Төр ”Монголиан эйрлайнс” дахь Ч.Хоролсүрэнгийн гэгдэх хувьцааг МАК-аас авч дийлэх үү?

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 17

Сүүлийн 3 жилийн хугацаанд дуншиж яригдсан МИАТ-ийн хэргийн эхлэл учгийг хөвөрдөх гээд үзвэл цаана нь нуугдаж байгаа ашиг сонирхлын салхи хаанаас эхтэй вэ гэдэгт илүү анхаарах хэрэгтэй болно гэдгийг өмнө нь өгүүлж байсан билээ. Тэрчлэн өнгөрөгч долоо хоногт анхан шатны шүүхээс эл хэрэгт холбогдогчдод 10-14 жилийн ял оноосон ч, улстөр, эдийн засгийн бүлэглэлийн хэмжээнд яригдахуйц сүлжээ маягийн нөхдүүдийн оролцоотой энэ хэргийг ил харагдах хэдэн нөхдүүд үүрээд гарлаа, жинхэнэ хор найруулагчид нь үлдэж хоцорлоо гэж харагсад байгаа юм. Ерөөс МИАТ-ийн хэргийг үүгээр төгсчихлөө гэж харвал эндүүрсэн болох болов уу. Тиймээс ч манай сайт энэ долоо хоногт МИАТ тойрсон асуудлыг цувралаар хөндөж байна. Өнөөдрийн тухайд, нэрээ “Хүннү эйрлайнс” болгон өөрчилсөн өнөөх “Монголиан эйрлайнс”-ын хэдэн хувь нь төрийн мэдэлд ирэх вэ гэдэг дээр тухайлж авч үзэх юм. Тэгэхээсээ өмнө шүүх хэн хэнийг  буруутгаж, улсад учруулсан хохирлыг  хэрхэн барагдуулах болсныг тодотгон өгүүлэх нь зөв биз.

Ямартай ч шүүхээс ял сонссон этгээдүүдийн хөрөнгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм. Тухайлбал, Ч.Хоролсүрэнгийн "Монголиан эйрлайнс" компанид эзэмшдэг хувьцааг, "Транс трейд" банк бус санхүүгийн байгууллагыг улсын орлого болгосон байгаа. "Транс трейд" ББСБ-ын дүрмийн санд нь байсан 2.3 тэрбум төгрөг, түүний нэр дээр банкинд хадгалагдаж байсан хоёр сая ам.доллар, зургаан тэрбум 600 сая төгрөг зэргийг улсын орлого болгох шийдвэрийг гаргасан.

Ц.Орхоны онгоцны тийз борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг “Томас Эйр” компанийн компанийн 50 хувь, Р.Бат-Эрдэнийн дөрвөн өрөө байр, “Ланд” маркийн машин, Б.Эрдэнэбилэгийн “Монгол керамик” компанид эзэмшдэг хувьцаа, үл хөдлөх хөрөнгийг улсын мэдэлд шилжүүлэх шийдвэрийг шүүх гаргасан. За харин  МИАТ компанид учирсан хохирол гэгдэх 9.3 тэрбум төгрөгийг гэм буруутай нь тогтоогдсон 6 этгээд тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулж, МИАТ компанид олгуулахаар болоод байгаа юм.

Тодотгоход сая нэр нь гарсан “Томас Эйр” компанийг Ц.Орхон  Ч.Хоролсүрэн нар 2011 онд үүсгэн байгуулсан байдаг. Тэднийг гадаад руу гуйвуулсан гэж зальдсан олон тэрбум төгрөгийнхөө багахан хэсгээр “Томас Эйр”-ийг босгоод ирсэн гэж эх сурвалжууд өгүүлдэг юм. Тэгэхээр шүүх Ц.Орхоны мэдлийн 50 хувийг улсын орлого болгоод Ч.Хоролсүрэнгийн мэдлийн 50 хувийг эзэнд нь үлдээж байгаа бололтой. Харин Ч.Хоролсүрэнгийн "Монголиан эйрлайнс" компанид эзэмшдэг хувьцааг улсын орлого болгохоор шийдвэрлээд байгаа гэдэг дээр яригдах зүйлс чамгүй бий.

Учир нь Ч.Хоролсүрэнгийн тус компанид эзэмшдэг хувьцаа ҮХАА-н сайд Х.Баттулгын мэдэлд байдаг гэх мэдээлэл байдаг бол бас эсрэгээрээ Ч.Хоролсүрэн баригдахаасаа өмнө "Монголиан эйрлайнс” компанид эзэмшиж байсан хувьцаандаа хөдөлгөөн оруулсан гэх мэдээлэл ч бий.

Тэгэхээр энэ мэт мэдээлэл гадагшлаад байгаагийн цаана Ч.Хоролсүрэн ганцаараа хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур биш ээ гэсэн агуулга яваад байна гэж харж болохоор билээ. Гэтэл тэрээр шүүх хурал дээр өөрийн  гэм буруугаа хүлээж, бусад хүмүүсийг миний холбогдсон хэрэгт ямар ч хамаагүй гэж хэлж байсан. Хэдийгээр тэр тэгж хэлсэн ч Б.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, Б.Эрдэнэбилэг, Г.Саранчимэг, Ч.Суурьтогтох нар Ч.Хоролсүрэнтэй хамтын данс нээлгэж их хэмжээний мөнгө данс руугаа хийлгэж байсан нь тогтоогдсон байгаа юм.

