Монгол улсын ерөнхийлөгчийн, 2013 оны сонгуульд санал өгөх цаг хаяанд ирлээ. Энэ хариуцлагатай цаг үед, түгшиж зовнихоос өөр аргагүй сөрөг үйл явдлууд цөөнгүй болж байна.
Үүний нэг нь, "хар машины асуудал" гэгдсэн, санал тоолох автомат машины асуудал юм. 2012 онд, энэ машины тусламжтайгаар сонгуулийг луйвардсан гэж бараг бүх намууд нэгэн дуугаар мэдэгдсэн билээ. Монголын төр үүнд зохих анхаарлыг хандуулан ажилласангүй.
Саяхан намууд, ТББ-ууд "хар машиныг" шалгаж үзэхэд олон тооны ноцтой зөрчил илэрч, техникийн хувьд шаардлага хангахгүй гэдэг нь тодорхой боллоо. Мөн, энэ машины тусламжтайгаар сонгуулийн булхай хийж болох эсэхийг нягтлан баталгаажуулж чадсангүй. Ийм машинаар санал тоолно гэдэг нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, бусад холбогдох хуулиудыг зөрчсөн хэрэг гэж бид үзэж байна.
АН-ын гишүүд дэмжигчдийн холбооноос, бусад намуудын нэр дэвшигчид 7 дугаар сарын 1-ний үйл явдлыг давтагдуулах магадлалтай гэж ойлгогдохоор мэдэгдэл гаргав. Энэ нь "турхирах, хагалан бутаргах, улс төрийн бохир үйлдэл" гэж өөрсдийнх нь үгээр тодорхойлж болохоор бохир үйлдэл байна. Хэрэв хууль ёсны шаардлага хангахгүй "хар машинаас" болж Монголын ард түмний сонгох эрх алдагдаж, үүнээс болж сонгогчид үг хэлэх эрхээ эдлэн холбогдох санал бодлоо илэрхийлэх аваас, "бусад намууд, хамтран зүтгэгчдийнх нь өдөөсөн үймээн самуун" гэж тодорхойлон, нухчин дарах, магадгүй өөрсдөө үймээн самуун дэгдээгээд гүтгэлэг, хэлмэгдүүлэлт өрнүүлж ч болохоор юм байна гэж харагдаж байна.
АН, ИЗН-ын хэсэг гишүүдийн уриалга гээчээр дамжуулж, МНН-ын гишүүд дэмжигчдийг болон ногоон үзэлтнүүдийг төөрөлдүүлэн, АН-ын нэр дэвшигчийн төлөө санал өгүүлэх гэж оролдсон гэж ойлгогдохоор зүйл нийтлэгдэн түгээгдлээ. АН, ИЗН-ын гишүүн, МНН-аа хүнд бэрх үед нь орхин одож байсан энэ таван хүнд өөр намын гишүүд дэмжигчдийн чөлөөтэй сонгох эрхийг алдагдуулах, тэдэнд чиглэсэн үнэнлэг бус, алдаатай мэдээлэл түгээж, тархи угаан зааж заавардах эрх бий юу? Мэдээж үгүй ээ.
МНН-ын гишүүд дэмжигчид холбогдох хуулийн этгээдүүд, хувь хүмүүст хандан:
1. Хууль ёсны шаардлага хангахгүй автомат машины асуудлыг шийдвэрлэн хуулийг дагаж мөрдөх, давхар гар тооллого хийх;
2. Тухайн машины тусламжтайгаар сонгуулийг будлиантуулсан тохиолдолд үүсч болзошгүй аливаа сөрөг үр дагаврыг "бусад намынхан, хамтран зүтгэгчдийнх нь дэгдээсэн үймээн самуун" гэж одооноос ойлгуулахыг оролдож, гүтгэлэг, хэлмэгдүүлэлт хийхээр завдах;
3. АН, ИЗН-ын гишүүдийн зүгээс МНН-ын гишүүд дэмжигчдийг болон ногоон үзэлтнүүдийг АН-ын нэр дэвшигчийн төлөө саналаа өгөхийг уриалан хутган үймүүлэх зэргээр хууль бус үйлдлүүдийг ахин гаргахгүй байхыг шаардаж байна.
Энэхүү шаардлагыг эс биелүүлэх аваас хууль ёсны шат дараалсан үйл ажиллагаануудыг явуулах болно гэдгээ мэдэгдье.
Монголын Ногоон нам
2013.6.19
Улаанбаатар хот
Сэтгэгдэл ( 1 )
nogoon nam nertei ul butekh kheden nukhud boliji uz ta naryg khen chi sonsokhguy esgii khiikh gazar yu kheregguy gedeg bilee