Монгол Улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байна. Энэ үйл явц олон улсын анхаарлыг ихээхэн татаж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглаж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, Хүний эрхийн газрын ажиглагчид урьдчилсан тайлангаа гаргажээ. Тайлан нь 2013 оны тавдугаар сарын 10-наас зургадугаар сарын 3-ны өдрүүдийг хамарсан бөгөөд энэ хугацаанд сонгуулийн эрх зүйн орчин ба сонгуулийн систем, сонгуулийн байгууллага, сонгогчийн бүртгэл, нэр дэвшүүлэлт ба бүртгэл, сонгуулийн сурталчилгаа, хэвлэл мэдээлэл, өргөдөл гомдол, иргэд ба олон улсын ажиглалт зэрэг асуудлаар хийсэн ажиглалтдаа үндэслэн өөрсдийн үнэлэлт, дүгнэлтээ гаргасан байна.
СЕХ нь хуулийн хугацаанд багтаан сонгуулийн бэлтгэл ажлыг жигдрүүлж буйг тайланд дурдаад сонгуулийн сурталчилгаа тайван явагдаж байгааг тэд тэмдэглэсэн байна.
Манай оронд ажиллаж буй Европын 24 орны урт хугацааны ажиглагчид сонгуулийн өргөн хүрээтэй асуудлаар ажиглалт хийж урьдчилсан тайлангаа ийнхүү гаргаад байна. Удахгүй тус байгууллагын 300 орчим богино хугацааны ажиглагч сонгуулийн өдрүүдэд сонгуулийн санал хураалт, санал тоолох болон сонгуулийн дүнг гаргах үйл явцыг ажиглах ажээ. Тус байгууллагын урт хугацааны ажиглагч Кирстэн Иоргенсен, Аднан Хабул нар өчигдөр Сүхбаатар дүүргийн МАХН-ын хорооны дарга Б.Батболд, МАХН-ын Залуучуудын холбооны дарга С.Тэмүүлэн нартай уулзжээ. Энэ талаар Б.Батболдоос тодрууллаа.
-Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, Хүний эрхийн газрын ажиглагчидтай ямар асуудлыг голчлон ярилцав?
-Үндсэндээ дөрвөн асуудлыг ярилцлаа. Нэгдүгээрт, сонгуулийг яавал шударга явуулах вэ гэдгийг онцолсон. Төрийн бүх эрх мэдэл Ардчилсан намд байна. Үнэнийг хэлэхэд, бид хар машинд 100 хувь итгэхгүй байгаа. Техник ч гэсэн хүний гараар бүтээгддэг. Хэний захиалгаар хийсэн нь тодорхойгүй шүү дээ. Үнэхээр будлиангүй, асуудалгүй гэж байгаа бол хар машинд санал уншуулахад хажууд нь давхар гараар тоолох хэрэгтэй. Ингэвэл аль аль талдаа хал палгүй, хяналттай болно. Хоёрдугаарт, МАХН бол шударга нам. Хоёр том намын дундуур цахиур хагалан гарч ирж, хүчтэй гурван намын нэг болсон. Гэхдээ манай нам хэдийгээр хүчтэй, нэр хүндтэй байгаа ч тал бүрээсээ хязгаардлагмал, намын дотоод асуудалд орох гэсэн, дарамт шахалт үзүүлэх гэсэн оролдлогууд нөгөө хоёр намаас байнга ирж байгаа. Гуравдугаарт, МАХН-ын дарга Н.Энхбаяр лидер хүн шүү дээ. Монголын төрд их олон зүйлийг хийсэн. Хамгийн энгийн жишээ гэвэл Мянганы зам, НҮБ-ийн энхийг сахиулах цэнхэр малгайтнуудын үйл ажиллагаанд монгол цэргүүдээ оролцуулсан, Их өрийг тэглэсэн. Баялагийг ард түмэндээ 100 хувь өгөх ёстойг анх удаа зарласан гээд дурдаад байвал түүний байгуулсан гавъяа их юм. Гэтэл ямар ч баталгаагүй, баримт нотолгоогүй, гэрчгүйгээр түүнийг барьж хорьсон. Өнөөдөр хамгийн увиагүй нь Ц.Элбэгдорж өөрийгөө өрсөлдөгчгүй болгох зорилгоор Н.Энхбаярыг хэлмэгдүүлсэн. Монгол Улс ардчилсан орон мөртлөө улс төрийн хоригдолтой болсон гэдгийг манай нам албан ёсоор зарлачихсан байгаа шүү дээ. Дөрөвдүгээрт, Ерөнхийлөгчид нэр дэвшигч Нацагийн Удвалыг хувь хүнийх нь талаас ажиглагчид их сонирхсон. Ер нь Монголын түүхэнд улс орныг хэцүү цаг үед нь Монголын хатад л төрийг авч явсан байдаг. Гаднын эрдэмтэн, зохиолчид ч бүтээл туурвилдаа их хатдыг магтан дуулсан байдаг нь олонтаа. Гэтэл Монголчуудын амьдрал доройтсон. Шударга бус явдал гаарч, өмч хувьчлалыг буруу явуулсаар байна. Газрын наймаа, ашигт малтмалын лицензийн наймаа газар авчээ. Энэ бүх гаж тогтолцооноос иргэд оюуны хоосролд орчихсон. Н.Удвал сайд бол эх оронч, эх хүн. уламжлалаа дагасан ч одооны төр, засгийн нөхцөл байдлыг залруулж, зөөлрүүлж чадах хүн. МАХН-ын гишүүд ч итгэж нэр дэвшүүлсэн. Хамгийн гол нь бид энэ удаагийн сонгуульд өрсөлдөөн гэхээсээ илүүтэйгээр ялалтын төлөө орж байгаа. Цаг нь болсон.
