Н.Алтанхуяг: Засгийн газрын хийсэн ажлуудын бодит үр дүн гарч, хэрэгжиж эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 13

“Ерөнхий сайдын 30 минут” тав дахь удаагийн нээлттэй ярилцлага боллоо. Шинэчлэлийн Засгийн газраас өнгөрч буй долоо хоногт хийсэн гол гол ажлын талаар уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэв. Шатахууны үнийг орон даяар 50 төгрөгөөр хямдрууллаа, орон сууцны урт хугацаатай зээлийн хөтөлбөрөө эцэслэж, эхлэх хугацааг товлолоо, Хөшгийн хөндийд барих шинэ онгоцны буудлын барилгын ажлыг гараанаас хөдөлгөлөө, “Гудамж” төслийн хүрээнд шинэчилсэн уулзваруудаа ашиглалтад оруулж байна, өвөлжилтийн бэлтгэлийг зунаас эхлэхийг яам агентлагуудад, өвсний нөөцийн 70 хувийг аймгууд өөрсдөө бэлтгэхийг орон нутгийн удирдлагуудад үүрэг болголоо гэж Ерөнхий сайд танилцуулсан.

Сэлэнгэ аймагт ажиллахдаа ногоочид, тариаланчдын өмнө тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэсэн, интернэтийн үнийг хоёр дахин хямдруулж, хурдыг нь гурав дахин нэмэх шийдвэр орон нутагт хэрхэн биеллээ олсонтой танилцсан. Бүх аймагт утасгүй интернэтийн бүс бий болгож буйн эхлэлийг Дархан хотод тавьж, есөн аймаг иймбүстэй болоод байна. Орон сууц шинээр барих, инженерийн дэд бүтэц тавихаар Дархан, Сэлэнгэд хуваарилсан төсвөөр гүйцэтгэх ажлын төлөвлөгөөтэй танилцлаа гэж орон нутгийн томилолтын мэдээллээсээ Засгийн газрын тэргүүн дурьдлаа.

Цаг үеийн ажил болон анхаарал татсан сэдвүүдээр сэтгүүлчид сонирхсон асуултууддаа хариулт авлаа. Оюутолгойн уурхайгаас зэсийн баяжмалаа энэ сарын 21-нээс экспортод гаргаж эхэлнэ, Засгийн газрын “Чингис” бондын хөрөнгөөс үлдсэн 400 сая орчим ам.долларыг үйлдвэрлэлийн төслүүдэд зарцуулахаар бэлтгэлээ хангаж байна, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэн өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гэсэн шинэ мэдээллүүдийг энэ үеэр хэлсэн юм.

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг сонгуулийн шоу мэтээр ярьж тайлбарлах хандлага байгаа тухайд Ерөнхий сайд “Засгийн газрын ажил сонгуулиас хамаарахгүй явах ёстой. Өнгөрсөн 9 сарын турш бид эрчтэй ажилласан, үр дүн нь эхнээсээ гарч байна. Олон сар зүтгэн байж ард нь гарсан ажлаа ард түмэндээ хэлж харуулах болно, бас урин дулаан цагт амжуулах ёстой ажлуудаа юунаас ч хамаарахгүйгээр хийх  болно” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top