварсангүй вэ? Энэ бол тойрч бултах аргагүй том асуулт. Сэлэнгийн ослыг тухайн үед нь сонсоогүй гэх байх. Тэгвэл Ерөнхий сайдтаны төөрч будилсан мэдээ үтэр түргэн улс даяар тархсан. Харин Ерөнхийлөгч бол Ерөнхий сайдын тухай мэдээлэл биш энэ улсын дөрвөн зүг найман зовхист осолдсон эндсэн, тэр дундаа идэр залуухэн ээж хүүгээ тэврээд хөлдгүй мөрний усанд хөөгдөн одсон мэдээлэлд чих соргог байх учиртай. Сэлэнгэ мөрөнөд живсэн эх, хүүгийн ослыг хөвөөд бодохоор “хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэсэн Үндсэн хуулийн дагуу Саранчимэг, Шинэбаярын амийг хамгаалах үүргийг хууль ёсоор хүлээсэн шат шатны дарга даамлууд нь үгүй ядахдаа өөрсдийн хайртай муур, нохойгоо алдах хэмжээнд мэдэрч, цочрол аваагүйд бид харамсах ёстой. Учир нь, ийм гашуудал, ийм төрдөө хаягдсан эмгэнэл биднйи гэрийн хаалганы гадаа анаж, отож байгаа учраас. Сэлэнгэ аймгийн онцгойнхны чадал боломжоос илт давсан аюул учирсан нь нэгэнт тодорхой байхад Ерөнхийлөгчид байтугай ажил хариуцсан, асуудал эрхэлсэн сайд, дарга нарын ч чихэнд сонсгохгүй өнгөрдөг нь энэ төр засгийн үнэн нүүр царайг харуулж байна. Хэрвээ дарга биш бол өөр хэнийг ч тоож нэг нүдээрээ хардаггүй харалган дүлий албан тушаалтны шаталсан суварга бий болгосны хариуцлагыг хэн хүлээх вэ. Жирийн иргэний алтан амь хутганы ирэнд тавигдсаныг харсаар байвч дэргэд хэвтэх дүлий хөх чулуу шиг өнгөрөөдөг мэдрэмжгүй түшмэд хамгийн их аюултай. Харин тийм түшмэдээр хүрээлүүлсэн төр засаг бүр их аюултайг бид бүхний эргэн тойронд болж байгаа олон үхэл зовлон ойлгуулж байна. Иймэрхүү өтөл бэртэгчин үзэл засаг төрийн албаны хүрээнд газар авсаны уршгаар “хүнийг нийгмийн гарал байдал, эрхэлсэн ажил, албан тушаал, нас хүйс…” зэргээр нь ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн арван дөрөвдүгээр зүйлийн хоёрт заасан заалт газар сайгүй цус нулимс асгаруулан завхардаг болсон юм байна. Одоо бид нар яах юм бэ?

