МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 17

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос байгуулсан Санал тоолох төхөөрөмж болон түүний программ хангамжийг шалган туршиж баталгаажуулах, гэрчилгээ олгох үүрэг бүхий Ажлын хэсгээс  дараах мэдэгдлийг гаргалаа.
Уг мэдэгдэлд, Сонгуулийн Ерөнхий Хороо Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн “Хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” 03 дугаар тогтоол болон “Мидас” ТББ-аас тус Хороонд гаргасан саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд хэрэглэх санал тоолох төхөөрөмжүүдийн програм хангамжийг туршиж шалгах ажиллагааг нийтэд ил тод, нээлттэй болгох зорилгоор зохион байгуулсан ажиллагаанд улс төрийн намуудын төлөөллийг оролцуулж хяналт тавих боломжоор хангасан.
Энэхүү санал тоолох төхөөрөмжийн програм хангамжийг туршин шалгах ажиллагаа хоёр удаа /2013 оны 6 дугаар сарын 12, 14-ний өдрүүдэд/ явагдсан бөгөөд МАН-аас Б.Долгор, Ш.Раднаасэд, Н.Баярмаа , Б.Энхбаяр, Г.Болд,  АН-аас Н.Ариунболд, Ц.Батмөнх, Б.Даваа, Б.Энхтөр, МАХН-аас З.Батбаяр, О.Мөнхбат, А.Сүрэн, Олон улсын ажиглагч Симеон Апостолов, Каха Инашвили нарын хүмүүс оролцсон. Уг ажиллагааны ач холбогдол нь санал тоолох төхөөрөмжөөс гарч байгаа санал хураалтын дүнгийн мэдээлэлд ямар нэг зөрүү гараагүйг намуудын төлөөлөл шалгаж баталгаажуулсан явдал юм.
Харин үүний дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр санал тоолох төхөөрөмжийн програм хангамжийг туршин шалгах ажиллагааны үр дүнг буруу ташаа нийтэлж, сонгогчдыг төөрөгдүүлсэн мэдээлэл цацагдах боллоо.
Тухайлбал, саналын хуудас болон саналыг ямар тохиолдолд хүчингүйд тооцох, хэнийг ч дэмжээгүй буюу санал огт тэмдэглээгүй саналын хуудасны  талаар хуульд заагаагүй агуулга бүхий буруу ташаа тайлбар, мэдээллүүдийг нийтэд цацаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.10 дахь хэсэгт “Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно.” гэж заасан.
Сонгогч саналын хуудсанд нэг ч санал тэмдэглэхгүйгээр саналаа өгч байгаа нь тухайн сонгогч хэнийг ч дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн санал бөгөөд энэ нь хүчинтэй болон хүчингүй саналын алинд ч үл хамаарна. Харин тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчийн тоонд оруулан санал огт тэмдэглээгүй саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцохоор хуульчилсан байна.
Өөрөөр хэлбэл хуульд зааснаар санал тоолох төхөөрөмжөөс хэвлэгдэн гарах санал хураалтын дүнгийн мэдээлэлд байгаа санал огт тэмдэглээгүй саналын хуудасны тоо нь хэнийг ч дэмжээгүй саналын тоо юм. Санал огт тэмдэглээгүй саналын хуудасны тоо нь санал хураалтын дүнгийн мэдээлэлд байгаа нийт уншигдсан хүчинтэй саналын хуудасны тоонд хуульд заасны дагуу орж тооцогдож байгаа юм.

Саналыг хүчингүйд тооцох үндэслэл:
Саналыг хүчингүйд тооцох 2 үндэслэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасан байна. Тухайлбал, 58 дугаар зүйлийн 58.1.1-д “саналын хуудас хэвлэгдсэний дараа хуульд заасан үндэслэлээр нэр дэвшигчийн бүртгэлээс хасагдсан нэр дэвшигчийн төлөө санал өгсөн” гэж, 58.1.2-д “нэгээс илүү нэр дэвшигчийн төлөө өгсөн санал” гэж тус тус заажээ.
Хүчингүй санал гэдэг ойлголт нь хүчинтэй саналын хуудсанд тэмдэглэгдсэн дээрх хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.1, 58.1.2-т заасан саналд хамаарна. Тухайн сонгогчийн 1-ээс илүү нэр дэвшигчийн төлөө өгсөн санал тус бүрийг тоолж санал хураалтын дүнгийн мэдээлэлд “хүчингүй саналын тоо”-г тооцон гаргаж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, сонгогч саналын хуудсанд 2 нэр дэвшигчийн төлөө санал өгвөл тухайн сонгогчийн өгсөн саналыг 2 хүчингүй саналд тооцно, харин 3 нэр дэвшигчийн төлөө саналаа өгвөл 3 хүчингүй саналд тооцно. 2 болон 3 санал тэмдэглэгдсэн саналын хуудсуудад нийт 5 хүчингүй санал тэмдэглэснийг санал тоолох төхөөрөмжөөс гарах санал хураалтын дүнгийн мэдээлэлд “хүчингүй саналын тоо 5” гэж харуулж байгаа болно.
Саналын хуудсыг хүчингүйд тооцох үндэслэл:
Саналын хуудсыг хүчингүйд тооцох 1 үндэслэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт “Баталсан загвар, шаардлагыг хангаагүй саналын хуудсыг хүчингүйд тооцно.” гэж заасан байна. Үүнээс бусад тохиолдолд саналын хуудсыг хүчинтэй гэж ойлгоно.
Санал тоолох төхөөрөмжийн санал хураалтын дүнг гаргах програмын хяналтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль болон Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасан үндэслэлийн дагуу хийж, түүнд улс төрийн намууд болон төрийн бус байгууллагын төлөөллүүд шалгалт хийж үр дүнг нэгэнт баталгаажуулж гарын үсэг зурсан болно.
Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болоход цөөхөн хоног үлдэж байгаа энэ цаг үед сонгуульд хэрэглэх санал тоолох төхөөрөмжтэй холбогдсон буруу ташаа, сонгогчдыг төөрөгдүүлсэн хариуцлагагүй мэдээллийг олон нийтэд түгээхгүй байх, иргэний сонгох эрхээ хэрэгжүүлэхэд болон сонгуулийн хорооны хуулийн дагуу явуулж байгаа аливаа ажиллагаанд санаатай саад хийхгүй байх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүнд хууль бусаар нөлөөлөх, хөндлөнгөөс оролцож будлиантуулах ажлыг зохион байгуулахгүй байхыг улс төрийн намууд болон бусад байгууллага, албан тушаалтан, аливаа этгээдэд анхааруулж байна мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.70.47.154) 2013 оны 06 сарын 17

Автомат машинаас болоод сонгууль будлиантсан тохиолдлыг би сонсоогүй юм байна УИХ дэд дарга Н.Энхболд 2012№-280 Үндэсний шуудан

0  |  0
мишка(124.158.77.28) 2013 оны 06 сарын 17

эргүү малнууд 20р зуунруугаа эргээд очвол таарна

0  |  0
zochin(131.220.92.209) 2013 оны 06 сарын 17

mashind buruu gej yu baihav humuus l no-toi

0  |  0
zochin(131.220.92.209) 2013 оны 06 сарын 17

mashind buruu gej yu baihav humuus l no-toi

0  |  0
zochin(131.220.92.209) 2013 оны 06 сарын 17

mashind buruu gej yu baihav humuus l no-toi

0  |  0
Top