Нийслэл дүүргүүдээс биш хотуудаас бүрдэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 13

Ардчилсан Ерөнхийлөгчөө сүү өргөн дэмжээрэй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өчигдөр үдээс хойш нийслэлийн Багануур, Налайх дүүргийн иргэд, сонгогчидтой уулзалт хийв. Нийслэлээс алслагдсан тус хоёр дүүргийн иргэд Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.
Нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг Багануур дүүрэгт ирэхэд Багануур цэргийн хүрээний хүндэт харуул жагсч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ. Багануурын Соёлын төвийн суудал иргэдээр дүүрсэн тул өөр хоёр ч танхимд дэлгэц байрлуулж, мөн гадаа суугаад нэр дэвшигчийн үгийг сонсч болохуйцаар дэлгэц зассан байв. Нэр дэвшигчийн үгийг Соёлын төвд бус өөр газруудад дэлгэцээр харж байсан иргэд ч нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн үгийг алга ташин хүлээж авч байсан юм.
УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга нар нэр дэвшигчийн хамт уулзалтад оролцлоо.
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Өнгөрсөн 2012 оны орон нутгийн сонгуулиар нийслэлд Ардчилсан нам олонх болсон. Энэ онд Багануур дүүргийн төсөвт хоёр тэрбум төгрөг хуваарилсныг дүүргийн иргэд өөрсдийн санаачлагаар орон нутагтаа хамгийн хэрэгцээтэй зүйлд хөрөнгө оруулалт болгон зарцуулах эрх нээгдээд байна. Багануурт хийх гол ажил бол гэр хорооллын дахин төлөвлөлт юм. Дахин төлөвлөлт хийсэн газарт цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны шугам тавина. Удахгүй энэ бүхэн ажил хэрэг болно. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн дөрвөн жилд “Архигүй Монгол” аяныг амжилттай өрнүүлж, авлигатай эрс зоримог тэмцэж, ашигт малтмалуудын лицензийг цэгцлэх, шүүхийн шинэтгэл хийх зэрэг олон дорвитой ажлыг хийлээ. Ирэх жилээс 40 мянган хүн амтай Багануурын төсвийг 4-5 тэрбум төгрөг хүртэл нэмэхээр төлөвлөж байгаа” гээд Ерөнхийлөгчөө дэмжихийг уриалав.
УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжих хэд хэдэн шалтгаан байгааг дурдсан юм. Өнгөрсөн дөрвөн жилд улс орноо дэлхийд нэртэй улсын дайтай авч явсан, АОХН-ийг хоёр жил амжилттай даргалж, нэг ёсондоо дэлхийн даргаар Монгол Улс хоёр жил ажилласан. АОХН-ийн Сайд нарын долдугаар бага хурлыг Монголд хийж дэлхийн 140 орны 1000 гаруй төлөөлөгчийн өмнө дэлхийг даргалсан ажлынхаа дүнг нүүр бардам тайлагнасныг нэгдүгээр шалтгаанаар нэрлэлээ.

Хоёрт, баялгаа зөвхөн гадагш урсгадаг, дотогшоо олзны үүд хаалтай байсан бол гадагш алдсан зүйлээ буцааж авдаг болсон, Т-Батаар үлэг гүрвэлийн олдворыг бүтэн жил хөөцөлдөж саяхан авчраад буй нь түүний жишээ гэв. Мөн Хэнтийгээс Багануур руу ирж явах замдаа Лениний музейн барилгыг шүүхээс төрийн өмч мөн хэмээн тогтоосон баярт мэдээг дуулсан. Тэр музей удахгүй Т-Батаарын “гэр” болох боломжтой гэдгийг хэлллээ. Сүхбаатарын талбай дээр түр музейд байрлуулаад буй М-Батаарыг дөрөв тавхан хоногт 79 мянган хүн үзжээ. Хамгийн олон үзэгчтэй Байгалийн түүхийн музейг жилд 78 мянган хүн үзэж сонирхдог. Тэгвэл Т-Батаар энэ амжлтыг хэдхэн хоногт давж гарсан нь цаашдаа үзэгч, аялагч, жуулчдын нүд хужирласан том үзмэр болох нь тодорхой болсныг сайд онцолж байв. АНУ, Монгол Улсын хооронд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байхгүй ч Монгол Улс улсын дайтай улс болохын хувьд, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн гадаад нэр хүндийн ачаар Т-Батаар эх орондоо ирлээ гэсэн юм.
Авлигын хэргүүд ар араасаа илэрч, шүүх шударга тогтолцоонд шилжиж буй зэрэг нь Ардчилсан Ерөнхийлөгчөө улираан сонгох том шалтгаанууд болохыг УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл тэмдэглэв.
УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж нэр дэвшигч Ц.Элбэгдорж өнгөрсөн дөрвөн жилд Төрийн тэргүүнээр ажиллахдаа Монгол Улсаа гадаадад нэр хүндтэйгээр төлөөлж ирсэн, ардчилсан Монгол орныг ямар ч оруулгагүйгээр гадна талд тунхаглаж ирснийг дурдаад “Түүний Харвард төгссөн гэсэн тодорхойлолтыг хараад л гадаадын ямар ч өндөр албаны эрхмүүд эрдмийнх нь өмнө толгой мэхийн хүндэтгэдэг” гэж байлаа. Тэрээр “Ардчилсан Ерөнхийлөгчөө сүүнийхээ дээжийг өргөн дэмжээрэй” хэмээн багануурчуудад уриаллаа.
Тус дүүргийн иргэд оюутнуудад 70 мянган төгрөгийн тэтгэлэг үзүүлдэг болж, улмаар дэлхийн шилдэг 100 их сургуульд элссэн оюутанд төрөөс дэмжлэг үзүүлэхээр болсон, олимп, дэлхийн аваргын тэмцээнүүдийн медальтнуудад насан туршийн цалин олгодолг болсон, ээжүүд, хүүхдүүд, ахмадуудад анхаарал халамж тавих олон зүйлийг мөрийн хөтөлбөртөө тусгасны төлөө түүнийг дэмжихээ илэрхийлцгээлээ.
 
