Ноён Вук Еремич Монголд анх удаа ирж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 21

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы дарга, ноён Вук Еремич өнөөдөр манай улсад анх удаа айлчилна. Манай улсад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, орлогч нар айлчилж байсан боловч Ерөнхий Ассамблейн чуулганы дарга айлчилж буй нь анхны тохиолдол юм.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей нь Аюулгүйн Зөвлөл, Эдийн засаг, нийгмийн зөвлөл,  Олон улсын шүүх, Нарийн бичгийн дарга нарын газрын нэг адил Нэгдсэн Үндэстний Байгууллагын гол байгууллагын нэг юм.

Серб улсын иргэн, Ноён Вук Еремич өнгөрөгч оны 9 дүгээр сараас тус Ассамблейн 67 дугаар чуулганыг даргалж байна. Түүний удирдаж буй чуулганаас одоогоор 268 тогтоол батлагдаад буй. Эдгээрээс өнгөрөгч онд батлагдсан Палестины ард түмэнд НҮБ-ын “гишүүн бус ажиглагч” улсын статус олгосон тогтоол нь хамгийн томоохон үйл явдалд тооцогдож байна.

Монгол Улс 2012 онд болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”, “Ардчиллын боловсрол”-ын асуудлаарх хоёр тогтоолын төслийг хэлэлцүүлж батлуулсан юм.  Манай улсын аюулгүй байдал, олон улсын нэр хүндэд онцгой ач холбогдолтой эдгээр тогтоол батлагдахад ноён В.Еремичийн дэмжлэг туслалцаа их байв.

Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы хугацаанд Монгол Улсад  НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал Кассим-Жомарт Токаев, НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Супачай Паничпакди, НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Аким Штайнер нар айлчилсан, НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын Худалдан авах, хангалтын албаны дарга ноён Киёхиро Мицуй, НҮБ-ын Хүний нөөцийн албаны хэлтсийн дарга Ж.Эриксон нар Улаанбаатарт ирж ажилласан, саяхан Дэлхийн байгаль орчны өдрийг эх орондоо өргөн дэлгэр тэмдэглэж, манай улс НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл” хөтөлбөрт хамрагдах болсныг зарласан гээд Монгол, НҮБ-ын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх олон чухал үйл явдал тохиогоод буй.

Мөн, Монгол Улс НҮБ-д цэрэг хандивлагч орнуудын жагсаалтад 26 дугаарт бичигддэг бөгөөд манай зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс өнөөгийн байдлаар Өмнөд Судан дахь Энхийг сахиулах ажиллагаанд 850 хүнтэй цэргийн баг, Дарфур дахь ЭСА-нд цэргийн хээрийн II шатны эмнэлгийн 68 хүнтэй баг тус тус үүрэг гүйцэтгэж байна.

Ноён Вук Еремич Монголд айлчлах хугацаандаа Ерөнхийлөгч болон УИХ-ын даргад бараалхах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top