Монголын эмэгтэйчүүд нэгдэгтүн!

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 21

“Эм хүн эм хүндээ хайртай” байж болдоггүй юм уу?

Эр хүн эр хүндээ хайртай гэж нэг гоомой үг бий. Үгүй тэгээд эр хүн эм хүнд болохоор яадаг болж байна? Дуртай гэх үү?

Хөөрхий бидний бүсгүйчүүд хүмүүжлийн замыг олцгооё гэж наян жил дуулж байна. Тэгээд хүмүүжихдээ эрчүүлийг дэмждэг л болж хүмүүжсэн юм биш биз? Олон олон шагналтан алдартны ярилцлагыг уншиж байхад “Намайг өдий зэрэг хүрэхэд миний хань л хамгийн их тус дэм болсон” гэх манж үг байнга давтагдах юм. Гэхдээ залгуулаад намайг дэмжин туслаж өдий зэрэгт хүргэсэн манай хамт олондоо баярлалаа, шагнасан даргадаа баярлалаа гэх юм. Тэгээд “ханьдаа баярлалаа” гэхээ ёс юм шиг мартана гээч.

Социализмын үед заавал хэлдэг хэдэн жижүүрийн үг байсантай адил. Нам засгийн буянаар гэдэг шиг ханийнхаа буянаар гэсхийгээд болчихож байна. Тэгээд ядаж ханийнхаа нэрийг ч хэлчихгүй шүү. Хань нь хөөрхий буянтай амьтан болохоороо хариу баярлалаа ч нэхдэггүй юм байна л даа. Тэглээ гээд хөөрхий эмэгтэйд гавъяа шагнал нь ноогдох уу? Ядаж тэмдэгийнх нь сэнж оногдох уу? Түүх номд үлдэх үү? Жишээ нь энциклопед дээр ийм л бүтээлтэй,тийм ч алдартай гэчихээд үүнд ханийх нь оролцоо их бий гэж бичихгүй нь лав шүү дээ. Бөх бол дээлийн захыг нь мушгих, эрдэмтэн бол бүтээлийг нь машиндах, улстөрч бол арын албыг нь зохицуулах л заяàтай тавилантай улс юм шиг л амьдрах юм даа, манай эмэгтэйчүүд.

Ардчилсан хувьсгалаас хойш 23 жил өнгөрчээ. Ардчилсан улстөрийн тогтолцоонд төрийн тэргүүн хавьцаа Монголын эмэгтэйчүүдэд оногдсон төрийн хамгийн өндөр “албан тушаал” нь “тэргүүн хатагтай”. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэдэг шиг ар талын аюулгүй байдлын ахмад гэсэн хөөрхөн хоржоонтой гуншинтай. Тэгээд л болоо. Тэргүүн хатагтай нөхрөө дагаж айлчилна, үс будаг, хувцас хунараа өгөөш аятай өөлүүлэн байж нөхрийнхөө айлчлалын талаарх албаны хуурай мэдээг ард түмэнд уншуулна. Тарган туранхайгаараа дуудуулна. Нөхөр нь мэдээж 45 хүрч байж Ерөнхийлөгч болдог болохоор нас намбаа бодсон ч жаахан махлаг байх нь зүй. Өвс идэж, ус уудаг далайн хөвөөнийхөн биш тостой мах, тослог сүүгээр хооллож өссөн Монгол хүн юм болохоор аргагүй. Годгоносон охин шиг гял цал гэж явах нь нас зүсэнд цөв болно. Гэхдээ л бие хаагаараа шүүмжлүүлнэ, их сайнаар бодвол манай Ерөнхийлөгч эхнэрээ солиогүй үнэнч эр гэж хэлүүлэхэд л хэрэг болох юм биз дээ.

Тэгээд нэг сан ман тэргүүлж, буяны үйлс хийсэн болно, тэр нь тэргүүн хатагтайн өөрийн хүсэл зориг гэхээс илүү нөхрийнхөө карьерт л дэм тус болж байгаа ухаантай юм даг уу даа. Зураг авахуулахад хуучин цагт чамин цаг тавьж байгаад авахуулдагтай адил зургийн чимэг төдий, фон болж зогсоно. Тэгээд л нэг сүүдэр аятай чимээгүйхэн дагаад л алхаад байна. Хаа очиж Н.Энхбаярын гэргий О.Цолмон сүрхий шалбалзуур хүүхэн байж, нөхөртэй адил шахуу нэрд гарсан авч төрийн хэрэгт оролцлоо барилаа гэж шаагисан. Уг нь О.Цолмон өөрөө улстөрд үзэлцсэн бол их хол явах эмэгтэй гэж бодогддог юм.

