Монгол Улсын Ерөнхийлөгчид Ардын намаас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дэмжих “Эв нэгдлийн парад”-д 1000 гаруй залуус нэгдлээ. Бидэнд офшор данс хэрэггүй, Эв нэгдлийн төлөө урагшаа гэх зэрэг бичигтэй өнгө өнгийн фудболкаар ижилссэн залуусын парад хотын баруун, зүүн талаас зэрэг хөдөлж Тусгаар тогтнолын ордны үүднээ цугларсан юм. Тэдний нэг хэсэг нь Төмөр замын дээд сургуулийн урдаас парадаа эхэлсэн. “Мөрөөдлийн театр”-ынхан, “Бөртэ чонын үрс” бүжгийн хамтлаг нэгдсэн уг парад нар шарсан бүгчим халуун байсан ч дуутай, бүжигтэй, хөгжөөнтэй бас хүү эрч хүч, урам зоригтой алхалсаар Тусгаар тогтнолын ордноо хүрэлцэн ирлээ. Хүсэл мөрөөдөл, эх орныхоо ирээдүйн төлөө нэгдсэн эдгээр залуу Монгол Улс төрийн тэргүүнээ сонгох хариуцлагатай чухал энэ цаг мөчид залуу хүний оролцоо хамгийн чухал гэдгийг ухаарч ойлгож байгаа нь бахархалтай санагдсан. Тэд юу хийх, юу хүсч байгаа, ямар нийгэмд амьдарч, ямар ирээдүй рүү хамтдаа алхах, түүнд нь юу хамгийн чухал болохыг ойлгосон учраас “Эв нэгдлийн парад”-д нэгдсэн хэмээн ярьж байлаа. Хүсэл мөрөөдөл нь биелэхэд УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ дэмжигч бас хамтрагч байж чадна гэж тэд бат итгэлтэй байгаа гэлээ.
Залуус энэ цагийн “супермэн”-ээр Б.Бат-Эрдэнийг сонголоо
Улс эх орны ирээдүй хойч болсон энэ үеийн залуусын хүүхэд байхаасаа амтархан үзэж ирсэн хүүхэлдэйн киноны баатруудын нэг нь яах аргагүй “супермэн”. Супермэн бол сайн сайхны төлөө, муу үйлдэл, муу санаатнуудтай тэмцэгч баатар. Тэгвэл энэ цагийн супермэнээр залуус Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг нэрлэв. Тэд үүний илэрхийлэл болгож УИХ-ын гишүүн, нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дээлээ тайлаад жинхэнэ супермэний хувцастайгаар гарч ирж буйгаар дүрсэлсэн графит зураг бэлэглэсэн нь хамгийн сонирхолтой байлаа. Супермен шиг муу санаатнуудын эсрэг сайн сайхныг хамгаалж чадна гэсэн залуус зургаа “Цаг ирлээ” хэмээн нэрлэжээ.
Залуу хүн бүрийн хүсэл мөрөөдөл эх орноо хөгжүүлэх, харин үүний тулд…
Энэ цагийн бүтээн байгуулагчид, ирээдүйн эзэн болсон залуу хүн бүрийн хүсэл мөрөөдөл эх орноо хөгжүүлэх, дэлхийн тавцанд гарч, бусадтай хөл нийлүүлэн алхах юм. Үүний тулд залуусын хичээл зүтгэл, хүч хөдөлмөр чухал хэдий ч үүнтэй эн тэнцэхүйц чухал асуудал бол төр, засгийн дэмжлэг гэдгийг өчигдрийн парадын төгсгөлд хүслээ бичин бөмбөлөгтэй хамт хөөргөхөөр ирсэн залуус тунхаглаж байлаа. Залуу хүнийг ойлгодог, тэднийг дэмждэг, сурч боловсорч, мөрөөдлөө биелүүлэхэд нь гүүр болдог, боож хаадаггүй, шударга, тууштай, тулхтай тийм л төрийн түшээтэй байхыг тэд хүссэн учраас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжихээр сайн дураараа цугларцгаасан юм байна. Залуу хүн зорилготой, мөрөөдөлтэй бол эх орны ирээдүй гэрэлтэй гэж өөрсдөө хэлж ярьсан залууст нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ дэмжихээ, хамтрахаа амласан. Тэрбээр “Бүх цаг үеийн алдартнууд, агуу түүхийг бүтээгчид, амжилтын эзэд бол энгийн нэг гэр бүлээс гаралтай байдаг. Би ч гэсэн энгийн нэг ажилчин, малчин гэр бүлээс гаралтай. Та бүхний дунд ч ирээдүйг бүтээгчид, агуу түүх, амжилтын эзэд олон байгаа. Тиймээс би залуучууддаа найдна, ахмад үеэсээ арга ухаан авна, өөрийн үеийнхэнтэйгээ алагчлалгүй хамтран зүтгэнэ…” гэлээ. Түүний мөрийн хөтөлбөрт ч нийгмийг хөдөлгөгч гол хүч, бааз суурь болсон залууст чиглэсэн олон бодлого бий.
Сэтгэгдэл ( 1 )
Сонгуулийн сурталчилгааг харахад Элбэгдорж аархсан их мөнгө цацсан байдалтай харин Бат-Эрдэнэ баахан бардсан байдалтай харин Удвал эгэл жирийн иргэдийн дунд их л даруу санагдлаа Эрчүүд үлгэр ярьсаар эмэгтэй хүн амьдрал ярьсаар Хаан төрийг хатан ухаанаар удирдах цаг ирлээ