ГАЗАРЧЛУУЛЖ АВРАГДААД ГАНЦААРАНГ НЬ ОЙД ОРХИЖЭЭ

Хэлэхгүй өнгөрч боломгүй бас нэг баримт байна. Төөрсөн Ерөнхий сайд болон түүнийг дагалдагч долдой нарыг газарчилж олж өгсөн гол хүн болох Хан Хэнтийн дархан цаазат газрын ой хамгаалагч Сосорбарам өвгөний яриа. Тэр өвгөнөөр газарчлуулж явсан тулдаа л төөрсөн Ерөнхий сайдыг төвөггүй олсон юм гэсэн. Н.Алтанхуяг Ерөнхий сайдыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн илгээсэн аврах хэсгийн нисдэг тэрэг очихоос өмнө морин хүлгээ унасан ард Сосорбарам нарын гурван эрэлчин олж аминд нь орсон мэдээ байна. Гэтэл өнөөдүүл нь газраа заалгаж, буцах замаа мэдэж аваад нисдэг тэрэг ирэнгүүт 62 настай тэр өвгөнийг морьдтой нь эзгүй хээр орхиод нийслэл рүүгээ талийж өгсөн байна. Гэрийнх нь орчмын айлаас морь гуйж унаад өөрийг нь дагуулаад эрэлд хамт явсан Хан Хэнтийн дархан газрын хамгаалагч хоёр нөхөр нь хүртэл морио өвгөнд хөтлүүлж орхиод өөрсдөө дарга нарын хөнгөн ганган унаанд дайгдаад арилжээ. Зугаалгын энэ багийнхны байдал төрхөөс харахад монгол хүний мөс жудаг, ичих нүүр, ах захын ухаан гэж алга болжээ. “Одоо өнгөрсөн” гээд гэрлүүгээ явцгаасан Сэлэнгийн онцгойнхон, газарч өвгөнийг ганцааранг нь хээр орхиод алга болсон сайд дарга нарын багийнхны хооронд нэр хаягийн ялгаа байвч биеийн амрыг харсан дотор санаа нь төстэй юм биш үү?! Уулын мухарт хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж хөр жаварт хайруулан хоёр хонож унасан морь малаа эцээж гар, нүүрээ хайруулан барин эргэж ирсэн сураг байна. Харин өөрөө араатан амьтны идэш хоол болчихоогүй хүрээд ирсэн нь яамай болж. Монгол төрдөө үнэнч зүтгэсэн өвгөнийг эзэн Чингис богдын жинхэнэ амин шүтээн болсон Бурхан Халдун уул харсан юмсан уу хэн мэдлээ. Түүнээс биш Сэлэнгийн ээж хүү хоёр шиг болоход ойрхон байсан бололтой.

ГАЗАР АЛДААД АСГАЧИХСАН СҮҮГ АХИАД УУЖ БОЛДОГГҮЙ

Зугаалгын чанар бүхий Бурхан Халдуны ажил явдалд төр засгийн албаны унаа тэрэг хэрэглэж явсан зүй нь нэгэнт тодорхой болсон. Тэгэхээр хөхөө өвлийн хүйтэн хөр цасны хайрууд албан тушаалдаа эрдэн эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан тул тэр тухайд нь хууль ёсны хариуцлага тусгайлан ярих учиртай асуудал байсан биз. Төрийн хүний ёс жудгийг ухамсартай сайн сахьдаг гадаадын нэг орны ерөнхий сайд өөрийн хүүхдийг албаныхаа машинаар сургуульд нь нэг удаа хүргэж өгснийхөө төлөө огцорсон байсан. Тэгвэл тэр сайд албаны машиныхаа зардлыг нөхөн төлчихөөд албандаа үлдэж болдог байсансан бол түүнд тоолдог мөнгө нь ч албандаа үлдэх хүсэл сонирхол нь ч байсан байж таарна. Харин албан ажлын ёс жудаг гэж алдаад асгачихсан сүүгээ ахин ууж болдоггүй шиг нэгэнт алдсан л бол буцааж болдоггүй бас тэгээд төгрөг мөнгө төлсөн ч нөхөгдөнө гэж байдаггүй хариуцлагын хохирол гэж байдаг учраас л тэр сайд огцорсон биз. Манайхан бол төрийн унааных нь хөлс мөнгийг нөхөөд төлчихөөр л шороо руу асгачихсан сүүгээ буцаагаад уучихаж болох мэт наагуур бодоцгоодог байна. Эндээс харахад төрийн ажилтны ёс зүйг төгрөг мөнгөөр орлуулах гэж оролдох нь нүгэлийн нүдийг гурилаар хуурахтай адил завхрал болж байна.

