“Хэцүү анги” киноны Сүнжид багшийн дүрээр олонд танигдсан СТА, жүжигчин М.Саранцэцэгтэй хэдэн хором ярилцлаа.
-Сүнжид багш сайхан зусаж байна уу? Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажилд таныг оролцож байна гэж сонслоо. Та хэнийг “сойж”, дэмжиж байна вэ?
-Монгол улс хөгжлийн шинэ гараанд ирээд байна. Алсыг зорин давхиж яваа автомашинтай эх орноо, энэ улсаа зүйрлэж нэг бодъё. Нийслэл, УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гэсэн дөрвөн дугуйтай машин хөгжил гэдэг газар руу хурдалж явна гэж бодъё. Нэг дугуй нь сондгой бол хол явах уу? Өөр машины, ондоо хэмжээтэй дугуйн дээр догонцсон тэрэг хол явах нь битгий хэл аваар осол ч болж мэднэ шүү дээ. Бид улс орон гэдэг машиныхаа хөтлөх дугуйнд нь хөндлөн, том саад тавимааргүй байгаа учраас Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхийлөгчөө дэмжиж байгаа юм.
-Авлига, хээл хахуулийн хэргүүд илрээд, дарга нарт хуулиас дээр хэн ч байхгүй шүү гэдгийг ойлгуулж байна. Иргэд ч энэ талаар мэдээлэл сайтай байгаа, таны хувьд авлигалын гинжийг хэнээр таслуулах вэ ?
-Өнгөрсөн сонгуулиас хойш өмнөх дарга нартай холбоотой сонин сонин юм ил болж эхэллээ. Хогон дээр хаясан сейфнээс таван зуун сая төгрөг олдож гэнэ. Хонио хариулаад явж байхад нь нэрийн дансанд нь нэг байтугай тэрбум төгрөг ороод нуугдчихдаг гэнэ. Хоёр ээжтэй, нэг эцэгтэй, хорин хэдтэй хүүхдүүд хорь гучин жийптэй, хоёр гурван хаустай гэнэ. Энэ элдэв сонин мэдээний эзэд нь Эрүүл мэндийн сайд, Татварын дарга, МИАТ-ын захирлууд байсан байна. Арабын султаанууд шиг амьдарч байсан Ардын намын дарга нар нууц амраг, нуувар хүүхэд, холын хамаатан, ойрын хамсаатнуудынхаа нэр дээр ард түмний мөнгийг гувчуулан завшиж байжээ. Одоо тэд хэний ард нуугдаж, яаж баашилж, бачимдаж байгааг харж байгаа учраас бид “Авилгалын гинжийг ахиад цааш нь таслагтун” гэж байна. Тийм ээ, авилгалын гинжийг таслагтун. Хэнээр гэж асуулаа, би Элбэгдоржоор гэж хариулна.
-Сүнжид багш Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөртэй танилцсан уу, ямар санал санаачлагууд дэвшүүлж, түүнээс онцолж дурьдвал ?
-Хүмүүс намайг “Хэцүү анги” киноны Сүнжид багшийн дүрээр маань заримдаа дууддаг. Би энэ дүрдээ хайртай. Тийм болохоор хүүхэд, боловсролын сэдэв надад ойр байдаг. УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачилгыг Ерөнхийлөгч дэмжиж, сонгуулийн мөрийн хөтөлбөртөө маш чухал зүйл дэвшүүлснийг манай эрчүүд мэдэхгүй явна лээ шүү. Бичил цэцэрлэг, ээжүүдийн тэтгэмж гээд үр хойчоо бодсон үнэхээр чухал ажлыг Ц.Элбэгдорж гэдэг аав мөрийн хөтөлбөртөө оруулсан байна. Өөрөө олон нялх нойтон хүүхдийн эцэг, өнөр өтгөн өрх гэрийн тэргүүн болохоор харсан байна, анзаарсан байна. Өөр бусад чухал санал санаачилга хөтөлбөрт нь олон байгаа. Гэхдээ үр хүүхдүүдийн маань өсч бойжих цэцэрлэг, памперс каашны мөнгөнд санаа зовох зүйлгүй болгох энэ ганц санаачилга нь л Ерөнхийлөгчөө дэмжих хангалттай том шалтгаан мөн юм шүү.
- Ярилцсанд баярлалаа, Та манай уншигчдад хандаж юу хэлэх вэ ?
-Эцэст нь нэг зүйлийг хэлье. Энэтхэг, Хятад, Орос, Америкийн дэргэд бид жижигхэн харагдаж болно. Тийм ээ, тэдний хажууд Монгол жижигхэн харагдаж болно. Гэхдээ миний Монгол жижиг улс биш ээ. Үзсэн туулсан, өнгөрүүлсэн замнасан, өнө хойчийн зорилго маань том, илүү том юм шүү. Том биегүй ч том зорилготой хүнээр удирдуулсан Монгол орон маань мөнх оршиг.
Сэтгэгдэл ( 3 )
Овоо бэлэн цэцэн авсан байн ш дээ. Жүжигчдийг хоосон толгойт нар гэхэд бас зарим нь гайгуу ч юм шиг кккккккк
sanal negtei baina elbegeegee demjij baina
ene avgai chin jinhene uls toroor ovchilson gar uu