Зам, тээврийн сайд А.Гансүхтэй ярилцлаа.
-Хөшигийн хөндийд олон улсын нисэх буудал барихаар өчигдөр (уржигдар) нээлтийг хийлээ. ТЭЗҮ болоод анхны хөрөнгө оруулалт тооцож байснаас өөрчлөгдөв үү?
-Японы “Мицубиши Чиёода” компанийн нэгдэл тендерт ялж Солонгосын “Самсунг” корпорацитай хамтарч барилгын ажлыг гүйцэтгэхээр болсон. Эдгээр компаниуд Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлыг барихаар барилгын ажлаа эхлүүлж өчигдөр нээлтээ хийлээ. Өөрөөр хэлбэл, одоо ингээд газар дээрээ хэмжилт, судалгаа тооцооны ажлаа явуулж эхэллээ. Үүнд үндэслээд газар шорооны ажил, барилга байшин барих ажлууд графикийн дагуу ээлж дараатай хийгдэнэ. Ингээд 2016 оны аравдугаар сар гэхэд орчин үеийн техник хэрэгсэл, төхөөрөмжөөр тоноглогдсон нислэгийн хөдөлгөөнийг удирдах цамхаг болон бие даасан дулаан, ус хангамж, цэвэрлэх байгууламж зэрэг 30 гаруй барилгаас бүрдсэн иж бүрэн цогцолборыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа. Яг өнөөдрийн төлөвлөж байгаагаар жилд гурван сая хүнд үйлчлэх хүчин чадалтай, зургаан хүзүүвчтэй байх юм. Үүнийг цаашдаа өргөтгөх боломжтой. 2024 он гэхэд өргөтгөл хийж 12 сая хүнд үйлчлэх хүчин чадалтай 24 хүзүүвчтэй болгох төлөвлөлт бий. Харин бүтээн байгуулалтын ажлыг хийхэд “Самсунг” корпораци ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж монголын компаниудыг туслан гүйцэтгэхээр ажиллуулахаар ярьж байна.
-Барилгын ажлыг эхлүүллээ. Гэтэл хүмүүс ахиад л сонгуулийн өмнө шав тавьж шоудлаа гэж байна. Өчигдөр болсон нээлтийн ажиллагаа шав тавих ёслол уу эсвэл бүтээн байгуулалтын эхлэл байв уу?
-Нэг зүйлийг ялгаж ойлгох хэрэгтэй. Өчигдөр болсон үйл явдал бол шав тавих ёслол бус барилгын ажлыг эхлүүлэх нээлт байсан юм. Өмнө нь сонгуультай холбоотойгоор хоёр удаа шав тавьчихсан учраас ийм яриа гарч байгаа байх. Одоо бол сонгуулийн үеийн шоу биш яг барилгын ажлыг эхлүүлж байна. Өмнө нь долоон жилийн турш хий хоосон ярьж иргэдийн итгэлийг сулруулсан байж болох. Харин одоо 2016 он гэхэд нисэх буудлыг барьж, ашиглалтад оруулна гэж амалж, ажлаа эхэлж байгаа юм. Тэгэхээр гарцаагүй ажил эхэлж байна гэж ойлгох хэрэгтэй. Андуурах хэрэггүй.
-Хөрөнгө оруулалтын байдал ямар байгаа вэ. Японы зүгээс бүх хөрөнгө оруулалтыг хийчихсэн гэсэн үг үү. Яг хэдэн төгрөгийн зээл ямар нөхцөлтэй авч байгаа билээ?
-Санхүүжилт тодорхой болсон. Японы хөнгөлөлттэй зээлийг 40 жилийн хугацаатай авч байгаа.Эхний арван жил ямар нэгэн хүү төлөхгүй. Тэгээд дараа нь 500 сая ам.долларыг жилийн 0.2 хувийн хүүтэйгээр эргүүлэн төлнө. Энэ бол маш бага хүүтэй, урт хугацаатай зээлийн санхүүжилт юм. Энэхүү хямд эх үүсвэр, ашигтай зээлийг эргүүлж төлөх нь тодорхой. Гэхдээ хугацаа нь боломжийн байгаа учраас ямар нэгэн алдагдал, эрсдэлгүйгээр төлөх боломжтой.
-Бүтээн байгуулалтын хүрээнд 100 мянган оршин суугчтай дагуул хот байгуулах тухай яригдаж байсан. Энэ ажил нь хэдийгээр эхлэх вэ?
