МИАТ тойрсон цуврал үргэлжилж байна. МИАТ-ийн луйврын хэргийн ард нэр бүхий удирдлагуудаас гадна Төрийн өмчийн хорооны нэр бүхий хүмүүс, хуулийн байгууллагынхан гэхчлэн бүхэл бүтэн бүлэглэл байгааг, тэдний учруулсан хохирлын хэмжээ өсөн нэмэгдэхээр байгааг Ерөнхий Прокурор хэлж байсан нь саяхан санагдана. Харин бодит байдал дээр МИАТ-аар овоглож явсан зургаан хүн хариуцлага хүлээгээд, луйврын торыг сүлжсэн байх магадлалтай олон хүн нэр цэвэр үлдэж хоцорч байна. Бүр удирдлагуудынхаа зааврын дагуу энэхүү луйврын хэргийг гүйцэтгэж ирсэн гүйцэтгэгчидтэй хуулийн байгууллага хариуцлага тооцсонгүй өнгөрч байгаа нь анхаарал татаж байна. Ер нь бол МИАТ-ийн санхүүгийн асуудлыг хариуцан ажиллаж байсан албан тушаалтнуудыг хуулийн байгууллага шалгаж байгаа талаар яригдаж байсан ч, тэр нь газар авсангүй. Гэхдээ Дайны эрсдлийн даатгал нэрээр мөнгө шамшигдуулсан энэ хэргийн эхлэл, өрнөл, төгсгөлийн хооронд МИАТ компанид 4 Гүйцэтгэх захирал, 10 Дэд захирал солигдсон бол Ерөнхий нягтлан бодогчоор нь хоёр хүн л ажиллаж ирсэн байдаг. Тэрчлэн Дайны эрсдэлийн даатгалын хураамжийн 2006 оны орлогыг 2007 оноос эхлэн өглөг болгон бүртгэж мөнгө угааж эхэлсэн анхны гүйлгээг гардан гүйцэтгэгчид нь Гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбилэг болоод Ерөнхий нягтлан бодогч Д.Баясгалан нар байсан гэх мэдээлэл бий. Энгийнээр бодоод үзэхэд ч Захиран зарцуулах гарын үсгийг эзэмшигч нягтлангууд удирдлагуудын шийдвэрийг мэдэхгүй хэрэгжүүлнэ ч гэж байхгүй билээ.
Тодотгоход, МИАТ-ийн санхүүгийн асуудлыг хариуцаж ирсэн эрхмүүдийг энэхүү луйврын хэрэгт холбогдолгүй орхих нь үнэнд нийцэх үү гэдэг асуудлыг өмнө нь ч хөндөн бичиж байсан гэдгээ энд хэлэх нь зөв болов уу. Харин одоо МИАТ-ийн Ерөнхий нягтлан бодогч байсан Д.Баясгалан болоод Нягтлан бодогч байгаа Д.Батбилэг нартай холбоотой анхаарал татсан мэдээллийг хүргэе. Энэ хоёр хүний тухайд мэргэшсэн нягтлан бодогчид биш бөгөөд МИАТ компани нь холбогдох 2-3 хуулийн заалтыг санаатайгаар зөрчин байж тэднийг томилсон гэх мэдээллийг МИАТ-ийн дотоод эх сурвалжаас гадагшилж байсан юм.
Д.Баясгалан хэмээх багш эмэгтэйн хувьд 2006-2010 онд Ерөнхий нягтлан бодогчоор ажилласан. Түрүүн өгүүлсэнчлэн Дайны эрсдэлийн даатгалын хураамжийн орлогыг өглөг болгон бүртгэж мөнгө угааж эхэлсэн анхны гүйлгээг Гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбилэгийнхээ хамтаар хийж эхлүүлсэн гэх тэрбээр МИАТ ХК-д 3 жил гаруй хугацаанд ажиллахдаа энэхүү мөнгө угаах гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн төдийгүй олон зуун сая төгрөгийг завшсан, тендергүйгээр 800,0 сая төгрөгийн ажил үйлчилгээ шахсан байдаг нь хуулийн байгууллагаар тогтоогдсон гэх мэдээлэл бий.
Санхүүгийн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий нягтлан бодогч байсан тэрбээр энэ мөнгө угаах үйлдэлдээ өөрийн найдвартай хэдэн нягтлангуудыг татан оролцуулсан байдаг нь тогтоогдсон ч, өнөөдрийн тухайд харахад тэд цэвэр үлдчихээд байна. Тэрээр компанийн санхүүгийн тайлан балансыг санаатайгаар засч 2006 он хүртэл хуримтлагдсан байсан 1,19 тэрбум төгрөгийн дайны эрсдэлийн даатгалын хураамжийн орлогыг өглөг болгон санаатайгаар засаж, худал тайлан гаргах үйл ажиллагааг Санхүүгийн дотоод хяналтын дарга Л.Сайнжаргал, Ахлах нягтлан бодогч Х.Буянхишиг нараар гардан гүйцэтгүүлж, яг тэр дүнгээр анхны гүйлгээг гадаадад гаргаж луйвраа эхэлсэн байдаг юм байна. Тэрчлэн энэхүү үйлдэл нь хууль зөрчсөн гэдгийг баталгаажуулах зүйлсийн нэг бол луйврын дансны бичилт, гүйлгээг хэл амгүй, зааврын дагуу хийж, баланс тайланг засаж маш сайн ажилласан Л.Сайнжаргал, Х.Буянхишиг нарт оочер дараалал, ажилласан жил харгалзалгүй орон сууцны дэмжлэг үзүүлж тус бүр 20,0 сая төгрөгөөр компаниас шагнасан байдаг аж. Хэрэв тэд зүгээр л хууль журмын дагуу ажлаа хийсэн бол ингэж их урамшуулал авах байсан гэж үү.
