Их нийслэл Хархориноос эхэлсэн Н.Удвалын сурталчилгаа эх орончдын өлгий нутагт өндөрлөлөө

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 19

  Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал олон үндэстний өлгий  нутаг Ховд хотод өнөөдөр хүрэлцэн ирлээ. Эх  орончдын өлгий  нутаг Ховд аймагт сурталчилгаагаа өндөрлүүлж байгаа нь учиртай  гэж нэр дэвшигч уулзалтын эхэнд тодотгож хэллээ. Тэрээр энэ талаар хэлэхдээ, “Эх орончдын өлгий нутгийн иргэд та бүхэнтэйгээ нүүр тулан уулзаж байгаадаа баяртай байна. Ховд нутгийг сүүлийн аймгаараа сонгосон нь тохиолдлынх биш, бэлэгдлийнх  гэдгийг онцлон хэлмээр байна гэлээ. Ингээд нэр дэвшигч Н.Удвал  мөрийн хөтөлбөрөө тус аймгийн иргэдэд танилцууллаа. Нэр дэвшигчийн уулзалтыг Ховд аймгийн Иргэдийн хурлын дарга Н.Баярсайхан нээж үг хэлсэн юм. Тэрээр эмэгтэй хүн  анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаад Ховд нутгийнхан бид талархан хүлээж авч байна. Манай аймгийнхан таныг нам харгалзахгүй дэмжинэ гэдэгт итгэж байна гэсэн юм.

 

 

        Нэр дэвшигч Н.Удвал Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзаад батлан хамгаалах салбарын үзэл баримтлалыг шинэчлэх шаардлага байгааг тодотгон хэллээ. Ингээд аймгийн захаар орж бизнес эрхлэгчидтэй уулзсан юм. Иргэд сүүлийн үед иргэдийн худалдан авах чадвар буурсан, битүү зах хэрэгтэй байгааг нэр дэвшигчдэд дуулгав. Энгийн иргэд нь хар бор ажлаа хийдэг, ихэс дээдэс нь газрын баялгийг хувааж хууль бусаар завшиж байгаад сэтгэл дундуур буйгаа ч хэлж байлаа. Тиймээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж эмэгтэйчүүд, эхчүүдийн ачаанаас бага гэлтгүй хөнгөлөхийг бодоорой гэсэн чин сэтгэлийн үгээ хэлж байлаа. Ховд аймгийн эмэгтэйчүүд анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болохын тулд “ Нэг өрхөөс нэг эмэгтэй” уриалга гаргасан  тухайгаа нэр дэвшигчдэд тайлбарлалаа. Энэ уриалга  нь тухайн нутгийн нэг айлаас нэг эмэгтэй Н.Удвал нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө гэсэн үг ажээ. Тэдний санаачилсан тус уриалгыг нутгийн олон эмэгтэйчүүд дэмжиж байгаа гэлээ. Эх орончдын нутгийн эгэл бүсгүйчүүд нэр дэвшигч Н.Удвалтай сэтгэл нэг байгаагаа ийнхүү илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигч Нацагийн Удвалын сонгуулийн сурталчилгааны ажил Их Нийслэл Хархориноос эхэлсэн бол энэ удаа эх орончдын өлгий нутаг Ховд хотод өндөрлөлөө. 

Э.Нэргүй

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.194.114.159) 2013 оны 06 сарын 20

Хүүхнүүд нам харгалзахгүй Удвалыг дэмжинээ

0  |  0
зочин(203.194.114.159) 2013 оны 06 сарын 20

Танд амжилт хүсье

0  |  0
Top