Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирлээ. Эрдэнэ баавайн “Наран тогоруу” өгүүллэгт “Миний хүн болсоор өнгөрөөсөн арван тавхан жилийн дотор гайхмаар их үйл явдал болжээ” хэмээдэг шиг Монгол улс ардчилсан тогтолцоонд шилжсэн энэ хорь гаруйхан жилийн дотор “ёстой л нэг гайхмаар олон” үйл явдал болсон байх юм даа.Дунд сургуулиа төгсөж, Их сургуулийн босгоор алхаж байсан үетэй минь давхцсан болохоор ардчилсан хувьсгал миний амьдралтай нягт холбогдож, алдаж оносон, баярлаж хөөрсөн, бухимдан гомдсон, дэвшин дэгжсэн олон мөч нь эгээ л амьдралд минь бас давтагдсаар, ардчилалтай хамт би хүн болж төлөвшжээ.
Ардчилсан хувьсгал гарахаас өмнө, наяад оны дундуур, дунд сургуулийн сурагч байх үеэс минь нийслэлийн 6-р сургуулийн багш нар ялангуяа манай ангийнхны тархинд ардчилал, шинэчлэлийн үрийг гүнзгий суулгаж дээ гэж бодогддог юм. Хамгийн хүчтэй нөлөөлсөн багш бол Зоригоо гэж түүхийн багш. 88 онд байна уу даа, Оросын нэг сэтгүүл дээр анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын сайд байхдаа өгсөн ярилцлагыг бидэнд үзүүлээд ярьж байсан нь санаанаас гардаггүй юм. Тосонцэнгэлийн үйлдвэрийг шүүмжилж, ЗХУ маш хуучин технологи өгсөн гэж буруутгасан утгатай байсан санагдана. ЗХУ-ыг ингэж шүүмжилж болдог юм байжээ гэж гайхаж байж билээ. Нэг удаа сургуулийн эвлэлийн үүрээс манай ангид хүчээр Төв цэнгэлдэхэд болох хэдэн зуун ч билээ бүжгийн хос энэ тэртэй тоглолт үзүүлэх юм болов. Сэлнэн гэж багш тасалбараа барьсаар яг өнөө Зоригоо багшийн хичээл дээр орж ирж таардаг юм байна. Манай ангийнхан авахгүй гэв. Сэлнэн багш ч шалгарсан аргаа хэрэглэн, “Яалаа гэнэ ээ? Хэн Эвлэлийн үүрийн ажлыг эсэргүүцэж байна, бос!” гэтэл бид бүгд нэг зэрэг дирхийтэл босч байж билээ.
Ангийн багш Гомбосүрэн бол Ринчен гуайн тэр бүр ярьж болдоггүй байсан онигоог бүгдийг бидэнд ярина. Ихэнх нь нийгмээ шүүмжилсэн аястай. Бас Ж. Барамсайн чанартай өгүүллэгүүдээс, зарим хоригдсон байсан бүтээлээс нь хүртэл уншиж өгч, инээлгэнгээ ухааруулна. Химийн Гаваа багш харин Чингис хаан руу хадуурах их дуртай. Н3О хэмээх хүнд ус бил үү дээ, нэг сэдэв зааж байснаа “Тэр Тулуйд ус уулгаад үхүүлдэг нөхөд Н3О өгчихсөн юм шиг байгаа юм, учир нь Н2О-тойгоо бол өнгө амт ялгагдах юмгүй, гэхдээ шууд үхүүлнэ” гэж ирээд л тайлбарлах. Гэртээ ирээд арван жилийн сурагч хүү би Чингис хааныг магтах, ах эгч нар намайг Чингис хааныг магтдаг, шовинист гэж шоолдог байж билээ.
Дурсан бодоход хөгтэй ч гэмээр, сургамжтай ч гэмээр олон сонин зүйл тохиолдож байж дээ. 1990 оны 3 сарын нэг цуглаанд өдгөө Швейцарь улсад амьдарч буй ангийн анд Ш. Эрдэнэбаттайгаа хамт оролцохоор Соёлын бараа хэмээх дэлгүүрийн өмнө болзов. Эрдэнэбат аавтайгаа хамт жагсахаар болсон юм. Аав нь Төмөр замын эмнэлгийн алдартай эмч, хожим Сувилагчийн сургуульд багш болсон, бөх сонирхогчид бол нэрт засуул гэдгээр нь андахгүй, Шагцрай гуай л даа. Тэгсэн Ээгий маань цагаасаа нэлээд хоцорч ирдэг юм байна. Ганцаараа байх юм. “Яав, юу болов?” гэсэн, нөгөө талыг дэмждэг ээж нь нөхөр хүү хоёроо цуглаанд явах гэж байгааг мэдээд аавынх нь гутлыг нуучхаж. Шагцрай гуай хүүдээ “Миний хүү л сайн сонсоод ир” гэж явуулснаар бид хоёр Сүхбаатарын талбайг зорьж байж билээ.
