Н.Удвал 18 дахь аймагтаа хүрэлцэн ирж сурталчилгаагаа хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчид анх удаа эмэгтэй хүн нэр дэвшиж байгаад өмнөговьчууд баяр хүргэж, талархан дэмжиж байгаагаа илэрхийлж угтлаа. Тэрээр хамгийн түрүүнд энгийн иргэдтэй уулзахыг чухалчилсан бөгөөд ээжүүд, эмэгтэйчүүддээ хандан бичсэн ил захидлаа өөрийн гараар тарааж өгсөн юм. Үүний дараа иргэд, сонгогчидтойгоо уулзав. Уулзалтыг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нээж үг хэллээ. Тэрээр энэ удаагийн сонгуульд ямар хүн гарах вэ гэдэг нь ихээхэн чухал асуудал юм. Манай нам хариуцлагатай намын хувьд шударга ёсны аяныг орон даяар явуулж ирсэн нь иргэн та бүхэнд хүрсэн билээ. Тиймээс ч энэ удаа бид хамгийн шударга, зарчимч хүнээ нэр дэвшүүлэн өрсөлдүүлж байна” хэмээн онцлов. Мөн нэр дэвшигчийг хөдөө орон нутагт дагалдаж яваа МАХН-ын Бага хурлын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон сонгогч түмэндээ хандаж үг хэллээ. Тэрээр “Монголчууд бид түүхэн сонголтын өмнө ирлээ. Өмнөговьчууд та бүхэн нэг удаа эмэгтэй хүн, эх хүнд итгээд үзээрэй. Төрийн ноён нурууг түшихэд эмэгтэй хүний хатан ухаан одоо цагт хэрэгтэй гэдгийг ойлгоорой” гэв. Уулзалтын үеэр иргэд өөрсдийн ахуй, амьдрал ямар байгааг нэр дэвшигчид танилцууллаа. Өмнөговийнхон уул уурхай хөгжиж байгаа нь сайн боловч түүнийг дагасан эрсдэл өндөр байна. Ялангуяа сүүлийн үед баян хоосоны ялгаа манай аймагт туйлдаа хүрсэн. Энэ нь таны мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэнтэй таарч байна. Тиймээс бид таныг дэмжинэ. Үүнээс гадна манай аймагт одоо хүртэл нэгдсэн худалдааны төв байхгүй, өөрөөр хэлбэл хар зах байхгүй өнөө хүрлээ. Үүнийгээ Засаг дарга болон аймгийн бусад удирдлагуудад хэлэхээр шийдэж өгдөггүй, уул уурхайнхныг дагаад гүйгээд байдаг. Энгийн иргэдэд уул уурхайн ашиг хүртдэггүй ихэс дээдэс л ашиг авдаг юм. Бид баялгаа цөлмүүлээд дууслаа. Гадаадын иргэнд ашиглуулахгүй гэсэн таны бодлого зөв шүү. Гарсан ч гараагүй ч та энэ бүхнийг цэгцэлж өгөөрэй хэмээн хүслээ.
Сэтгэгдэл ( 0 )