Мөн Д.Баясгалангийн тухайд 2010 оны 5 дугаар сард Токио дахь төлөөлөгчийн газрын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх томилолт авсан хирнээ аялал жуучлалын байгууллагуудтай уулзах, бэлэг дурсгал өгөх нэрээр 100,0 гаруй сая төгрөгийн томилолтын төсөв батлуулж авч явсан байдаг аж. Тэгээд эргэн ирж хуурамч баримт бүрдүүлэн зардалд бүртгэж томилолтын тооцоог хааж ихээхэн хэмжээний мөнгө завшсан байна. Харин хэвлэлээр асуудал сөхөгдөөд ирэнгүүт 2011 оны 1 дүгээр сард өнөөх зарлагадсан гэж баримт бүрдүүлж хаачихсан байсан уулзалт, бэлэг дурсгалын зардал мөнгө нь яг тэр дүнгээрээ МИАТ ХК-ийн Токио дахь дансанд буцаан тушаагдсан нь хамт ажиллагсдынх нь хараанаас мултарч чадаагүй аж. Харин Ц.Орхон захирал түүнийг 2010 оны 7 дугаар сард ажлаас нь чөлөөлөхдөө сайн ажиллаж байсан гэж 20,0 сая төгрөгөөр шагнаад явуулсан юм билээ.
Харин түүний оронд 2010 оны 7 дугаар сараас Ерөнхий нягтлан бодогчоор Зам,тээврийн сайд А.Гансүхийн туслах эмэгтэйн нөхөр Д.Батбилэгийг ажиллуулж эхэлжээ. Түүнийг мөн л холбогдох 2-3 хуулийн заалт санаатайгаар зөрчин албан тушаал урвуулан ашиглан хүчээр томилсон бөгөөд хөдөлмөрийн гэрээг нь хагас жил тутмаар мэргэшсэн нягтлан бодогч болох хуулийн дээгүүр, онцгой эрх ямба, нөхцөлтэйгөөр сунган өдийг хүрсэн гэж байгаа юм.
Мөн энд нэг зүйлийг тодотгоход, ЗТБХБ болоод ТӨХ-оос МИАТ-ийн 2009-2011 оны санхүүгийн болон нислэг үйлдвэрлэл, үйл ажиллагаанд шалгалт хийхдээ Ерөнхий нягтлан бодогч нарыг хуулийн 2-3 заалт зөрчсөн талаар огт дурдаагүй өнгөрчээ. Харин тэрхүү ажлын хэсгийг Дэд сайд А.Гансүх ахалж 3 сар ажиллан байж тайлан гаргасан байдаг. Уг нь Ерөнхий нягтлан бодогч Д.Батбилэг нь 2010 онд Гүйцэтгэх захирал Ц.Орхоны хамтаар Токио руу хэд хэдэн удаа их хэмжээний доллар гуйвуулсан байдаг аж. Гэхмэтчилэн харвал МИАТ-ийн луйврын хэрэгтэй холбогдох учиртай хүмүүсийн жагсаалт нэмэгдсээр байх нь.
Нэмээд өгүүлэхэд, манай сайт энэ долоо хоногт МИАТ-ийг тойрсон асуудлыг цувралаар хөндөж байгаа. ”Монголиан эйрлайнс” дахь Ч.Хоролсүрэнгийн гэгдэх хувьцааг төр МАК-аас авч дийлэх үү? гэдэг асуудлыг бид хөндсөн. Мөн МИАТ-ийг залгих зорилготойгоор байгуулагдсан гэгддэг ”Монголиан эйрлайнс” компанийн ар болох улстөрчид МИАТ-ийн удирдлагуудыг Дайны эрсдлийн даатгал гээчээр халхавч хийн их хэмжээний мөнгө шамшигдуулж ирсэн хууль бус үйлдлийг мэдэж, дэмжиж байсан уу гэдэг асуудлыг хөндсөн. Харин энэ удаа хэргээс гадуур үлдсэн байж болзошгүй нэр бүхий хүмүүсийн тухай хөндөв.
МИАТ тойрсон цуврал үргэлжилнэ.
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 2 )
MIAT companiig zoriud dampuuruulah oroldlogo yavagdsan baina. Iimd sain shalgaj ard baigaa uls torchdiig todruulah heregtei.
үнэхээр эвгүй газар эвгүй эвгүй гарууд ажилладаг