Монгол эмэгтэйчүүд ингэхэд хэн билээ?

Монгол эмэгтэйчүүд нэгэнтээ Баабарын хэлснээр “Дорно байтугай өрнийн эмэгтэйчүүдийн хувьд бамбар барьсан эрх чөлөөний бэлгэдэл” шахуу эрхтэй хүмүүс. Марко Поло хүртэл “Эмэгтэйчүүл нь эрчүүлтэй адил өмд өмсөх ба моринд туйлын гарамгай, шаардлагатай үед тулаанд ч орно...” гэж бичиж үлдээжээ.

Эртний Грекийн түүх домогт гардаг дан эмэгтэйчүүдийн дайчин Амазоны удмыг эрэн сурвалжилсан Германы эрдэмтэд Монголын говиос эрлээ олсон тухай шуугиан намжаагүй байна. Македоны Александрт ч ялагдаагүй эрэмгий Амазончууд Азийн гүн рүү одсон тухай домгийн мөрөөр тэд явсаар Монгол эмэгтэйчүүд л эр нөхрийн эзгүйд орон гэрээ бие даан авч явдаг тухай сонсоод ирсэн нь зөв байжээ.

Амазоны улс МЭӨ Y-II дугаар зуунд Бага Азид байсан. Хатан хаан, цэрэг арми, хүн ам нь бүгд хүүхнүүд. Зүгээр ч нэг хүүхнүүд биш түүхэнд хэнд ч ялагдаж үзээгүй хатуу догшин дайчин эрэмгий эрх чөлөөт бүсгүйчүүдийн домогт улс. Жилд нэг хоёр удаа үржиж төлжих хэрэгтэй болохоороо хөрш улсуудыг уулгалан дайрч эрчүүдийг нь олзолж хэрэглэчихээд алж орхидог, эрэгтэй хүүхэд гарвал бас устгадаг заншилтай байлаа. Амазонууд хөрш улсуудын эрчүүдээс хувь илүү дайчин эрэмгий, хүчирхэг зоригтой байсан тул зарим улс орны хаад маш өндөр хөлс төлөн хувийн бие хамгаалагч болгон амазон бүсгүйчүүдийг авдаг байсан гэх домог ч бий. Эрчүүл дайтахаас айдаг, олзлогдвол яаж ийгээд зугтаж гарахгүй л бол дуусна. Магадгүй эхийн эрхэт ёсны сүүлийн түрлэг байсан биз. Германы эрдэмтэд монгол охины цусны дээжийг дөнгөж олоод байсан Амазоны хатан хааны ДНК-тай харьцуулж үзэхэд 99,99 хувийн магадлалтай тохирчээ.

3үгээр л хошгируулж байгаа юм биш, Монголын эмэгтэйчүүд ээ, та нарын энэ идэвхтэй дайчин чанар хаачив аа? л гэж асуух гээд байна. Ийм магтаалд эрчүүл дассан, эмэгтэйчүүд юун с¿ртэй юм гээд ичих нь холгүй. Гэхдээ л энэ үнэн шүү дээ. Мэдээж Монгол эмэгтэйчүүд эрийн боол, гэрийн зарц байхаа больсон. Одоо бараг л эмэгтэйчүүд нь нөхрөө сонгох шахуу юм болж байна. Ц.Элбэгдорж нэгэнтээ “Монголд хоёр сая зургаан мянган Чингис байна” гэж хэлэхдээ эмэгтэйчүүдээ мартчихсан. Эмэгтэй Чингис гэж байхгүй байлгүй дээ, ядаж тал нь Бөртэ байх аа? Эсвэл “эр эр хүндээ хайртай” гэж сэтгээд байна уу?

