Ерөнхий сайд Хөвсгөл аймагт ажиллаж, зарим ажил асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 24

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг 06 дугаар сарын 18-ны мягмар гаригт Хөвсгөл аймагт ажиллахдаа зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, аймгийн нэгдсэн эмнэлэг, дулааны цахилгаан станцын барилгын ажлын явц болон барилгын материалын үйлдвэр зэрэг жижиг дунд үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай  танилцлаа.

Мөнгөөр барьцаалж, төрөх эмнэлгийн барилгын ажлыг цалгардуулж болохгүй гэж Ерөнхий сайд хэллээ


Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эмч нар өдөрт 15 орчим хүүхэд эх барьж авдаг. 120 гаруй мянган хүн амтай тус аймгийн хувьд төрөх тасгийг өргөтгөх шаардлагатай байна. Тиймээс ч нэгдсэн эмнэлгийн дэргэд 50 ортой төрөх эмнэлэг баригдаж байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сард ашиглалтад орох учиртай байсан төрөх эмнэлгийн барилгын ажил дуусах дөхсөн ч 850 сая төгрөг нэмэх шаардлагатайгаас ажил нь түр зогсоод байгаа ажээ.

Төсвийн мөнгийг үрэн таран хийдэг сонгодог жишээ бол энэ. Ажлаа хугацаанд нь хийхгүй, он дамнуулж нэмж хөрөнгө мөнгө шаарддаг ийм жишгийг арилгах учиртайг Ерөнхий сайд барилгын компанийнханд хэлээд Хөвсгөлд төрөх эмнэлэг шаардлагатай байна. Мөнгөөр барьцаалж, ажил уяж болохгүй, хөрөнгө мөнгө бол тусдаа асуудал. Тиймээс яаралтай ашиглалтад оруул гэсэн үүрэг болголоо. Нэг сарын хугацаанд багтаан ашиглалтад оруулахаа төрөх эмнэлгийн барилгыг ажлыг гүйцэтгэж  буй компанийнхан амлалаа.


Аймгийн нэгдсэн эмнэлгийн цахилгаан шат эвдрээд 8 жил болж байгаа бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуягт энэ тухайгаа учирлахад орон нутгийн хөгжлийн мөнгө гэж Хөвсгөл аймагт 2,2 тэрбум төгрөг хуваарилсан байхад энэ мэт асуудлыг Ерөнхий сайдад танилцуулж шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байгаа нь зохисгүй гэлээ. Тэгэхдээ Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга руу утас цохиж ийм асуудлыг шийдвэрлэхэд нь орон нутагт дэмжлэг үзүүлэхийг үүрэг болголоо.

Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсаны дараагаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг тус эмнэлгийн эмч ажилтнуудтай уулзаж ярилцлаа.

Шинэчлэлийн Засгийн газар энэ онд 11 аймагт оношилгооны төв байгуулахаар төлөвлөсөн. Ирэх намар гэхэд Хөвсгөл ийм төвтэй болно. Хүүхэд төрүүлсэн ээжүүд жирэмсний 10 сард нийт 40 мянган төгрөг авдаг. Энэ мөнгийг нэмэгдүүлж, хүүхдийг 2 нас хүртэл нь  буюу 48 сарын турш сар бүр 80 мянган төгрөг олгохоор Засгийн газар хуулийн төсөл боловсруулж өргөн бариад байгаа гэхчлэн эрүүл  мэнд, эх хүүхдийн асуудлаар Шинэчлэлийн Засгийн газраас баримталж буй бодлогын талаар танилцуулаад эмч, ажилтнуудын асуултад  хариуллаа.

 Хөвсгөлийн дулааныг бүрэн хангах цахилгаан станц ирэх сард ашиглалтад орно
Өнгөрсөн онд ашиглалтад орох учиртай байсан дулааны цахилгаан станц  мөн л хөрөнгө мөнгөний шалтгаалж хугацаандаа ашиглалтад ороогүй байна. Санхүүжилтийнхээ 92 хувийг авчихсан ч ажлын гүйцэтгэл 85 хувьтай байгаа юм байна. Энэ оны 8 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Энэхүү дулааны станц нь 3 тогоотой бөгөөд ашиглалтад орчихвол 2 тогоо нь Мөрөнгийн дулааныг бүрэн хангаж тус суманд одоо байгаа 9 уурын зуухыг ашиглалтаас гаргах юм байна. Ингэснээр зардал хэмнэгдэж, агаарын бохирдол багасч, дулааны эх үүсвэр тэгш хүртээмжтэй болно зэрэг ач холбогдолтой ажээ.

Дулааны цахилгаан станцын барилгын ажилтай танилцсаны дараагаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг төмөр бетон үйлдвэрлэлийн “Осбимо” ХХК-ийн үйлдвэртэй танилцлаа.


Засгийн газар иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, барилгын материалын дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлого барьж байгаа гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд аймгийнхаа төмөр бетоны хэрэгцээг бүрэн хангадаг тус үйлдвэрийн ажиллагааг сайшаан, дэмжихээ илэрхийллээ.

Ерөнхий сайд дараа нь жижиг дунд үйлдвэрлэлийн төлөөлөл сүлжмэлийн “Аура брэнд” үйлдвэр, Хөвсгөл хүнс компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

Мөн Хөвсгөл аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, Шинэчлэлийн Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанааас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bichil(182.160.9.248) 2013 оны 06 сарын 25

Awto mashin baritsaalj 30 minutand shuurhai zeel olgono. Mashinaa unaad zeelee awaarai Utas 99108696 95909200

0  |  0
Top