Багануур бол дүүрэг биш, улсын хот байх газар
Нэр дэвшигч Ц.Элбэгдорж Багануурыг хот болгох хууль, эрх зүйн зохицуулалт байгааг хэлэхэд иргэд талархан хүлээж авсан юм. “Багануур бол дүүрэг биш, улсын хот байх газар. Хот бол иргэддээ илүү үйлчилдэг бүтэц. Тиймээс иргэд хот газар амьдрах илүү дуртай байдаг” гэсэн юм. “Монгол Улс мөнгөнд санаа зовохооргүй орон болсон. Үүнийг бүтээн байгуулалт, иргэдийнхээ төлөө зарцуулна. Багануурт цахилгаан станц байгуулах ёстой гэж боддог. Ер нь Монголын уурхайн ам бүр дээр цахилгаан станц баривал монголчууд түлш, галаа айлаас гуйхааргүй болж хямд цахилгаан хэрэглэнэ. Монгол орон тогтвортой хөгжихөд төрийн тогтвортой байдал хэрэгтэй” гээд түүнийг Ерөнхийлөгч байх хугацаанд нэг ч Засгийн газар огцролгүй төр тогтвортой байсан гэлээ.
“Монгол Улсад 1960-70-аад онд бүтээн байгуулалт хийхэд тохиромжтой сайхан үе тохиож байсан. Одоо мөн тийм таатай үе ирж байна. Энэ алтан боломжийг алдаж болохгүй” гэдгийг нэр дэвшигч онцоллоо. Багануурын иргэд ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжихээ илэрхийлцгээж байв.
Налайхад Барилгын материалын үйлдвэр үйлдвэр байгуулж, ложистикийн төв болгоно
Үүний дараа нэр дэвшигч Ц.Элбэгдорж Налайх дүүрэгт ажиллалаа. Налайх цэргийн хүрээний хүндэт харуул жагсч Уурхайчдын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлээд иргэдтэй уулзлаа. Иргэд уурхайчдын Соёлын төвд багтахгүй байсан учир гадаа талбайд уулзалтын үйл ажиллагааг дэлгэцээр харлаа. Налайх орох замд зөөлөн бороо шивэрч, уулзалтын үеэр нар гарч налайсан тул иргэд “Энэ зун гарсаар үзээгүй сайхан орой болж байна. Налайх налайхын бэлгэдэл боллоо” гэцгээж байв. НИТХ-ын дарга Д.Баттулга нийслэл хотынхоо гал голомтыг олон жил асаалцаж яваа налайхчууддаа талархал илэрхийлээд тус дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлт хийхээр болж байгааг хэллээ. Өнгөрсөн оны арваннэгдүгаар сард НИТХ шийдвэр гаргаж Налайх дүүргийг хот болгож, Барилгын материалын үйлдвэр үйлдвэр байгуулж, ложистикийн төв болгохоор шийдсэнийг хэллээ. Уг ажил энэ 2013 оноос эхэлж байгаа юм байна.
УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Налайх дүүрэг тун удахгүй хөгжсөн хот болох гэж байна. Налайхын иргэдийн 60 хувь нь дэд бүтэцгүй амьдарч байгааг удахгүй дэд бүтэцжүүлнэ. Ц.Элбэгдорж бол авлигатай тэмцсэнийхээ төлөө Ерөнхий сайдаас хоёр удаа огцорч үзсэн, УИХ-ын гишүүнээс сайн дураараа түдгэлзэж үзсэн зоригтой улстөрч. Улс төрд тэнцвэртэй байдал бус тогтвортой байдал чухал. Тимй тогтвортой байдлыг хэрэгжүүлж байгаа хүн нь ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж” гээд түүнийг дэмжихийг уриаллаа. УИХ-ын гишүүн Ж.Батзандан шударга үнэний төлөө явдаг налайхчууд шударга Ерөнхийлөгчөө дэмжинэ гэдэгт итгэж байна гэсэн юм.

Нэр дэвшигч Ц.Элбэгдорж “Намайг очсон газрын иргэд “Та ядарч байна уу” гэдэг. Иргэд, сонгогчид надад газар бүхэн эерэг эрчим хүч өгч байхад би юу гэж ядрах вэ. Уяа нь таарсан морь шиг л улам жавхалзаж байна” гээд Налайх дүүрэг нүүрсний том уурхай байсан газар. Монголчууд удахгүй нүүрснээс цахилгаан гаргадаг болно. Улс маань хөрөнгө мөнгөний гачаалгүй боллоо. Үүлэн чөлөөний нар шиг энэ үеийг ашиглаж улсаа тогтвортой хөгжүүлье. Налайх бол дүүрэг бус хот болох ёстой. Гадаад орнуудад улсын нийслэл нь дүүргүүдээс бус хотуудаас бүрддэг. Налайх хот, Сонгинохайрхан хот, Багануур хотоос Улаанбаатар бүрдэх ёстой” гэлээ. Тэрээр Налайхын иргэдэд мөрийн хөтөлбөрөөсөө танилцуулж, цугларсан иргэд Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжихээ илэрхийлэн баяр хүргэж байлаа.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top