Харин оюутны амьдралд хөл тавингуутаа монгол хэл шинжлэл, монгол бичиг, утга, соёлын судалгаанд анхаарлаа хандуулъя хэмээн хатуу шийдсэн, тийм ч учраас аль ч нам эвсэлд элсэлгүй, мэргэжлээ хөөсөөр, нийтлэл өгүүллээ аль болохоор улс төрөөс ангид, утга соёлын хүрээнд нь байлгаж, залуус оюутанд мэдлэг олгохыг хичээсээр өнөөг хүрлээ.
Гэвч чухам яг одоо улс төржих, үзэл бодлоо илэрхийлэх, улсынхаа хувь заяанд саналаа, үгээ ч болох нь ээ нэмэрлэх эгзэгтэй цаг иржээ.
Хэдхэн жилийн өмнө Улаанбаатарт найзуудтайгаа хууч хөөрөн сууж байхдаа улс төр, авлигын тухай нухацтайхан ярилцаж билээ. Авлига хаа сайгүй байгааг бүгд мэдэж байсан, гэхдээ хамгийн гол нь, хамгийн аймшигтай нь тэд бүгд АТГ хэчнээн тэмцээд тэмцээд аймгийн засаг даргаас дээш тушаалтан, 300 сая төгрөгөөс дээш авлигын хэрэг илрүүлж чадахгүй хэмээн үнэн голоосоо нотлон өгүүлж байсан сан. Нэгэнт л байдал ийм хойно доодчуул нь цөхрөнгөө барсан, дээдчүүл нь ичих айхаа ч умартсан байдалтай байв. Авилга гээч жирийн үзэгдэл, өгч авдаггүй хүн тэнэг харагдахаар байдалтай болж ирж байсан үе юм аа даа?
Гэтэл Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед том авилгачдыг барьж болдог, их мөнгөний хэргийг илрүүлж болдог нь батлагдлаа. Бас л хэмжээ хязгааргүй цөлдөг байжээ. Төгрөгийг бол тэрбумаар, долларыг бол сая саяар нь идэж уудаг байж гээч. Ноднин би нутагтаа очиж, өнөөх найзуудтайгаа ахин уулзсан, ямар ч аргагүй гэж цөхрөнгөө барж байсан улс өөрчлөгджээ. “Цаадуул чинь айдаг эмээдэг болсон шүү...” гэж байна. Яамай даа.
Хуульзүйн сайд Х. Тэмүжин Вашингтон хотноо айлчлахдаа монгол иргэдтэйгээ уулзсан юм. Шүүх салбарын шинэчлэлийн талаар нарийн дэлгэрэнгүй өгүүлснээс нь, мөн сүүлийн үед хуульзүйн хүрээнд гарч буй өөрчлөлт, дуулиант үйл явдлуудын мэдээллээс ганц л юмыг ихэд сайн ойлгож болохоор байна. Ерөнхийлөгч Элбэгдорж, сайд Тэмүжин нар үнэхээр энэ хорин жилийн дотор хэний ч зориглоогүй тэр шинэтгэлийг хамтдаа хийж чадах юм байна гэж.
Сүүлийн үед, авилгачдыг бөөн бөөнөөр нь бариад эхлэхээр “манай талын авилгачийг бариад байхдаа яадаг юм” гэх хандлага гарах болж. Талцаж маргалдах ч аль ч улсад байдаг, улс төрийн энгийн л хэм хэмжээ. Гэхдээ талцахдаа авилгачаа хамгаалан талцах бол хамгийн хэрэггүй, бас хортой маргаан шүү андууд аа. Аль ч нам эвслийг дэмждэг бай, хамгийн тэргүүний хэсэг нь мэдээж “манай авилгач” хэмээн хамгаалахгүй нь лавтай. Гэснээс бодоод байсан, би ер нь ардчилалд элэгтэй атлаа Ах намын найз их олонтой хүн юм аа. Хамгийн дотно найзуудаас маань гэхэд л МУБИС-ийн Сэтгүүлзүйн тэнхмийн эрхлэгч Ж. Батбаатар, МонЦаМэ агентлагийн Б. Наминчимэд, нутаг буцахаараа арван жилийнхнээсээ хамгийн түрүүнд уулздаг С.Гантуул, Б.Баярмаа гээд л нөгөө талын найз их олон юм гээч. Гэхдээ бид бараг л өвөр түрийдээ ортлоо үерхэхдээ улс төр, нам, үзэл баримтлалаасаа болж муудалцаж үзээгүй юм шүү. Өөрөөр хэлбэл миний энэ найзууд бол лав “манай талын авилгачийг барьчихлаа” гэж уурлахааргүй, ухаалаг залуус.
