УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарласан энэ хугацаанд УИХ-ын дарга З.Энхболд батлагдсан хууль тогтоомжуудыг мэдээлж тайлбарлан таниулах, иргэд сонгогчдын санал бодлыг сонсох, цаг үеийн ажлын явц байдал, зарим аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаатай танилцах зорилгоор хэд хэдэн аймагт томилолтоор ажиллаж байгаа билээ.
УИХ-ын дарга өнгөрсөн Бямба гарагт Завхан аймгийн төвд ажиллаж ирээд өнөөдөр өглөө Өвөрхангай аймгийг зорьсон юм. УИХ-ын даргыг Арвайхээр хотод хүрэлцэн ирэхэд төв талбайд хүндэт харуул жагсаж угтав. Тэрбээр тэнд цугласан аймгийн удирдлага, иргэдийн төлөөлөлтэй мэндчилээд Сайн ноён хан Т.Намнансүрэн, Ерөнхий сайд П.Гэндэн нарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
УИХ-ын дарга З.Энхболд дараа нь аймгийн төвийн иргэдтэй уулзаж, УИХ-ын хаврын чуулганаар батлагдсан хууль тогтоомжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлж тайлбарлав. Тухайлбал, Тамхины хяналтын тухай, Хүнсний тухай, Үнэт цаасны тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулиудын талаар иргэд сонгогчдод тайлбарлаж таниулав.
Түүнчлэн “Чингис бонд”-ын хөрөнгөөр санхүүжүүлж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүд, Тавантолгойн уурхайг түшиглэж уурхай барих асуудал, “Гудамж” төсөл, шинэ төмөр зам, ноолуур болон технологийн салбарт шинэчлэл хэрхэн дэмжлэг үзүүлэх болсон талаар танилцуулсан юм. Мөн “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим төслийн талаар тухайлбал, үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр сүү, сүүн бүтээгдэхүүнд 27,7 сая, хүлэмжийн аж ахуйд 17,4 сая, ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 45 сая, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 13,5 сая ам.долларын дэмжлэгийг “Чингис бонд”-оос гаргахаар болсон талаар танилцуулж, иргэд сонгогчдын асуултад хариулт өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 1 )
chaddag bol elbegdorjiig ovorhangai aimagt avaad irdee harya