Энэ хүнийг Харвард төгссөн гэж гаднынхан мэхийж уулздаг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өнөөдөр үдээс хойш Төв аймгийн иргэд, сонгогчидтой уулзалт хийлээ. Зуунмод сумын “Монгол Туургатан” театрт болсон уулзалтад танхим дүүрэн иргэд цугларсан байв. Мөн гадаа чанга яригч зоож танхимд багтаагүй олон хүн театрын гаднаас уулзалтын мэдээллийг сонсч байсан юм.
Нэр дэвшигч Ц.Элбэгдоржтой хамт УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын дэд дарга асан До.Ганболд, Төв аймгийн Ардчилсан намын дарга, Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, Үндэсний бөхийн Даян аварга А.Сүхбат нарын хүмүүс ажиллалаа.
УИХ-ын дэд дарга асан До.Ганболд уулзалтын эхэнд хэлэхдээ “Ц.Элбэгдорж бид хоёр Эрдэнэтийн үйлдвэрийн Засвар, механикийн цехээр овоглож явдаг. Улс төрд ч хамт явж өдийг хүрлээ. Монголын улс төрийн тавцан дээрх дархан аварга Ц.Элбэгдоржийг Төв аймгийн иргэд нэг номероор гаргана гэдэгт итгэж байна” гэлээ.
“Түүнд хийснээсээ илүү ихийг хийх ажил их байна. Төрийн тэргүүн бол бэлгэдэл биш. Олон улсын тавцанд Монгол Улсын нэрийг өргөж явдаг, ҮАБЗ-ийн гишүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Монголын ард түмний эв нэгдлийг хамгаалагч хүн. Монгол Төрийн тэргүүн Монгол Улсын нэрийн өмнөөс гадаад орнуудтай яриа, хэлэлцээ хийж улсаа төлөөлдөг. Бусад орнууд ч улс орныг Ерөнхийлөгчөөр нь төлөөлүүлж ойлгож хүлээж авдаг.
Монгол хүн бүр ирэдүйнхээ төлөө, улсынхаа төлөө, өөрийнөө төлөө Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжиж саналаа өгөөрэй” гэж тэрээр хэллээ. Даян аварга А.Сүхбат 1990-ээд онд нийслэлд Бөхийн өргөө барих гэж бөхчүүд хөрөнгө мөнгөө нийлүүлж зүтгээд бараагүй.
Тэгэхэд Монгол Улсын Ерөнхий сайд байсан Ц.Элбэгдорж улсынхаа төсвөөс илүүчлэн байж 800 сая төгрөг гаргаж Бөхийн өргөөг бариулж байсан үеийн түүхээс дурслаа. Мөн олимп, дэлхийн чанартай том тэмцээнүүдээс медаль хүртсэн тамирчдыг сар бүрийн цалинтай болгож Монголын хүүхэд, залуусыг их спортод тэмүүлэх сэтгэлтэй болгосонд нь талархал илэрхийлэв.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин иргэн бүрийг хууль шүүхийн өмнө тэгш байх боломжийг бүрдүүлж, шүүхийг нээлтттэй болгож, авлигатай эрчтэй тэмцэж байгаа Ерөнхихйлөгчөө дэмжихийг уриаллаа. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн Монголоо гадаадад таниулах болоод улс орондоо хийж бүтээсэн ажил, цаашид хийх ажлаас нь танилцуулж, “Итгэл, сэтгэл, зүтгэл гурвын нэгдлийг ид шид гэж хэлж болно.
Энэ хүнийг Харвард төгссөн гэж гаднынхан мэхийж уулздаг. Эрдмийн хүч ийм лут байдаг. Ц.Элбэгдорж улс орныхоо аюулгүй байдлыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн таван орноор зөвшөөрүүлж, тогтоол гаргуулж чадсан. Залуусаа хүсэл мөрөөдөлтэй болгож дэлхийн 100 шилдэг их сургуульд тэнцэн суралцвал төрөөс дэмжлэг үзүүлэх зарлиг гаргасан” гэдгийг онцоллоо.
Төв аймгийн залуус Ерөнхийлөгчөө дэмжиж 1000 захидал бичсэнийг уулзалтын үеэр нэр дэвшигч Ц.Элбэгдоржид гардуулан өгөв. Үг хэлсэн иргэд түүнийг дэмжиж саналаа өгөхөө илэрхийлж байсан юм.
Ард түмний хөрөнгийг албан тушаалтай, цагаан захтай “хиргүй” эрхмүүдэд булаалгахгүй
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Төв аймгийн иргэдэд хандаж үг хэлэхдээ Монголд бүтээн байгуулалт шуудран эхлэх гараан дээр ирснийг дурдаад гуравхан хоногийн өмнө занараас шатахуун боловсруулан гаргах техник, технологийг гаднаас оруулж ирэхэд НӨАТ, худалдааны татвараас чөлөөлж байх шийдвэрийг УИХ гаргасныг дуулгав.
Ингэснээр занараас дотооддоо шатахуун гаргаж гаднаас бензин тос харахааргүй болох гэж байгаа юм. Нүүрс, занараас түлш, шатахуун, байгалийн хий гаргаж болно гэдгийг сонгогчдод хэллээ.
Авлигатай цаашид тууштай тэмцэж ард түмний мөнгийг “хиргүй” гараар хулгайлахыг тэвчихгүй гэдгээ илэрхийлэв. Өөрөөр хэлбэл ард түмний хөрөнгийг албан тушаалтай, цагаан захтай “хиргүй” эрхмүүдэд булаалгахгүй гэдгээ илэрхийлсэн юм.
Тэрээр орон нутагт шууд ардчилал хөгжүүлж төсвийн хөрөнгийг зарцуулах эрх мэдлийг иргэдэд олгосныг, орон сууцны зээлд ажил хийж, цалин авч байгаа хүн бүр хамрагдах боломж нээгдсэнийг, ахмадууд, залуу гэр бүлүүд төрийн мэдлийн орон сууцанд аж төрөх боломж бүрдэж буй, ойрын үед 80 бага сургууль нэмж байгуулах, хүүхдээ харж буй ээжүүдээс бололцоотой нь хөршүүдийнхээ хүүхдийг давхар харж цалинжих, үүгээрээ бас цэцэрлэгийн асуудлыг шийдэх, залуу ээж нарт хүүхдийг нь хоёр ой хүртэл тэтгэмж олгох, гурав дахь, дөрөв дэх хүүхдээ төрүүлбэл энэ тэтгэмжийг 40 хувь нэмж олгох зэрэг олон асуудлыг хөндөн ярьсан юм.
Төв аймгийн иргэд Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжиж саналаа өгөхөө илэрхийлснээр уулзалт өндөрлөв.
Д.ОЮУН
Сэтгэгдэл ( 5 )
Одоо явах цаг боллоо энэ нь иргэд эрч хүчтэй эх оронч хүнээр өрх гэрээ толгойлуулж үр хүүхдүүдээ бөөцийлүүлэх цаг ирлээ Эрчүүд үлгэр ярьсаар 23 жил болов Эмэгтэйчүүд амьдрал ярисаар 23 жил болов
Harward gene uu arai l bish baih aa
her ih mongo tsatsasnaaraa bish shuu yoronhiilogchoo sain tsatslaa geed yah ch yum bilee dee
ene toriin dain duusahgui ee yashig zugeer songuuli bolohoor l Elbegdorj guai am neeh yumaa
Ardchlal garsan ni delhiitei hol niilj bga bolowch.........zow garj ieregui yum bolow uu