ДҮР ЭСГЭСЭН АРДЧИЛАЛТАЙ БАЙСНААС БАЙГААГҮЙ НЬ ДЭЭР

Ардчиллын онолч эцэг гэгддэг Жан Жак Руссогийн үгийг эрхбиш нэг санаваас дээрх мэт зөрчил гажуудлын учир шалтгаан ойлгомжтой болно. “Бурхадын орон гэж байдаг бол ардчилсан төртэй байхсан. Тэр тийм төгс боловсронгуй учраас хүмүүст таарахгүй байна” гэжээ. Манайд бурхад шиг бусдын төлөө өөрөө зовлон үүрдэг засаг төрийн шулуун шударга ажилтан бараг алга гэдгийг Сэлэнгэ, Хэнтий хоёр аймгийн дэвсгэр нутагт хоорондоо хэдхэн сарын зайтай болсон хэрэг явдлын бодит баримт нэгэнт харуулжээ. Тэгэхээр бурханлаг сэтгэлтний төр болсон жинхэнэ ардчилал Монголд хэтийдэж манай засаг төрийнхний ажил явдал жижигдээд байна. Бурхадын засаглалыг бузартуулах эрх монголчуудад байхгүй. Жан Жак Руссогийн онцлон дурдсаныг эргэцүүлбээс Ц.Элбэгдоржийн цомнолоор, Н.Алтанхуяг найруулан тавьж байгаа манай ардчилал бол жинхэнэ биш дуураймал нь юм байна. Үүнийг дүр эсгэсэн гэж ч болох л байх. Дуураймал учраас олон хэрэг явдлын хөл толгой нь солигдож иргэн түмэн яах учраа олохгүй эргүүтэн манарч байна. Жишээлбэл, манай Ерөнхий сайд Н.Алтанхуяг төрийн тэргүүнийхээ толгойд сандайлаад суучихжээ. Төрийнхөө тэргүүний толгой дээр шүү дээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд “Хүргэн Дэнзэнгээ ажлаас нь өөрчил” гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэмээх хүний өгсөн үүрэг чиглэлийг бүр эсрэгээр нь болгоод Дэнзэнгээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын нэгдүгээр орлогч даргаар дэвшүүлснийг төрийн тэргүүн өөрөө сэтгүүлчдийн өмнө улалзан байж өчлөө. Өнөөх эрх ашгийн зөрчил хэмээн эрүү хамхидаггүй нөхөд гэнэтхэн эрүү амгүй болсон мэт чив чимээгүй дүнсийж орхилоо. Ноднинхон шинэ Засгийн газрын сайд нарыг УИХ-ын гишүүнээс бүрдүүлж болохгүй шүү хэмээн үүрэгдэхэд 19 сайдынхаа 17-г УИХ-ын гишүүдээр бүрдүүлсэн учраас Засгийн газар маань УИХ-ын хяналтаас алдуураад арилсан. Ерөнхий сайд ардчилсан тогтолцооны хамгийн хориотой цэгт ийнхүү эсрэг цохилт хийхэд хөөрхий Ерөнхийлөгч гөлөгнөөд л өнгөрсний учрыг гайхал тоймчид хүртэл олж чадаагүй эргэлзсэн хэвээр л байна. Адаг сүүлд нь бүр Н.Алтанхуяг гэдэг энэ хүн нөхөр Ц.Элбэгдоржийн их эмзэг баримтыг мэддэг учраас түүгээр нь дарамтлан дур зоргоороо авирлаж байна гэж хүүрнэлдэхийг би сонслоо. Үнэн байж магадгүй. Одоо тэгээд ноомой нөхрийнхөө толгой дээр гарчихсан хэрүүлч эхнэрийн дүрээр түүнийг бид харж байна. Цаашид тийнхүү төрийн тэргүүний тархин дээр эрх дураараа тарвалзсан хэвээр байхын тулд Ц.Элбэгдоржийг дахин сонгуулах санаатай мянгуужингийн үлгэр яриад улс төрийн панз үсэргэж явна. Нэр барьсан ийм замбараагүй байдлыг өөрчлөх үү, байх уу гэдгийг сонгогч олон түмэн бид шийдэх ёстой болоод байна. Монголын төр засаг нэг иймэрхүү донж маягтай байх нь илүү сайхан санагддаг сонгогч зөндөө олон байгааг бид мэддэг ч тэдний хувийн таалал учраас хүндэтгэлтэй хандахыг хичээж буй. Хэрвээ энэхүү ганцаар захиран тушаах зарчимгүй арга барилыг өөрчлөх нь зүйтэй гэж бодож байгаа нөхөд байвал өдгөө сонгуулийн саналын хуудсаар тэмцэх цор ганц боломж л үлджээ. Саналын хуудас бол ганцхан жаахан боломж хэмээн чамлаж болохгүй, маш хүчирхэг хэрэгсэл мөн биз. Түүнийг худалч, хулгайч, шулаач мэхлээчид хийгээд ялгаварлан гадуурхагчдын урт хумс, хорт хэл, зальт аргыг тайрч мухарлах зэвсэг болгон ашиглах боломж нээлттэй байна. Чин үнэн үгийг тоож сонсох чихтэй, олж унших нүдтэй хүн байхгүй болсон хэмээх нь магадтай үнэн боловч энэ хэдэн үгийг одоо л бичихгүй бол хэзээ эрээчих билээ. Эцэст нь “Авраарай, хүү бид хоёр энд байна. Авраарай” гэсэн шоовдорлогдсон бүсгүйн эцсийн өчлийг энд хонх болгон үлдээе.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.18.189) 2013 оны 06 сарын 13

