Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаантай уулзаж, цаг үеийн асуудалтай холбогдуулан зарим зүйлийг тодрууллаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Ерөнхийлөгчийн зөвлөхтэй нийлж алтны хуурамч лицензийг Солонгосуудад зарж, залилан хийсэн тухай нийтлэл сонгуулийн өмнө Энэтхэгийн нэгэн цахим хуудаст гарсныг Монголд түгээж эхэллээ. Энэ талаар тодруулах гэсэн юм?
-Монголдоо соёлтой, шударга, сайхан сонгууль явуулахын оронд гадны цахим хуудсаар Монгол Улсынхаа нэрийг, Ерөнхийлөгчийнхөө нэрийг гутаасан, огт үндэслэлгүй мэдээлэл тарааж байгааг хараад хэлэх үг ч олдохгүй юм. Монголчуудын хэлдэгээр жудаггүй зан гаргаж байна. Нэрээ нуусан, эх сурвалжгүй, салхинд хийссэн хар мэдээнд Монголчууд автахгүй байх дархлаатай болсон.
-Ийм худал мэдээлэл түгээх нь цаанаа ямар зорилготой юм бол?
-Хэдэн ч таамаг дэвшүүлж болно. Тухайлбал, Монгол руу хандсан гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоох, дайжуулах гэсэн гадаадынхны хорлон бусниулах гэсэн үйл ажиллагаа гэж хардаж болно. Хоёрт Ерөнхийлөгчийн, авилгын эсрэг явуулж ирсэн тэмцлийг зогсоох гэсэн, түүнд хорссон хүмүүсийн үйлдэл байж болох талтай. Яагаад гэвэл Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч тангараг өргөсөн цагаасаа хойш авилгатай тэмцэж ирсэн. Түүний санаачилгаар 2010 оны 6 дугаар сараас хойш хайгуулын ганц ч лиценз олгоогүй. Хууль зөрчиж олгосныг нь шүүх цуцалж, төрд буцааж өгч байгаа. Үүнд хорссон хүмүүсийн захиалга байж болох юм. Гурав дахь таамаглал бол Сонгуулийн хар пиар. Энэ нь илүү магадлалтай.
-Таныг Л.Пүрэвсүрэн зөвлөхтэй хамт Солонгост очоод төгрөгөөр бол нэг тэрбум шахам төгрөгтэй тэнцэх воныг бэлнээр авсан гэж бичсэн байсан ?
-Хүмүүсийн хэлээд байгаагаар биднийг үнэхээр Солонгос руу хамтдаа явсан эсэхийг Олон улсын нисэх буудлын шалган нэвтрүүлэх, билетийн касс болон бидний гадаад паспортыг үзээд мэдэж болно шүү дээ. Бид хоёр хамтдаа хэзээ ч Солонгос руу явж байгаагүй юм байна, одоо бодоход. Ингэж ор үндэсгүйгээр гүтгэж болохгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч бидэнд гишгэсэн мөрөө битгий хэл, гишгэх мөрөө харж яв гэж хэлдэг. Энд бичигдснээр бол тэр их мөнгийг бид өргөж, үүрч даахгүй. Тийм их мөнгийг кинонд гардаг Далайцэрэн шиг улсын аврага, арслан цолтой их сайн бөхчүүд маань л дааж магадгүй юм. Хэрвээ уг нийтлэлд бичсэн шиг чекээр өгсөн бол тэр дор нь, одоо ч нотлох баримтаар батлаад гаргаад ирнэ шүү дээ. Чекэн дээр өгсөн, авсан хүний аль аль нь гарын үсэг зурдаг гэдгийг бүх хүмүүс мэднэ. Сонгуулийн уур амьсгал орсон үеэс л Ерөнхийлөгч, түүний багийнханы нэр төрийг сэвтүүлэх гэсэн оролдлого хэд хэд гарсан. Зарим мэдээллийг бүр хуулийн байгууллагаар шалгуулж, ямар ч холбоогүй гэдгийг нь тогтоолгож ч байсан. Сайны хажуугаар саар ч хүмүүс мундахгүй юм даа.
-Энэ бохир мэдээллийн ард яг хэн байгаа бол?
-Нэрээ нуусан, эх сурвалжаа заагаагүй, ийм мэдээлэл бичнэ гэдэг бол хулчгар, бохирдсон хүний л үйлдэл байх. Яагаад ч юм, хуучин оросын КГБ-ын школтай хүн шиг санагдаад байгаа юм. Хүйтэн дайны үед Зөвлөлтийнхөн АНУ-ыг ДОХ өвчин тараасан мэт болгохын тулд Энэтхэгийн нэгэн бөглүү тосгоны хэдхэн хүний уншдаг жижиг сонинг ашиглаж байсан тухай ном зохиолд түүх болон орсон байдаг л даа. Үүнийг л санагдуулаад байна. Сонгууль болохоор л хэн нэгнийгээ заавал бохир заваан зүйлд хутгаж улс төр хийдэг, сонгууль дуусахаар нь андуурчээ гэж уучлал гуйдаг нь зарим хүмүүсийн ажлын арга барил болжээ гэж ойлгогдохоор байна. Гэвч Монголын ард түмэн хэн юу хийж, хэлж байгааг харж, үзэж, мэдэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн ардчилал, шударга ёсыг тогтоох үйл явц энэхүү бохир гүтгэлэгээс болж саарахгүй, харин ч хүмүүс шударга үнэний талд бат зогсоно гэж итгэж байна.
-Одоогоор тэгээд ямар ч сураг ажиг алга уу?
-Сураг ч байна, хов ч ирж байна. Сонгууль болохооор хэн нэгэнд очиж наалдчихаад толгойг нь эргүүлж мөнгө салгаад сурчихсан нэг нөхрийн нэр дуулдаж байна билээ. Хэрэв наалдсан хүн нь сонгуульд ялагдчихвал ялсан талд нь очоод, таныг ялуулах гэж мөн их зүдэрлээ, тэр мууг хорлохын тулд ямар мундаг хорлон бусниулах ажиллагаа явуулснаа статистик аргаар нотолж явдаг хийтэй нөхөр бий. Захиалагчид хандаж хэлэхэд наадахдаа бага л хууртаарай даа.
Сэтгэгдэл ( 3 )
Худалчийн бороог Элбэгтээ уншиж єгєєрэй
хүн гүтгэсэн хүмүүстэй хатуу хариуцлага тооцож байх хэрэгтэй . Цогтгэрэл ч билүү нэг нөхөр хүнийг -хүн алчихаад найр хийж байна гэж гүтэгчихээд дараа нь тэр хүн над дээр ирж уулзахгүй байна гээд бараг өөрөөс нь уучлал гуйлгах санаатай томроод байсан .Хүний нэр төрөөр тогложчихоод дараа нь болохоор хэвлэлийн эрх чөлөөг боймолж байна гэхийн яана.Одоо би хэлмэгдэж байна гээд шүүхээр давж заалдаж байх жишээтэй.
Тэгээд гүтгэлэг юм бол олон улсын шүүхэд өгөөч дээ худлаа яриад байгаа юм шиг юундаа ингэж их сандараад байгаа юм вэ