Тийм болохоор яахав дээ, эмэгтэйчүүдээ удам судар сайтай, дайчин зоримог гэж нэг магтая л даа, дандаа л эрчүүл нь би Чингисийн удам энэ тэр гээд зуух тулгаа харамлах мөртлөө Тайландаас нэг царайлаг хүүхэн ирэхээр шүдэнзийг нь барьж гүйлдээд байж болохгүй. Эрчүүд өөрсдийгөө Чингисийн удам энэ тэр гээд хятад ший янгууны хувцаснаас ч эрээн мяраан, саа чимэг, торго дурдан болсон, заримдаа ч ичиж үхмээр хувцас өмсөөд гавъяатаас илүү жүжиглэж байхад нь шүүмжлэхгүй мөртлөө Н.Удвал “Монгол эмэгтэйчүүд Өүлэн, Бөртэ, Мандухан удам” гээд хэлчихээр өөрийгөө хатадтай зүйрлэлээ гээд шоолох юм. Чанга яригчаар Ц.Элбэгдорж бол Модун шаньюй, Чингисийн удам, Б.Бат-Эрдэнэ бол Бүри бөх, Бэлтгүтэйн удам... гэхээр хурай хурай гэх. Н.Удвал бол Бөртэ хатан, сэцэн Мандухайн удам гэхээр ха ха ха. Ингэж болохгүй биздээ? Логикийн хувьд ямар ч зөрүү байхгүй, яг адилхан зүйрлэл. “Монгол эрс” гэхээр лут магтсан болдог, “Монгол эмс” гэхээр айхтар муулсан гэж ойлгогддог шиг ийм нэгэн сэтгэлгээ Монголд бий болчихоод байна. “с” бол адилхан л олон тоо үүсгэгч дагавар.

Шоолж байгаа нь эрчүүд íü íэг их цэцэгтэй ягаан зангиа зүүсэн эрчүүл. Эсхүл нойл шилтэй, туранхай цагаан амьтан компüþтåрийн ард баатар.

Эрчүүд нь бид квот өгч байж 11 эмэгтэйг УИХ-д оруулж ирлээ гээд хөлсөө арчаад нэг их ажил хийчихсэн аятай суух, түүнийг нь эмэгтэйчүүд хараад ашгүй дээ гэхээс өөр юмгүй л байх. Эцсийн дүндээ эмэгтэйчүүд нэг их татаас түлхээсээр гарсан юм байхгүй, ёстой боодолтой мөнгөгүй ч бор зүрхээрээ зүтгэж гарсан. Эмэгтэй хүнд байдаг ажилсаг, хичээнгүй, нямбай, туйлбартай зангаараа л амжилтад хүрч байна. Хэдийгээр УИХ-д долооны нэг боловч яам тамгын газар, агентлагуудын хамгийн тогтвортой ажилласан, мэргэшсэн боловсон хүчин нь эмэгтэйчүүд л байдаг юм. Багш, эмч, за бүр болье гудамж цэвэрлэж саяхан болсон Ардчилсан орнуудын чуулганаар хотоо нэг цэмцгэр харагдуулсан хүмүүсийн олонх эмэгтэйчүүд. Эрчүүд яахав дээ, улстөр улстөр гэж гүйж яваад дарга болбол таргална, мултарвал лааз өшиглөнө. Үлгэрлэвээс сарьсан багваахай адил, энд ч нэг нам, тэнд ч нэг намд орчихсон, араатан ч болчихсон шувуу ч болчихсон харайж явна. Шинэ намд орохгүй, харин намыг нь босгоод ирвэл шавчихна. Энэ их донсолгоотой замаар гэр бүл замнах юутай хэцүү, гагцхүү эмэгтэйчүүд л гэр бүлийн тогтвортой байдлыг нь бүрдүүлж зүтгэж байна.

Заримдаа боддог юм, хэрэв эмэгтэй Ерөнхий сайдтай бол улстөр маш хурдан тогтворжих байх гэж. Ядаж л эрчүүл нь эмэгтэй Ерөнхийгөө унагах гээд л чуулган дээр гөлөг нохойгоороо дуудалцаад байхгүй, хамжааргатай болох мэт. Гадаадад очсон ч тэíдхиéн эрчүүл шүдэнзээ бариад гүйлдэх байлгүй дээ.

