Ховоо татаж, үйлсээ тэгшиллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 17

Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал Дундговь аймгийг зорих  замдаа малчин иргэдтэй малынх нь бэлчээр дээр уулзлаа. Малчин Д.Чинбат нэр дэвшигчтэй уулзсандаа билэгшээгээд түүнийг ховоо татаж үйлсээ тэгшилж, өргөн олныхоо тэргүүн болохыг ерөөв. Н.Удвал хөдөө төрж өссөн болохоор ховоо татахад сайн ажээ. Малчин Д.Чинбат хэлэхдээ “Анх удаа эмэгтэй хүн нэр дэвшиж байгаад баяртай байна. Иргэд, сонгогчидтойгоо хийсэн уулзалтаас эхлээд бүхий л мэдээллийг телевизээр харж байгаа. Эмэгтэй хүн Ерөнхийлөгч болвол их зүйл өөрчлөгдөнө гэж хүлээж байгаа” гэлээ.

 Дундговьчууд Н.Удвалын мөрийн хөтөлбөрийг дэмжиж байна   

 Н.Удвал Дундговь аймгийн Мандалговь суманд ирж иргэдтэй уулзлаа. Түүнийг тус аймгийн Засаг дарга С.Сүхбаатар, ИТХ-ын дарга С.Буджав, аймгийн МАХН-ын дарга н.Баатардарь  нар угтан авч хүндэтгэл үзүүлэв.

Дундговь аймгийнхан нэр дэвшигчийг халуун дотноор хүлээж авлаа. Зам хол учраас товлосон  цагаас  бага зэрэг хоцорсон ч түүний мөрийн хөтөлбөр иргэд бидэнд хэрэгтэй учраас хүлээгээд  байлаа хэмээн иргэд хэлж байв. Энэ үеэр Дундговь аймгийн азаай буурлууд нэр дэвшигчтэй уулзахаар одонгоо зүүгээд ирсэн байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалыг  УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, нарийн бичгийн дарга Ч.Чимидсүрэн  нар дагалдан явж байна.  Ч.Чимидсүрэн хэлэхдээ “Нөгөө хоёр нэр дэвшигчийн сурталчилгааны зардал нийт 37 тэрбум төгрөгт хүрээд байгаа бол манай намаас нэр дэвшигчийнх энэ мөнгөний нэг хувьтай тэнцэх мөнгөөр сурталчилгаагаа хийгээд явж байна. Мөн нөгөө хоёр  нэр дэвшигч аймгаас аймгийн хооронд онгоцоор нисч байна. Онгоц нэг цагийн 3600 ам.долларын өртөгтэй. Харин бид газраар ард иргэдтэйгээ уулзаад нэр дэвшигчийгээ сурталчлаад явж байна. Бид сонгуулийн төсвөө хэмнэе гэсэн хүсэлтийг нөгөө хоёр нэр дэвшигчдээ тавьсан боловч хүлээж аваагүй энэ мэтчилэн зовлон байгаа ч бид энэ  бүхнийг хайхралгүй иргэд та бүхэнтэйгээ уулзахыг чухалчилж байна” гэсэн юм.

Н.Удвал очсон газар бүхэндээ ард түмнээ сонсч яваа юм. Уулзалтад ирсэн иргэд, сонгогчид ч байр сууриа хэлж, асуух гэснээ чөлөөтэй асууж, хариу авч байгаагаагаа онцлог. Иргэн н.Цэрмаа “Н.Удвал нэр дэвшигчийн материалтай бид нарийвчлан  танилцсан. Үүний үндсэнд таны уулзалтад чин сэтгэлээсээ ирж оролцож байгаа юм шүү. Өнөөдөр нэг нэгнийхээ нүүр рүү харж байгаад мөрийн хөтөлбөрөө ярьж байгаа нь талархалтай байна. Таны мөрийн хөтөлбөрт заасан бодлогууд тусгаар монгол улсын иргэдэд маш шаардлагатай зүйлүүд тусгагдсан байна. Үүнийг та мэдлэгтэй, ухаантай, тэмцэгч чанараараа биелүүлж чадах хүчтэй өрсөлдөгч гэдгийг ойлгож дэмжиж байна. Өнөөдөр монгол хүний үнэ цэнэ алдагдаж, ахуй амьдрал нь доройтсон нь хаанаас ч харсан ив илхэн байгаа. Бид нөгөө хоёр нэр дэвшигчтэйгээ халз мэтгэлцээнд орох хөтөлбөр гаргасныг сонирхон хүлээж байгаа шүү. Тэрхүү халз мэтгэлцээнээр эмэгтэй хүний уран ухаан, мэдлэг чадвар гарна гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн юм.

Дундговь аймгийн Эрдэнэцогт сумын иргэн Д.Нямсүрэн “Би говьд ганц гэрээрээ өвөлжиж, хаварждаг. Ганц бие хүн. Эмэгтэйчүүд амьдралын ачаа үүрч байгаа гэдэг үнэн шүү. Яагаад эрчүүд ачаа үүрэлцэхээ байсан бэ. Тэд амьдралаа бидэнтэй хамтдаа авч явах ёстой, ачаа үүрэлцэх ёстой шүү дээ. Энэ байдал ардчилалтай шууд холбоотой. Монголчууд хуулиа мэддэггүй л гээд байдаг. Хуулиа мэдэхгүй биш мэддэг юм байна. Тамхины хууль гарснаас хойш манай аймагт тамхины иш үзэгдэхээ больсон. Та эмэгтэй хүнийхээ хувьд архины тухай хууль санаачилж өгөөч. Би буруу бодож байж магадгүй ээ, хөдөөний малчин хүн. Хоёр хүн архи уугаад нэгийгээ алж байна. Би хоёр нэр дэвшигчийг муулахгүй ээ. Алдааг нь засч өгөөд сонгохгүй байх эрх иргэн бидэнд бий” гэлээ.

Ийнхүү дуу, хуурын өлгийн нутаг дундговьчууд нэр дэвшигчтэй халуун дотно яриа өрнүүлж, Н.Удвал сайдыг монгол эмэгтэйчүүдийн нэг төлөөлөл болсон харахад харц дүүрэн сайхан эмэгтэй юм гэцгээж байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал одоо Өмнөговь аймгийг зориод байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.89.177) 2013 оны 06 сарын 17

Шударга байхдаа хүчтэй шударга бусыг өөрчлөөд өгөөрэй Удвалаа амжилт хүсье

0  |  0
зочин(202.126.89.177) 2013 оны 06 сарын 17

Шударга байхдаа хүчтэй шударга бусыг өөрчлөөд өгөөрэй Удвалаа амжилт хүсье

0  |  0
зочин(202.126.89.177) 2013 оны 06 сарын 17

Бутарсан самарсан төрөө эмэгтэйчүүд аварч байсан түүхтэй мафижсан төрийг магад цэгцэлж чадах хүн бол эмэгтэй хүн тэр дундаа хатуужил тэвчээртэй Удвал чадна гэдэгт итгэлтэй байгаа шүү

0  |  0
Top