Сонгуульд 2500 машин хэрэглэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 18

Энэ сарын 14-16-ны өдрүүдэд гадаад дахь монголчуудын саналыг авах ажил явагдсан. Уг санал хураалтад нийт 6478 хүн сонгуульд оролцох ёстой байснаас 4228 хүн 39 хороонд саналаа өгч 68,5 хувийн ирцтэйгээр оролцжээ. Үүнийг өнгөрсөн жил болсон УИХ-ын сонгуультай харьцуулахад саналаа өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн тоо, саналаа өгсөн сонгогчийн тоо аль аль нь 50 хувиар өссөн үзүүлэлт аж. Хамгийн сүүлд гэхэд 13.00 цагт Сан-Францискод санал хураалт явуулж гадаад дахь сонгуулийн ажиллагааг хаасан байна.   

Мөн энэ сарын 26-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг бүрэн хангаж байгаа тухай СЕХ-ноос өчигдөр мэдэгдлээ. Тухайлбал өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1.856.190 сонгогч саналаа өгөхөөр бүртгэгджээ. Нийслэлд 22, сум дүүрэгт 339 хороо ажиллах юм байна. Мөн 1896 хэсгийн хороо байгуулагдаж санал авах ажлыг зохион байгуулахаар бэлтгэлээ хангасан байна. Үүнд нийт 15000 гаруй хүн ажиллаж байгаа. Үүнээс 2271 хүн ахлагчаар, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан 2500 гаруй хүн тус бүр ажиллаж байгаа аж. Цагдаа, тагнуул зэрэг байгууллагынхныг оруулбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 20 мянга гаруй төрийн албан хаагч дайчлагдан ажиллаж байна гэх мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга өглөө.   

Одоогийн байдлаар 34 орны 385 гадны ажиглагч ажиллахаар бүртгүүлсэн байна. АНУ 31, Герман улсаас 40, ОХУ-аас 40, Швед, Канадаас тус тус 10 хүн ажиллахаар болжээ. ОХУ, Киргиз улсуудаас сонгуулийн төв хорооны дарга нь ирэх юм байна. Гадны ажиглагч нарын зарим нь энэ долоо хоногт ирэх бол зарим нь энэ сарын 24, 25-ны өдөр манай улсад ирэх аж. Хуулийн дагуу 24-ны өдрийн 00.00 цагт сонгуулийн сурталчилгаагаа дуусгах ёстой. Сонгуульд нийтдээ 2500 машин хэрэглэх юм байна.     

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top