Харж ээ байх нь, манай эрчүүл хүүхнүүдээсээ их хол дутуу болоо юу даа. Твиттер, фейсбүүкт орохоос ч халширмаар. Эрчүүл голдуу, гэвч хэрүүл хараал, бөгс бөөрний явдал, хүн муулсан, доромжилсон бичлэг ердөө л эрчүүлийнх. Ёстой нэг баахан шаагилдсан хүүхнүүд дунд орчихлоо гэж бодтол дан эрчүүл л хов жив ярьж, бичиж суух. Зальтайгаа ухаантай гээд бодчихсон нь олон. Хаа очиж эмэгтэйчүүдийн хэлж ярьж, бичиж байгаа нь тулхтай.

Социализмын жилүүдэд эмэгтэй хүнийг их л бодож багш, эмч гэж харж байсан. Мэргэжилдээ сайн, номтой гээд хэзээ ч дарга даамал болж байгаагүй, яс мэргэжлээрээ ажилласаар насны тэтгэвэрт суудаг байсан. Харин гайгүйхэн эрчүүл нь дарга даамал болоод мэргэжлээсээ холдоод явчихдаг байв. Энэ нь эрх мэдлийн хуваарилалтыг эрчүүдийн зүгт хэлбийлгэсэн ч бүхий л салбарыг чирч явдаг ç¿òã¿¿ð нь эмэгтэйчүүд болсон юм.

Эцсийн дүндээ эрчүүл нь залхуу, дарга зантай үлгэрлэвээс азарган тахиа лугаа эрхэмсэг амьтад болоод хүүхнүүд нь хатуужин боловсорсон боловсон хүчин болж хувирсан юм. Энд Монгол уламжлалын нэг сайн тал нөлөөлсөн нь тун олон Монгол эр хүн эхнэрээ гэрээ хараад, хүүхдээ асраад сууж бай гэж “барьдаггүйд” л оршиж байсан юм.

Эрэгтэй гишүүд чуулганд хэрэлдэж, хэрэлдэхгүй бол эвшээж, эсвэл твийтэрдэж, мессежээр болзож байгаад чуулган тармагц жинхэнэ ажилдаа ханцуй шамлан орно. Нийслэлийн аль л үнэтэй баар, рестораны хаалттай кабинуудад тухлаж, хатуу дарсыг шимж, хамаг ажлаа ярина. Мэдээж албан өрөөнөөс гадуур албан бус ажил л амжиж байгаа.

Харин эмэгтэйчүүд илүү цагаар ажиллана, албатай юм шиг хэнхэглэж ийш тийш бичиг цаас шидэж төрийн албаныхныг тоо баримт, судалгаа гаргаж ир гэж зовооно. Эмэгтэй хүн ажлыг оромддоггүй, цаад өгөгдлөөрөө юмыг нарийвчилж, гярхай судлаж үздэг. Харин эр хүнд бол хуулийн нэр сүртэй, бодлого модлого нь агуу том л бол дотор нь юу ч байсан хамаагүй кнопдож л орхино. Яахав ганц хоёр зүйл заалт засаад ашиг унахаар бол түүнтэй нь аргыг нь олоод ноцолдчихно. 

Эмэгтэйчүүд тэгж тэгж арай гэж ажлаасаа салмагцаа гэрийн зүг гүйлдэнэ. Аав ирэхгүй удах Монгол айлд юу ч биш, харин ээж ирэхгүй удвал ээ мөн хэцүү юм болно. Тиймээс төрийн дөнгөнөөс мултраад гэрийн чөдөрт орно. Гэхдээ хийх л ёстой ажил гэж бодохоос эрчүүл шиг төвөгшөөхгүй.

Сүүлийн үед дунд доод шатны түшмэлүүд эмэгтэй гишүүдээс болж ажил ихсэж байна, эднийг аль болох цөөн байлгаж болдоггүй юм уу гэж үглэдэг болж гэнэ. Ядаж байхад эмэгтэй сайдтай бол бүр өнгөрөө. Дахин дахин шалгаж, зааварлаж, хянаж хэдэн ажилтныхаа үйлийг үзнэ. Нэг харахад ажил удаашраад байгаа ч юм шиг, гараас юм гарахгүй байгаа юм шиг боловч түргэн түүхий, тойм бүдүүн юм гардаггүй нь сайхан л даа. Бодлого гэж эрчүүл пиво ууж суухад орж ирдэг сайхан санаа биш, олон талын судалгаа шинжилгээ, үнэнэлт дүгнэлтэд тулгуурладаг. Эрчүүлийн ярих дуртай тэр бодлогыг чинь эмэгтэйчүүд ë боловсруулдаг юì. Эрчүүл баталдаг л болохоос. Ийм л байна. Тиймээс одоо хөөрхий Монголын эрчүүл хүмүүжлийн замаар орохгүй бол болохгүй нь ээ.

