Гадаадад суугаа Монголчууд Ерөнхийлөгчөө сонгож эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 14

Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн санал авах ажиллагаа өнөөдрөөс эхэллээ. Сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 14-с 16-нд гурван өдөр үргэлжлэх юм.

Монгол Улсаас хилийн чанадад суугаа нийт дипломат төлөөлөгчийн газарт тавдугаар сарын 5-29-ний хооронд сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэх ажиллагаа явуулсан бөгөөд энэ удаагийн бүртгэлийг биеэр очиж бүртгүүлэх, шуудан, цахим шуудан, факс ашиглан хийжээ. Ингээд гадаад улсад суугаа Монгол Улсын 39 дипломат төлөөлөгчийн газарт байгуулагдсан Салбар комиссуудад нийт 6478 сонгогч бүртгүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулиар гадаадад саналаа өгсөн иргэдийн тоотой харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлт ажээ.

УБЕГ салбар комиссуудаас ирүүлсэн бүртгэлийн жагсаалтыг иргэний бүртгэлийн сангийн мэдээлэлтэй тулгалт хийж, нягтлан шалган 6233 иргэний сонгуульд оролцох эрхийг баталгаажуулсан байна. Ингэснээр гадаад орнуудад ажиллаж, амьдарч буй 6233 иргэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх юм. Үлдэж буй 240 гаруй иргэний нэр хаяг, регистрийн дугаар зөрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй зэрэг зөрчлийн улмаас бүртгэлийн жагсаалтаас хасагдсан байна.

Санал хураалтад оролцсон иргэдийн саналыг Салбар комиссуудаас СЕХ-нд хүргүүлж, улмаар зургадугаар сарын 26-нд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналтай нэгтгэн тоолох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top