Худалдагдсан эрх ашиг буюу урвалт

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 14


-С.Молор-Эрдэнэ: Америкийн олон Ерөнхийлөгч буудуулж алуулсан шүү дээ, Тэгэхэд Америк орон хэзээ ч хямраагүй-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ид дундаа  байна. Энэ удаагийн сонгуулийн хар пиар өмнөх сонгуулиудыг бодвол харьцангуй бага байгаа талаар ажиглагчид үзэж буй.  Гурван нэр дэвшигчдийг эвдрэлцүүлэх тэднийг хооронд нь зориуд муудалцуулах зорилготой  захиалгатай  “ хар муур”-ууд  эхнээсээ гүйлдэж эхэллээ. Нэгэн үеэ экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай мөр зэрэгцэж явсан улс төрч судлаач С.Молор-Эрдэнэ сэтгүүлч Б.Ганчимэгтэй хийсэн ярилцлагыг тоймлон хүргэж байна.

Тантай хоёр жилийн өмнө уулзаж ярилцлага авч байсан. Тэгэхэд та шинээр байгуулагдсан МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтарч ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, шинэ тутам харилцаа үүсгээд тэр тухайгаа ярьж байсан нь санаанд илхэн байна.
 
Тийм ээ. Би ч бас санаж байна. Таны ярилцлагад орсны дараа Н.Энхбаяр бидний хооронд таагүй сонин яриа өрнөж билээ. Явж явж ярилцлага өгөхдөө түүний хамгийн дургүй сонинд, хамгийн үзэн яддаг сэтгүүлчтэй нь уулзуулчихсан байсан. (инээв). Уурлаад л байсан.

Тайлбар- 1

Улстөрч судлаач С.Молор- Эрдэнэ эхнийхээ хариултыг хэлэхдээ л хэвлэл мэдээлийн хэрэгсэлд ажилладаг энгийн сэтгүүлчдийн эрх ашгийг шууд хөнджээ.    Ийм  увайгүй хов зөөснөөрөө С.Молор- Эрдэнэ өөрийгөө хэн гэдгийг шууд харуулж байна. Өөрөөр хэлбэл, тэр сэхээтэн биш бөгөөд сэхээтнүүдийн төлөөлөл болсон  сэтгүүлчдийг шууд бус утгаар  доромжилжээ.

Та Н.Энхбаяртай эвтэйхэн явж байгаад намын листэд нь нэр дэвшиж орж ирээд, дараа нь тэр намыг нь аваад өөрчлөх гарцыг хайж болоогүй юу. Таны дотор хүн зөвшөөрөхгүй байсан байх л даа. Гэхдээ ийм зарчим алдагдаж байгаа үед зарчимгүй нэг тоглоод үзэхгүй яасан юм.
 
Зальтай царайлаад л хүний нөмөргөн дор явж байгаад хэзээ нэгэн цагт гарч ирнэ гээд гэтчихсэн явж байх тийм хүмүүжил надад байхгүй шүү дээ. Би тэр Энхбаяртан болон тэд нартай тэгж удаан заваараад л цаг үрж байхын оронд хэдэн ном бичье гэж бодлоо. Улс төрийн гурван ном бичлээ.

Тайлбар- 2

Энэ асуултад тайлбар өгөх тийм ч амар биш. Учир нь түүнтэй мөр зэрэгцэж явсан экс Ерөнхийлөгч өнөөдөр шоронд хоригдож буй.  Хувь хүн талаасаа С.Молор- Эрдэнэтэй тухайн үед ямар зүйл ярьсныг таахад бэрх.  Харин тухайн үед С.Молор- Эрдэнэ МАХН дотор ямар байр суурьтай байсан талаар намын нөхөд доорхи мэдээллийг өгч байна.  

Улс төрч судлаач Л.Эрдэнэтуул:

Намайг МАХН-ыг дэмжиж ирэхэд С.Молор- Эрдэнэ гэдэг залуу хаанаас ч юм гараад ирсэн байсан. Миний мэдэхийн Ногоон нам дээр л яваад байдаг байсан. Хуучин намынх нь нөхдийн ярьснаар бол Германд сургууль төгссөн, онолын хувьд сайн л гээд байсан. Тэгэхээр нь нэг өдөр таараад Германы онол дээр ном хаялцсан. Тэгсэн С. Молор- Эрдэнэ  Германы сонгодог философич И.Кантын номыг уншаагүй байсан. Тэр үед л энэ хүн худлаа хүн байна даа гэж бодож байлаа.