Гэхдээ Ч.Хоролсүрэнгийн хувьд өөрөө гэмээ хүлээнэ гэж байсан ч бас анхаарал татахаар зүйлийг шүүх хурал дээр ярьсан. Тэрээр  “-Би нэг ч удаа гэрээ хийж байгаагүй. Мөнгө шилжүүлж байсан удаа байгаа бол Б.Бат-Эрдэнийн даалгавраар шилжүүлж байсан байх. Би гадаадад амьдарч байсан учраас хүний дансаар мөнгө хүлээж авдаг байсан. Тэр хүлээж авсан мөнгөний зургаан хувийг би авдаг байсан. Гэхдээ гурван болзолтойгоор. Үүнийг хавцаст хэрэгт тодорхой хэлсэн байгаа. Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, Б.Бат-Эрдэнэ нарын хүмүүс намайг урамшуулал авдаг гэдгийг мэдээгүй.

Харин Н.Гантөмөрийн тухайд миний анхлан үүсгэн байгуулсан “МАК” компанид ажилладаг байсан. Мөн Н.Гантөмөр хэд хэдэн удаа данс руу мөнгө хийж байсан. Би гэм буруутай бол буруугаа хүлээж хариуцлага хүлээхэд бэлэн байна. Улсад ямар нэгэн хохирол учруулсан бол төлнө. Г.Саранчимэгийг таньдаг учраас данс нээж өгөөч гэж гуйж байсан юм. Г.Саранчимэгт буруу байхгүй.гэсэн байгаа.

Тэгэхээр энд нэг зүйлийг тодотгоход Ч.Хоролсүрэн МАК-тай холбоотой гэдгээ өөрөө албан ёсоор хэлсэн байна. Тэрчлэн түүнийг баригдахаасаа өмнө “Монголиан Эйрлайнс” компани дахь эзэмшлийн хувьцаагаа  “МАК”-ийн нэр дээр шилжүүлсэн гэх мэдээлэлд тухайлж анхаарахад гэмгүй байна. Үүх түүхийг нь үзвэл  “Монголиан Эйрлайнс” –ийг анх үүсгэн байгуулагчид нь  “Бодь”, “Женко” групп бөгөөд 2011 онд хувьцааныхаа  30 хувийг  “МАК”-д худалдсан байдаг. Түүнчлэн МИАТ-ийн хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа гэгдэж байсан УИХ-ын гишүүдийн дотор  “Монголиан Эйрлайнс” –ийн ТУЗ-ийн гишүүн тодотголтой  Н.Номтойбаярын нэр байсан. Сонирхолтой нь ийм мэдээлэл газар авах гээд ирэхтэй зэрэгцэн Н.Номтойбаяр гишүүн Засаг баригчидтай холбоотой но-той баримт бүхий мэдээллүүдийг идэвхитэй гаргаж ирэх болсон юм. Түүнчлэн өнөөдөр Н.Номтойбаярын нэр МИАТ-ийн хэрэг дээрээс арчигдсан байх магадлалтай.

Гэтэл цаагуураа бол яагаад ч арчигдах ёсгүй байж мэдэхээр юм. Учир нь Ч.Хоролсүрэн хоригдохоосоо өмнө компани дахь өөрийн эзэмшлийн хувьцаагаа  “МАК”-ийн нэр дээр шилжүүлж, Н.Номтойбаяр гишүүний аав  Б.Нямтайшир эрхэм “Монголиан Эйрлайнс” группийн удирдлагуудыг хүлээн авч уулзаж, гол эрх мэдэл өөрт нь шилжсэнийг дуулгасан гэх мэдээлэл байсан. Хэрэв тийм бол анхан шатны шүүхээс шийдвэрлээд байгаачлан Ч.Хоролсүрэнгийн "Монголиан эйрлайнс" компанид эзэмшдэг хувьцааг улсын мэдэлд авах тухай асуудал бүрхэгшээд ирж байна. МИАТ-ийг залгих даалгавартай байгуулагдсан гэх “Монголиан Эйрлайнс”буюу “Хүннү эйрлайнс”-ийн хувьцаа хэн хэнд байгааг Монголын шүүх ер нь мэдэж, шийдэж чадсан юм уу гэдэг асуулт байна...

Э.Болорхажид

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(122.201.18.185) 2013 оны 06 сарын 17

Hergiin gol ezen ni Jenko

0  |  0
зочин(122.201.18.42) 2013 оны 06 сарын 17

болорхажидад баярлалаа үнэтэй мэдээлэл өгсөнд луйварчидыг уг үндсээр нь л устгамаар байна өнгөцхөн л явууллаа даа саяын хэргийг

0  |  0
Top