Монгол Улсардчилсан тогтолцоонд шилжиж УИХ-ын сонгууль явуулдаг болсноор ард түмэн бүх нийтээрээ чөлөөтэй, шууд саналаа өгдөг болсон юм. Тэр цагаас тооцвол хамгийн анх АН-аас улсын дархан аварга Х.Баянмөнхийг УИХ-д нэр дэвшүүлж бөхчүүдийг улстөрд дууджээ. Улстөрд орж ирсэн бөхчүүдээс төрийн сайд болгох урилга гардуулсан нь бас АН. 2004 онд Эх орон намаас УИХ-д орж ирээд намаа сольж АН-д элссэн Х.Баттулгыг 2008 онд АН Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайд болгов. Одоо өрнөж буй улстөрийн үйл явц, АН доторхи фракцуудын хүчний хуваарилалт, УИХ дахь кнопын тоог харвал бөхчүүдээс хамгийн анхны Ерөнхий сайд бас л АН-аас тодрох магадлал өндөртэй.
Тэр нь Х.Баттулга бөгөөд Н.Алтанхуягийн дараагийн Ерөнхий сайд гэдэг нь гарцаагүй болов уу. Бараг л сонгуулийн дараа Н.Алтанхуягаасаа өмнө Ерөнхий сайд болно гэж байсан Х.Баттулгад Төрийн өмчийн хороог алчуур болгож өгснөөр түрдээ наймаа тохирсон гэдэг. Хэрвээ Х.Баттулга Ерөнхий сайд болбол тус намын дүрмийн дагуу тэрээр бас намын дарга болно. Ингэвэл бөхчүүдээс намын дарга тодруулсан нь АН, бас хамгийн анх бөх намын даргатай болох магадлалтай нь мөн АН болж таарч байна. Ийм байхад АН-ынхан яагаад “Бөх хүн Ерөнхийлөгч байж болохгүй” гээд байна вэ. Тийм хууль байна уу. Женкогоо “миалаад” байгаа юм уу, АН-ын гишүүн бөх бол Ерөнхий сайд, төрийн сайд байж болдог, МАН-ын гишүүн бөх бол сул гишүүнээс дээш гарч болохгүй гээд байгаа юм уу. Тэрэндээ тулбал энэ засаг дотроо л гайгүй нэр хүндтэй нь Х.Баттулга байх. АН дотроо арай эх оронч нь Х.Баттулга байх. Бас хийж бүтээх гэж зүтгэдэг нь Х.Баттулга л байх. Эзнээ олон түмэнд олон давуу талтай бөгөөд зөв харагдуулахад спорт, тэр дундаа бөх спорт онцгой хувь нэмэр оруулсан нь дамжиггүй.
Хэрвээ УИХ-ын гишүүн, төрийн сайд, одоо улсын Ерөнхийлөгч байж болно гэвэл бөх хүн талаасаа, ёс зүйтэй зөв хүн гэдгээр нь авч үзвэл Б.Бат-эрдэнэ аварга, Х.Баттулга хоёрын аль нь илүү вэ.
Дүрслэх урлагийн дунд сургууль төгссөн хүн төрийн сайд хийгээд, цээжиндээ Ерөнхий сайдыг багтаагаад явж байхад Цагдаагийн дээд сургууль, МУИС төгссөн хуульч хүн Ерөнхийлөгч байж болохгүй юү. Хэл л гэх юм, англи хэлээр энэ хоёрын хэн нь ч нөгөөгөөсөө илүүрхэхгүй л байх.
УИХ-д байхдаа нэг нь MCS-тэй, нөгөө нь Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай үзэж байв. Аль нь ард түмний эрх ашгийн төлөө байсныг ард түмэн мэднэ.
Бөх байлаа байлаа гэхэд эх оронч чанар, шударга зарчимч байх, талцаж туйлшрахгүй явах, цэвэр нэр төр, цэвэр гар, цэвэр сэтгэлээрээ Б.Бат-Эрдэнэ бол Х.Баттулгаас л илүү байх нь тодорхой гэдэгт эргэлзэхгүй итгэх хүн их олон доо. Иймд өөрсдөө төрийн сайдтай байж өрөөлийн дөнгөж нэр дэвшигч төдий явахад нь бөх гэдгээр нь бүү баал, АН-ынхаан. Хэрэв бөх хүн төрд, намд хэрэггүй л юм бол Асашёорюү Д.Дагвадорж аваргыг, А.Сүхбат аваргыг яах гэж, юуны тулд намдаа элсүүлэв ээ. Хоёр залуу аварга үнэхээр үзэл бодлоороо АН-ыг сонгож байгаа л юм бол Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө юм уу, дараа нь яагаад сонголтоо хийж болоогүй юм. Шууд хэлэхэд ад үзээд байгаа бөхчүүдийн саналыг хуваах гэж, бөхчүүдийг татах гэж, аварга гэдэг алдрыг бүдгэрүүлэх л гэж залуу аваргуудыг хэдхэн хоногийн зайтайгаар элсүүллээ гэдэг таамаг ортой л болов уу.
Сэтгэгдэл ( 0 )