-Мэдээж энд ажлын байр бий болж байгаа учраас дагуул хот байгуулагдана. Бас нэг чухал зүйл бий. 2013 оны нэгдүгээр сард Агаарын тээврийн салбарыг 2020 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичгийг УИХ-аар баталж гаргасан. Тэгэхэд “Шинээр баригдсан нисэх онгоцны буудлыг эдийн засгийн чөлөөт бүс болгоно” гээд заачихсан. Энэ утгаараа тэнд үйлдвэр үйлчилгээг төвлөрүүлэх эдийн засгийн сонирхлыг нь бий болгох юм. Эдийн засгийн чөлөөт бүс гэдэг нь адаглаад л татварын таатай нөхцөлтэй байна гэсэн үг. Ийм хэлбэрээр УИХ-аас анхаарч бодлогоор дэмжиж байна. Үүнийг дурдахгүй байсан ч орчин үеийн шаардлагад нийцсэн, дэлхийд өрсөлдөх чадвар бүхий нисэх онгоцны буудалтай болж байгаа юм. Өнөөдрийн “Чингэс хаан” нисэх буудалд онгоц зөвхөн нэг талаасаа буудаг, салхитай үед газардаж чаддаггүй гэх мэт хүндрэл ихтэй. Харин шинэ нисэх буудал баригдсанаар бууж хөөрөх хоёр зурвастай болох учраас нэг талаасаа салхитай байвал нөгөө талаас нь буулгана гэх мэтээр давуу талууд их. Ер нь бол хамгийн орчин үеийн нисэх буудал баригдаж тэнд шинэ амьдрах орчин бий болно. Харин дагуул хотыг ямар төлөвлөлтөөр барих гэж байгааг Барилга, хот байгуулалтын яам мэдэж байгаа. Ц.Баярсайхан сайд асуудлаа Засгийн газарт удахгүй танилцуулна гэж байсан.
-Нисэх онгоцны буудлыг барилаа гэхэд зам харилцааны бэрхшээл тулгарна. Энэ асуудлыг шийдэхээр хурдны зам тавина гэсэн. Үүний төлөвлөлт ямар шатандаа байгаа вэ?
-Нисэх буудлын төлөвлөлттэй холбоотойгоор тээвэр ложистикийн нэгдсэн сүлжээг бий болгох бодлогыг баримталж байгаа. Нэгэнт нисэх онгоцны том буудал баригдаж байгаа учраас дэд бүтцийг холбоно. Ингэхдээ хурдны замыг тавина. Засгийн газар хурдны замыг тавих үүргийг хүлээж 2016 он гэхэд ашиглалтад оруулах ёстой. Тиймээс Улаанбаатараас шинэ нисэх буудал хүрэх 57 км урт, дор хаяж дөрвөн эгнээ бүхий хурдны замыг концессийн журмаар барьж байгуулахаар Эдийн засгийн хөгжлийн яаманд саналаа хүргүүлсэн. Удахгүй шийдэгдэх байх. Хурдны зам бол өндөр өртөгтэй. Нэг километр хурдын зам тавихад л өртөг нь нэг сая ам.доллар болох юм билээ. Концессийн асуудлыг шийдчихвэл 2016 он гэхэд хурдны зам тавигдаж дуусна. Харин төмөр замын хувьд бас л нисэх буудлаа дагаад замын сүлжээг ойртуулья гэж байгаа. Тэгэхээр хурдны зам, төмөр зам, агаарын тээвэр гээд тээврийн нэгдсэн дэд бүтэц бий болно, тэнд. Иймэрхүү урьдчилсан төлөвлөгөө байна. Хөрөнгө мөнгөнийх нь асуудал хараахан шийдэгдээгүй байна. Ихээхэн том төсөл болохоор байгаа.
-Одоо ашиглаж байгаа нисэх буудлыг ямар хэлбэрээр ашиглах вэ?
-Орон нутгийн нислэгт ашиглаж болж байна. Нөөц буудал хэлбэрээр ашиглах боломж ч байна. Ашиглалгүй орхихгүй. Тэр байтугай өргөтгөж их засвар хийнэ. Гэхдээ асуудлыг тухайн үедээ л шийдэх байх. Ирээдүйд агаарын тээврийн салбарын хэрэглээ өсөх учраас үүнийгээ заавал ашиглана. Хоёр буудалд ачааллаа тэнцүүлээд ашиглах хувилбар бас байгаа гэсэн үг.