-Ажиглагч нар МАХН-аас эмэгтэй хүнийг нэр дэвшүүлж байгааг юу гэж харж байна?
-Ардчилсан үзэлтэй, шинэлэг нам байна гэж дүгнэсэн. Мэдээж олон улсын ажиглагч нар болохоор аль нэг намыг өмгөөлж, хамгаалах, тэдэнд үйлчлэхгүй. Бүх намыг зэрэг нэг өнцгөөс ажиглаж, дараа нь нэгдсэн дүгнэлтээ хийнэ гэсэн. Нэр дэвшигчийн тухайд эхлээд нийгэм муу хүлээж авч байна уу даа гэж үзэхээр байлаа. Гэтэл эхнээсээ даруу байж, сурталчилгаагаа зөв хийж чадснаар нэр хүнд нь аажим аажмаар тогтмол өсөж байгаа нь ажиглагдсан гэдгийг хэлж байгаа юм. Одооноос л нэр дэвшигчийг таньж мэдэж, хүлээн зөвшөөрч эхэлж байгааг ажиглагчид онцолсон.
-Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, Хүний эрхийн газрын ажиглагчид урьдчилсан тайлангаа гаргасан. МАХН-ыг сонгуулийн сурталчилгаагаа ямар хийж байна гэж дүгнэв?
-Уур амьсгалыг зөөлрүүлж байгааг хэлсэн. Сүхбаатар дүүргийн МАХН-ын хувьд одооноос л эрчимтэй сурталчилгаагаа эхлүүлж байна. Ажиглагчид бүх дүүргүүдээр явж, намуудын сонгуулийн хороодоор орно. Ер нь харьцангуй тайван сурталчилгааг МАХН хийж байгаа. Бид нөгөө хоёр нам шиг асар их хөрөнгө хаяхгүй. Тэгэж чадах ч үгүй. Санхүүгийн асуудал хүндхэн байгаа. Тэглээ гээд бид хойш суугаагүй. Ерөнхийлөгчийн сонгуульд 6-8 тэрбум төгрөг зарцуулдаг гэсэн багцаа тоо байдаг юм гэсэн. Бид энэ зардлаас 10 дахин бага мөнгөөр сонгуулийн ажлаа хийж байна. Мөнгө чухал ч манай намын гишүүдэд шударга ёсны төлөө зүтгэх сэтгэл байна.
В.Туяа
Сэтгэгдэл ( 6 )
Монголд нүүрлээд байгаа таван аюулыг нэрлэсэн нь таалагдсан Удвал угаасаа шударга болохоор таван аюулыг тайван замаар зайлуулж чадах эмэгтэй итгэл төрж байгаа уг нь огт мэдэхгүй хүн байсан одоо түүнийг таниж болохоор цаг болсон гэж бодож байна
урдах ажилаа хийж чадахгүй байж балаа юманд орооцолдож явах юм эрүүл мэндийн сайдын ажилын хураавал таарна зүгээр.
udbal said eruul mendiin yamaa udirdaj chadaxgui bj yaj erunxiilugch bolxob dee. enxbayar odoo daxin garaxaasaa ungursun shu dee eniigee oilgodoggui l yum bxdaa . yaxab surtalchilgaa ni ayataixan l bn lee gebch ard ni enxbayar gedeg xun bgaa tsagt ene xun garaxgui ee
олон улсын ажиглагчдын дүгнэлтийг хэт улс төржүүлсэн харамсалтай юм. олон арга сэдсэн ч ерөнхийлөгч болох хүн тодорхой ерөнхийлөгч өөрөө шүү дээ
яахав зөв тактик баримталж байгаа юм байна. гэхдээ өслөө өслөө гээд 10% ч хүрэхгүй л болов уу даа.
maxn-d amjilt husie