МАХН-ын дэмжигч Д.Эрдэнэ:

  Дарга хэлэхдээ улс төрийн талаасаа  мэдлэгтэй залуу  гэж хэлж байсан. Нам байгуулагдсаны дараа С.Молор- Эрдэнийг намын дарга болгоё гэсэн саналыг Н.Энхбаяр дарга тавьж байсан.. Ингээд  намын дарга намынхаа  санхүүжилтийн  60 хувийг өөрөөсөө гаргаж, бусад  40 хувийг гишүүд, дэмжигчдээс авдаг гэж хэлсэн. Тэгсэн  С.Молор- Эрдэнэ бодож байгаад хариу хэлье гэчихээд л алга болчихсон. Дараа нь сонсоод байхад Ерөнхий сайд С.Баярын захиалгаар энэ намд шургалж байсан юм билээ.

Ногоон намын  гишүүн Э.Энхтөмөр:
 
Би  ахмад настан учраас залуусын зоригийг мохоох зүйл хэлэхгүй.  Бид С.Молор- Эрдэнийн тамир муутай, тавьтиргүй эр гэж боддог юм.  Философич хүнээс  гарамгүй ул суурьгүй мэдэгдэл үе үе хийдэг байсан.   МАХН-д тэр өөрөө сайн дураар ирж, сайн дураараа буцсан байх. Тавьтаргүй, сэгсэгнэсэн төрх нь улстөч бус, улаан хувьсгалчийн дүрд илүү тохирно гэж судлаачид дүгнэдэг юм билээ. Тэр хэзээ ч хамтрагчаа хайрлахгүй хавьтсан бүхнээ” хазаж” явдаг эр. Энхбаяр түүнд гай ч тариагүй, гавьяа ч байгуулаагүй нь бодит үнэн. Угаасаа тэрээр МАХН-д морилохдоо урвах шарвах зорилгоор шургалаагүй харин уут мөнгөөр аль нэг намаар томилогдсон гэдэг юм билээ. Олхиогүй муу эр л хүнийг зовж явахад элдэвлэдэг шүү дээ.

Улстөрч судлаач гэх С.Молор-Эрдэнэтэй ойрхон ажиллаж байсан хүмүүс түүнд ийм дүн тавьж байна. Ингээд цаашаа С.Молор- Эрдэнэ юу гэж хариулсныг хамтдаа сонирхоё.

Ерөнхийдөө тарыг нь таниад л холдчихсон байх гэж бодсон?
 
Ёстой нөгөө тэр үед ардын хувьсгал гэж юу байлаа, авдаг өгдөг нь ч юу байлаа гэдэг шиг тэр үймээний үед л дундуур нь төрд шургачихсан хүн шүү дээ.

Тайлбар-3

С.Молор- Эрдэнэ гэдэг хүнийг өмнө ч хэн ч таньдаггүй байв. Н.Энхбаяр даргыг МАХН-ыг байгуулах гэж байх үед орж ирсэн энэ залууг ёстой нөгөө тэр үед ардын хувьсгал гэж юу байлаа, авдаг өгдөг нь ч юу байлаа гэдэг шиг үймээний үед л дундуур нь төрд шургачихсан нөхөр юм. Тэрээр өмнө нь хэн байснаа ор тас мартаж орхижээ. Одоо сонгуулийн сурталчилгааны үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн захиалгаар “ бууны нохой” хийж байгаа энэ юм.

Тэрээр цааш нь ярихдаа, “ Америкийн олон Ерөнхийлөгч буудуулж алуулсан шүү дээ. Тэгэхэд Америк орон хэзээ ч хямраагүй. Дараагийн Ерөнхийлөгч нь бэлэн байсан. Бэлдчихсэн байсан. Тэгээд л тэр нь ард түмнээсээ үүргээ аваад л шууд явдаг шүү дээ. Тэнд бол нэг унтаад сэрэхэд хүүхдүүдийг нь цэцэрлэггүй болгочихгүй, хүүхдүүд нь гүйдэг, тоглодог хөл бөмбөгийн талбайг нь нураагаад байшин барьчихгүй, яг л байдгаараа байна.

