Эрдэнэтийнхэн Элбэгээ Ерөнхийлөгчөө дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж зургадугаар сарын 15-ны үдээс хойш Орхон аймагт ажиллав. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, М.Батчимэг нар нэр дэвшигчээ дэмжин Орхон аймагт ажилласан юм. Мөн БНН-ын дарга Б.Жаргалсайхан Булган, Орхон аймагт ажиллаж байгаа юм байна.
Эрдэнэт хотын нэгдүгээр 10 жилийн дунд сургуулийг 1981 онд төгссөн, Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэрийн Засвар, механикийн цехээс ажлын гараагаа эхэлсэн Ц.Элбэгдоржийг орхончууд аймгийнхаа хил дээр бэсрэг наадмын дайтай олон хүн цугларан, алд цэнхэр хадаг, аяга дүүрэн сүүтэй хүлээж авав. Түүнийг Орхон аймгийн төвд хүрэлцэн ирэхэд Орхон цэргийн хүрээний хүндэт харуул жагсч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийнх нь хувьд хүндэтгэн угтлаа. Нэр дэвшигч үүний дараа Ерөнхий сайд агсан А.Амарын хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм.
Аймгийн захиргааны гадаах талбайд сумын наадмын хэрийн хүн зон цугларч, төрөлх аймгаас нь ажлын гараагаа эхэлж байсан Ерөнхийлөгчөө хүндэтгэн тосов. “Эрдэнэтчүүд Элбэгээ Ерөнхийлөгчөө дэмжинэ”, “Өмнөх сонгуулийн түүчээ сонголтоо баталгаажуулна”, “Амжилт хүсье” хэмээн иргэд уухайлж байлаа. Үнэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулиар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өгсөн саналаараа түүчээлсэн газруудын нэг нь Эрдэнэт байсан билээ.
Нэр дэвшигч эхлээд тус аймгийн төрийн албан хаагчидтай уулзав. Өнгөрсөн зуны наадмаар үерт авахуулж байснаасаа сургамж авч үерийн далан байгуулж байгаа, бүтээн байгуулалт өрнүүлж эхэлсэн, архи зардаг цэгүүдийг цөөлж, архигүй аян өрнүүлж байгаа талаар уулзалт дээр ярьцгаалаа.
Ц.Элбэгдорж Орхон аймгийн хүндэт иргэн болов
Бараг бүтэн жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Орхон аймгийн хүндэт иргэнээр өргөмжилжээ. Гэвч түүнийг авч чадалгүй өдий хүрснийг тус аймгийн Засаг дарга Х.Зоригт гардуулан өгөв. Хүндэт иргэний өргөмжлөл, энгэрт зүүдэг одонг “Сонгуульдаа ялаарай” гэсэн мялаалгын үг дагалдаж байлаа.
Энэ үеэр онцлог нэг үйл явдал болсон нь “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийнхан нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжихээ уриалцгаалаа. Эрдэнэтийн үйлдвэрийн овоолгыг ашиглах тэдний саналыг Засгийн газар дэмжихээр болсонд тэд талархаж байв. Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр Монгол монголтойгоо өрсөлддөг цаг өнгөрч, монгол дэлхийд өрсөлддөг болж байгаа цагт дэлхийд Монголын сайн нэрийг түгээж байгаа Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг дэмжихийг иргэд уриалж байлаа.
Нэр дэвшигч Ц.Элбэгдорж уулзалтын дараа өөрийн төгссөн Орхон аймгийн нэгдүгээр дунд сургуульд зочилж, анги танхимаараа орж, ангийн андуудтайгаа уулзан зургаа татуулж, залуус оролцсон телевизийн Ток шоунд оролцов. Залууст ажил мэргэжлээ хэрхэн сонгох, яавал том мөрөөдөлтэй залуу хүн болох зэргээс эхлээд амьдралынхаа ханийг хэрхэн сонгох тухай тэрээр зөвлөсөн юм.
Мөн өдрийн орой Орхон аймгийн Жаргалант сумын иргэдтэй уулзав. Зуны налгар орой задгай талбайд цугларсан иргэд өөрийн аймгаас тодорч гарсан Монгол Улсын Ерөнхийлөгчөө дахин дэмжихээ илэрхийлж байлаа.
Нэр дэвшигч Ц.Элбэгдорж тус сумыг азтай сум хэмээн тодотгосон юм. Бусад сумддад орон нутгийн хөгжлийн санд нь 200-400 сая төгрөг ногдсон бол Жаргалант суманд 2,6 тэрбум төгрөг ногджээ. Үүгээр сум орон нутгаа хөгжүүлж,орон сууц, инженерийн шугам сүлжээ барьж байгуулахаар болсон байна.
Ийнхүү нэр дэвшигч Ц.Элбэгдорж өөрт нь түүчээ сонголтоо зориулсан Орхон аймгийнхнаас дахин өндөр хувьтай санал авах магадлалыг “халааслан” мордлоо.
Д.ОЮУН
Сэтгэгдэл ( 1 )
Хазайсан хаан төрийг хатан ухаанаар эмхлэх цэгцлэх цаг болсон Улсаа худалддаг эрчүүдээс уруулаа будсан хүүхнүүд дээр