MAH ch gsn turd bgaa bj eh huu 2n araas ywaagui bj icheech.ta natr eh huu 2g awrah hurungu mungu hangaltai bj huruugaa ch hudulguhgui bsan bizdee.

0  |  0
сандаг(49.0.200.253) 2013 оны 06 сарын 12

ер нь нам гэлтгүй дээ бүх л хүмүүсийн чанар муудаад байгаа шүү дээ хүн гээч ямар амархан хувирдаг юм бэ?? 20 гаруйхан жилийн дотор монгол хүний хүнлэг ариун зан чанар зан заншил уламжлал салхинд хийссэн юмшиг л алга боллоо гэхдээ нэг сонин юм бас харагдаад байнаа социализмийн үед дарга нарт долдойлж эргэн тойроныхоо хүмүүсийг байнаг матаж явдаг байсан хүмүүс одоо ч хөгширсөн гэлтгүй нүгүү л******матаасаа чирсээр явж байх юм*******************худ

0  |  0
zochin(203.91.118.254) 2013 оны 06 сарын 12

ugasa songoh hun negch alga ardchilal erh choloo yarij heden jil yavsan eronhiilogch yu hiij bgaa yum be end tendgui asuudal huuliin zavhral yadarsan olnii hohirol haa saigui medeellin heregsleer tsatsagdaj bn yadarsan irged bid hohirch bayan tsatgalan amidardag hogiin mongol bolson bn ELBEGDORJIIG SONGOOD YADGIN ERUUL MENDIN YAAMAA UDIRDAJ CHADKUI HUN ULS UDIRDAJ BUR CHADKUI YAVJ YAVJ BATERDENE AVARGAL ULDEJ BN TER 2G SONGOSNOOS ARAI DER BLGUIDE MEDEH UM UNENDE ALGA BOHIIN DEVJEENEES OOR YUM MEDKUI HUNER YAJ ULS ORON UDIRDUULNAAYALZARCHEE ENE MONGOL

0  |  0
амраа(182.160.15.197) 2013 оны 06 сарын 12

Ганцхан МАН ч биш АН ч гэсэн баахан л шоу хийж байгаа шдээ. Энэ ер нь аль ч намандаа биш бүгд адилхан хүний үнэргүй болж Монгол улс маань улам л дордоод байна шдээ

0  |  0
НЭРГҮЙ(124.158.77.28) 2013 оны 06 сарын 12

МАН-ХАН ХҮНИЙ АМЬДРАЛ АХИУГААР ШОУ ХИЙХЭЭ БОЛИОЧ ЭХ ХҮҮХЭД 2 УРСААД АЛГА БОЛСОН НЬ ҮНЭН ГЭХДЭЭ ТЭДНИЙГ ХАЙСАН УРСААД АЛГА БОЛСОН ХҮНИЙГ ХАЙХ АМАРГҮЙ ШҮҮ ДЭЭ

0  |  0
иргэн(202.179.10.74) 2013 оны 06 сарын 12

үхсэн хүнээр сонгуулинй шоу хийхээ боль МАН-ийнхан угаасаал сөнж байгаа байж

0  |  0
ха ха (202.179.10.74) 2013 оны 06 сарын 12

тийм юм гэж юу байсан юм бэ АН- жоохон жудагтай бай л да ха ха инээд хүүрчихлээ

0  |  0
Top