Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал Багахангай дүүрэгт ажиллаж байна. Түүнийг тус дүүргийн иргэд, сонгогчидтой уулзахаар ирэхэд бороо орж угтлаа. Үүлэн чөлөөний наран дор хур бороо дагуулж очсон түүнийг Багахангайнхан хүндэтгэн угтсан бол иргэд нам харгалзахгүй дэмжихээ илэрхийлж байв. МАХН-ын гишүүд, дэмжигчдээс гадна МАН-ын гишүүд ч түүнийг дэмжихээр ирсэн юм. Мөарийн хөтөлбөрөө танилцуулсан уулзалт, цуглаанд тус дүүргийн иргэн Н.Алтанцэцэг хэлэхдээ “Би нам гэж туйлширдаггүй. Энэ жил эмэгтэй нэр дэвшигчийг талархан хүлээж авч байна. Эзэнгүй төрийн золиос болж өнчирсөн мэт ядуу зүдүү амьдарч буй монголчууд бид “Эцэгтэй өнчин уруу. Эхтэй өнчин өөдөө” гэж ярьж суугаа шүү. Тиймээс Н.Удвалыг дэмжиж байгаа. эмэгтэйчүүдийн дунд түүнийг дэмжих хөдөлгөөн хүртэл байгуулагдсан” хэмээн ярилаа.
Багахангай дүүрэг нийт 1053 өрхтэйгээс 2270 хүн сонгуулийн насных юм. Дэд бүтэц сайн хөгжсөн ч, нийгмийн асуудал дутмаг байгааг иргэд ярьж байна.
Өмнө нь Тайланд улсын махны үйлдвэр ажиллаж байх үед ажилгүй хүний тоо цөөн байжээ. Харин одоо Хятад-Монголын хамтарсан үйлдвэр ажилладаг. Удахгүй тоосгоны үйлдвэр ажиллахаар амьдрал дээшилнэ гэсэн итгэлтэй хүлээж суугаа гэнэ. Н.Удвал одоо Говьсүмбэр аймагт ажиллаж байна.
В.Саран
Сэтгэгдэл ( 0 )