Эмэгтэйчүүд нэгдэгтүн!

Энэ нийтлэлийг Нацагийн Удвалд зориулж бичиж байгаа юм. Тэр бол Монголын эмэгтэйчүүдийн төлөөлөл. Түүнд энд дурдсан бүх чанар бий. Яагаад гэвэл эмэгтэй л хүн учраас. Гэхдээ Монголын эмэгтэйчүүд нэг л зүйлд, улстөрийн тавцанд нэгнээ дэмжиж чадахгүй юм даа.

Сүүлийн үед Баабараас эхлээд “Сант маргаä” төв хүртэл, МАНАН-гийн залуучуудын байгууллага хүртэл янз бүрийн судалгаа ярьдаг болж. Би 10 жил судлаж байгаа, би Америкт судалгаа хийсэн, манай аавын аавын аав судлаач байсан гэж ирээд л явж өгч байна. Ингэхдээ нэг зүйлд нэгдэж байгаа нь гадаадад байгаа Монголчуудын 3 хувь нь Н.Удвалд санал өгсөн гэнэ ээ. Хэн үүнийг албан ёсоор зарласан юм. Хэн ч зарлаагүй, энэ дүн бол СЕХ-ноос санал хураалтын дараа зарладаг учиртай. Энэ бол ердөө л манипуляци буюу төөрөгдүүлэх мэх.

МАНАН-гийн хоёр яг үүн дээр манантаж, Н.Удвалыг хавчиж байгаа юм. Гэхдээ Н.Удвал ялсан гэхгүй л дээ, яагаад гэвэл Монголоос гадаадад 100 гаруй мянган хүн амьдарч байгаа. Тэдний ойролцоогоор 4,1 хувь буюу 4100 хүн санал өгсөн. Энэ 4 мянга гаруй хүний олонх нь гадаадад байгаа Монголын ЭСЯ, дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд, албан шахалтаар ер нь бол үүргийнхээ дагуу эрхээ эдлээд саналаа өгч байгаа. Тэд элчингийн хашаанаас холдохгүй. Тэднийг хэн томилдог билээ?, Ерөнхийлөгч. Элчин сайдаас эхлээд элчингийн жолоочийг хүртэл. Тэгэхээр тэд хэнд саналаа өгөх нь тодорхой л байхгүй юу. Харин 100 гаруй мянган Монголчууд саналаа бүгдээрээ өгсөн бол өөр дүн гарна. Тэд МАНАН-таагүй байхгүй юу.

Харин би төгсгөлд нь жинхэнэ үнэн судалгаа танилцуулъя. Энэ судалгааг хүн төрөлхтөн үүсэн тэр цагаас л эхлэж хийсэн юм. Баталгаатай. Хэрэв Монголын эмэгтэйчүүд бүгдээрээ Н.Удвалыг дэмжвэл Н.Удвал гарцаагүй ялна. Яагаад гэвэл Монголын хүн амын 52 хувь нь эмэгтэйчүүд байдаг юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(122.201.18.152) 2013 оны 06 сарын 23

2 duu huuhnuudee tulovshuulj chadaagui baij yaaj ulsyg udirdana gee vee

0  |  0
зочин(203.194.114.49) 2013 оны 06 сарын 21

Хазайсан хаан төрийг хатан ухаанаар эмхлэх цаг болсон Удвалыг уухайлан дэмжих хэрэгтэй бүсгүйчүүд ээ

0  |  0
зочин(203.194.114.49) 2013 оны 06 сарын 21

МУ-ын хүн амын 50 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг тиймдээ эмэгтэйчүүдийн маань төлөөлөл болсон Н.Удвалыг дэмжиж байна

0  |  0
Top