-Нисэх онгоцны буудлыг барьчихвал шууд болон шууд бусаар хэдэн хүн ажлын байраар хангагдах боломжтой вэ?
-Шууд ажлын байр гэвэл наад зах нь 3000-д багтах байх. Харин бүтээн байгуулалтыг дагасан бизнес хөгжлийн хүрээнд 100 орчим мянган хүнтэй дагуул хот үүснэ. Намайг ЗТБХБ-ын дэд сайдаар ажиллаж байхад дагуул хотын ерөнхий төлөвлөлтийг хэлэлцэхэд ийм байсан. Одоо өөрчлөгдөөгүй байх.
-Энэ Засгийн газрыг хамгийн үрэлгэн гэж тодорхойлж байна. Алхам тутамдаа, бүтээн байгуулалт хийх бүртээ өр, зээл авч байна. Энэ хэр оновчтой вэ?
-Засгийн газар зээл авсан. Авсан зээлээ эргүүлэн төлж чадахгүй бол өр болдог. Бүх зүйл графикийн дагуу явагдах учраас 40 жилийн хугацаанд эргүүлэн төлж чадна. Миний байр суурь бол аль болох хямд эх үүсвэрийг татах хэрэгтэй. Ингэж хурдан хугацаанд улс орноо босгож авах шаардлагатай байна. Харин хугацаа алдвал энэ боломжууд байхгүй болчихно. Хичнээн гуйсан ч мөнгө олдохгүй хэмжээнд хүрчихвэл яах юм. Тэгэхээр бидэнд мөнгө олдож л байвал аваад хөгжлийнхөө салбар руу хийж байх ёстой. Тэр нь дэд бүтэц. Дэд бүтэц хөгжихгүйгээр эдийн засгийн өсөлт гэж байхгүй. Аж үйлдвэр ч хөгждөггүй юм. Ямар ч улс орон хичнээн ядуу байсан ч мөнгөө дэд бүтцийнхээ салбар руу л хийдэг.
-Эцэст нь асуухад танай салбарын МИАТ-ын гэх хэргийг хүн бүр ярьж байна. Энэ талаарх таны байр суурь?
-МИАТ-ын асуудалд бид хуучин ЗТБХБ-ын яам байхаас л анхаарч байсан. Ийм нөхцөл байдал байна шүү гэдгийг бид анх илрүүлж 2011 оны нэгдүгээр сард хуулийн байгууллагад хандсан. Даатгалын компани гэж нэрлээд байгаа боловч даатгалын гэх ямар нэгэн баталгаа алга байна шүү гэж анхааруулж, шалгах өгөөч гэсэн юм. Үүний мөрөөр хэрэг 2013 онд илэрч байна. Гэхдээ энэ хэргийг МИАТ-ын гэж нэрэлмээргүй байгаа юм. МИАТ бол төрийн өмчит компани, үйл ажиллагаагаа явуулж иргэдэдээ үйлчилээд л л байж байна. Харин тухайн үеийн дарга нар нь гэх хэсэг бүлэг хүмүүс эрх мэдлээ ашиглан МИАТ-ын эд хөрөнгийг шамшигдуулсан. Тэгэхээр энэ бүхэн тэр хүмүүсийн л хэрэг. Шударгаар ажиллаж байгаа МИАТ-ын 700 хүнийг муу нэртэй болгож болохгүй. Бид шударга бус байдлын эсрэг зарчимч шаардлаг тавьж ажиллаж байсан. Харамсалтай нь тухайн үеийн улс төрчид, дарга албан тушаалтнууд бидний ажлыг дэмжээгүй. Түүний хор хохирол одоо гарч байна. Бидний шударга ажилласан маань өнөөдөр батлагдлаа. Цаашдаа ч шударга ёсны байр сууриа МИАТ дээр баримталж ажиллана.
Л.МӨНХТӨР
Сэтгэгдэл ( 3 )
shine zasgiin gazariig mash ih demjij bgaaa shuu saidaa amjilt husie tsagaan tolgoilchood huurhun shuu
shine zasgiin gazariig mash ih demjij bgaaa shuu saidaa amjilt husie tsagaan tolgoilchood huurhun shuu
Hot tolovloltoo zov hiigeerei. teguul saihan daguul hot bolon shuu.