Ерөнхийлөгчийн тухай яриандаа эргэн орвол, түүний Монгол бичгийг дэмжсэн алсын хараат бодлого, Монгол хэл соёл, монгол судлалыг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмэр гээд өөрийн мэргэжилтэй холбоотой нарийн ширийнийг үл өгүүлээд,
Архи тамхины эсрэг тэмцэж буй, оюутан залуусыг дэмжиж байгаа, гадаад дахь монголчуудын төлөө ажиллаж байгаа гэх мэт олон зүйлийг нь товчлоод ганцхан асуудал дээр л анхаарлаа ахин хандуулан өгүүлэхэд:
Залуу хүн эх орондоо авилгаас, авилгачдаас ангид, тэдэнд уруу татагдахгүй, айх аюулгүй, дарамтгүй, зөвхөн ажил мэргэжилдээ цагаа зарцуулан амар жимэр сайхан ажиллах тийм хуульзүйн орчин л манайд хамгийн түрүүнд хэрэгтэй байна. Хэдхэн жилийн өмнө огт бүтэшгүй гэж бодогдохоор байсан тийм орчныг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж л Монгол улсад бүрдүүлж эхэлсэн билээ.
Тийм ч учраас та бүхнийг энэ удаагийн сонгуульд Ерөнхийлөгчөө дэмжихийг уриалж байна. Улс төржихгүй бичдэгт тань талархдаг шүү хэмээн урмын үгээ хайрладаг уншигч нараасаа хүлцэл өчье. Өнөөдөр л та бид зөв сонголт хийхгүй бол улсын маань ирээдүй авилгын мананд сүйрчих вий гэсэндээ аргагүй үгээ хэллээ.
За тэгээд би ямар олныг дагуулах спортын тамирчин, нэрд гарсан жүжигчин, дуучин ч биш. Гэхдээ яах вэ, цөөн хэдэн уншигчтай нийтлэлч, хэдэн шавь хүмүүжүүлсэн багшийн хувьд уриалга, зүрхнийхээ үгийг энд хэллээ.
Төр надгүй болох биз хэмээн хөндөнгөөс ажиглаж сууснаас Төрийн төлөөх оготно болж, боож үхдэггүй юм аа гэхэд бодлоо хэлэх нь дээр юм даа хэмээн мунхагланам.
Сэтгэгдэл ( 6 )
Бутарсан самарсан төрөө эмэгтэйчүүд аварч байсан түүхтэй мафижсан төрийг магад цэгцэлж чадах хүн бол эмэгтэй хүн тэр дундаа хатуужил тэвчээртэй Удвал чадна гэдэгт итгэлтэй байгаа шүү
Амьдрал баргар байна ажил олдохгүй ядарч байна хэрвээ МАНАН олигтой байсан бол бид ядрахгүй байсан одоо МАХН-д өгөх нь зүйтэй бас дээр нь эмэгтэй хүн дэвшиж байгаад талархаж байгаа шүү
Элбэгдорж ардчилалыг би авчирсан гэж хэлэхийг сонсож байгаагүйн байна. Гэхдээ энэ бол үнэн . тэр хэсэг нөхдийнхөө хамт дүн өвлийн хүйтэнд жагсаж хонхны дуугаар биднийг сэрээсэн. Үүнийг үгүйсгэж байгаа бол түүхийг үгүйсгэж байна гэсэн үг. Бид үүнийг мартаж болохгүй гэж бодож байна.
Niigemiin ene oro busga tsagt chin hun bur l ooriigoo gj l bodno shuu dee harin eh hun arai ondoo bolow uu gj bodoh yum arai oor ontsogoos haraad hen negniig songowol yamar gj urialahaar bn
хэн тэр ардчлалыг чинь баталгаажуулж авилгийг цэгцлэх юм Элбэгдорж уу?? яаж ардчлал баталгаажуулах юм олуулаа болоод бусад намынханаа цусан далайд живүүлж өс хонзон авч хэлмэгдүүлж үү??? ерөнхийлөгч хүн өөрийн нэр дэвшүүлсэн намдаа үйлчилж өөрийгөө ардчлалыг би л эхлүүлсэн гэж түмний мэдэх юмыг өөрийгөө хийсэн гэж магтаж би-гийн өвчинөөр өвчлөхийг үү?? Эсвэл ард түмнээ эх орноо гадаад дотоодод гутаан доромжилж залуусаа юу ч мэдэхгүй малнууд гэж басмжилан худлаа ярихийг ардчлалыг баталгаажуулж авилгыг цэгцэлж байна гэх үү????