Тайлбар-4

С.Молор- Эрдэнийн хэлсэн энэ үг шууд л харгислалыг дагууллаа. Монгол Улсын экс Ерөнхийлөгч өнөөдөр шоронд хоригдож байгаа төдийгүй биеийн байдал эрс муудаж хоол унд ч идэхгүй байгаа талаар түүнтэй уулзсан намын нөхөд нь ярьдаг. Тэгээд ч Монгол хүний амнаас хэн нэгнийгээ ядарч зовж байхад нь басамжилж дээрэлхсэн үг өгүүлбэр хэлдэг бил үү. С.Молор- Эрдэнийн  хэлсэн үгний цаад утга нь экс Ерөнхийлөгчийг алчих, түүнийг нас барсны дараа Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр сонгоё гэсэн санаа байна. Түүнээр энэ өгүүлбэрийг хэлүүлэхийн тулд захиалагч нь түүнд хэдэн төгрөг өгсөн юм бол оо. Үнэхээр сонирхол татахаар биш гэж үү. Ерөнхийдөө Н.Энхбаярыг муулдаг, харлуулдаг үгүйсгэдэг олон намын төлөөлөл байдаг ч гэлээ яг энэ С.Молор- Эрдэнэ гэгч шиг увайгүй дуугарч байсныг нь санахгүй юм. Тэгэхээр С.Молор- Эрдэнэ гэгч хэн бэ. Тэр бол орчин цагийн Түгжил буюу хүйтэс, айдас дагуулсан харгислалыг өдөөн хатгагч гэж тодорхойлж болохоор байна. Түүний тавьтаргүй гэдэг ч үнэн. Хэвлэлд өгсөн ярилцлагадаа “халуураад”  захиалагчийнхаа захиасыг мартаад  матаж орхижээ. “ За, ардчилсан хувьсгал бол гаднаас удирдлагатай ерөнхийдөө америкаас удирдлагатай, гаднаас маш их мөнгө орж ирж байж тэр хувьсгал явагдаж байсан. Үүнийг нуугаад яахав. Тийм л түүхтэй. Монголчууд өөрсдөө бид дотроосоо хувьсгал огт хийгээгүй байхгүй юу.

Энэ мэдээллийг С.Молор- Эрдэнэ ном зохиолоос харчихаад ярьж байгаа юм биш. Тэрээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнтэй холбогддог учраас  энэ мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацлаа. Тэгэхээр Монголчууд бидний хөөрцөглөөд байдаг ардчилсан хувьсгалыг гаднынхан хийсэн юм байна шүү дээ. Тэгвэл ардчиллын автор гэгддэг Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар гадаадынхантай нийлж ардчилсан хувьгалыг хийжээ. Өөрөөр хэлбэл, гаднын санхүүжилтээр тухайн үеийн Улс төрийн товчоог огцруулжээ. С.Молор- Эрдэнийн хэлсэн энэ үг үнэний ортой. Учир нь “ Ардчиллын загалмайлсан эцэг” П.Нэргүй доктор хэвлэлд өгсөн ярилцлагадаа Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар НАХЯ-ны туршуулууд, мэдээлэгч нар байсан талаар дэлгэрэнгүй ярьсан. Үүнээс гадна 2008 оны сонгуулийн дүнг будлиантуулж жагсаал цуглаан зохион байгуулсан цаад эзэн Ц.Элбэгдорж, гүйцэтгэгч нь одоогийн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Шударга, өрсөлдөөн хянан зохицуулах газрын дарга О.Магнай нар байсан бөгөөд санхүүжилтийг АНУ-гаас хийж байсныг мэдэх хүн одоо ч бий. Ц.Элбэгдоржийг Засгийн эрхийг хууль бус аргаар авах гэж байгаа талаар манай нэртэй хуульчид ярилцлага өгсөн ч үр дүнд хүрээгүй юм. Энэ мэтчилэн улс төрийн хууль бус үйл ажиллагаа одоо ч гэсэн үргэлжилж байгаагийн нэг жишээ нь энэ юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top