УИХ-ын хаврын чуулган түр завсарлаж, улс төрийн амьдрал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн өрсөлдөөнөөр нэг хэсэг буцаллаа. Эрхэм гишүүдийн зарим нь тойргоо эргэж, зарим нь намынхаа ажилд идэвхтэй оролцов.Ингээд УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.
-Оюутолгойн зэсийн баяжмалын экспорт хоёр дахиа хойшилсон шалтгаан юу вэ?
-Оюутолгойн экспортын баяжмалын тооцоог Монголын банкаар дамжуулж хийхийг манай талаас тавьсан юм билээ. Харин Рио Тинто үүнийг зөвшөөрөөгүй бололтой. Тэд баяжмалын мөнгөө гадаадын банкаар дамжуулж, төлбөр тооцоогоо хийх гэсэн санаагаа гүйцэлдүүлэх үүднээс экспортыг хойшлуулсан байж болох талтай. Үүнээс өөр тайлбар одоохондоо алга. Алийн болгон гадаадынхны хүсэл сонирхлоор явах билээ дээ.
-Та УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгснөөс хойш нэлээд хугацааөнгөрчээ. Энэ асуудал юу болж байна вэ?
-Авлигатай тэмцэх газар энэ асуудалд хариу өгөхгүй удаж байна. Хуулиараа бол УИХ-ын гишүүн ямар нэг асуудал тавьсан бол түүнд заавал хариулах үүрэгтэй байдаг. Хуулийн хугацаа гэж бий. Тэр хугацаанд ямар нэг байдлаар хариулах ёстой гэж бодож байгаа. Та бүхэн мэдэж байгаа. Барилгын компаниудыг шалгах ажлын хэсэгт би ороод авлигын шинж бүхий асуудлууд байна гэж үзээд тодорхой асуудлыг Авлигатай тэмцэх газарт өгсөн. Одоо хүртэл ямар нэг хариу алга. Үүнтэй нэгэн адилаар Нямдоржтой холбоотой асуудлаар ч ямар нэг хариу аваагүй байна. Харин Хууль зүйн яамны түшмэл гарч ирээд ойлгомжгүй юм ярьсан байналээ. Хуулийн байгууллага нь өөрсдөө шалгаж тогтоох ёстой л доо. Үндэсний аудитын газраас 2011 оны дөрөвдүгээр сард гарсан дүгнэлтээс “зөрчил дутагдал байна. Нямдоржийн гарын үсэг зурсан” гэсэн үгийг хараад ямар ч гэсэн Нямдоржийн оролцоо байгаа эсэхийг шалгаа л гэж өгсөн. Шалгах хэрэгтэй, тогтоох хэрэгтэй.
-УИХ-ын чуулган хэсэг хугацаанд завсарлалаа. Энэ хугацаанд хаагуур явж, юу амжуулав?
-УИХ хэлбэр талаасаа хуулиа сурталчилж байгаа ч гэлээ үндсэндээ сонгуультай холбогдож л завсарласан. Нэгэнт намдаа үүрэг хүлээсэн учраас баруун аймгууд болон нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт голчлон ажиллалаа. Ховд, Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан, Булган, Эрдэнэт аймгаар явахдаа сонгуулийн сурталчилгаанд оролцож, УИХ-аас баталсан хууль тогтоомж болон цаг үеийн асуудлын талаар тайлбарлаж явлаа даа.
-Гоц гойд ажиглагдсан юм юу байна?
-Ер нь яахав, хилийн бүсээр явсан. Ард түмний хүсч байгаа зүйлс нь маш энгийн. Зам харгуйгаа хурдан дуусгаачээ, Оросын тал руу хилээр орж гарахад Оросын тал,Монголын тал хэт ялгамжтай байна, үүнийгээ шийдээч гэсэн. Мөн ил захын асуудал, түрээсийн асуудал байна. Уг нь бол шийдчихэд дэндүү амархан зүйлс байгаа юм. Харамсалтай нь төр, засаг заримдаа санаатай, эсвэл иргэдээ ядуу байлгахыг хүсдэг юм уу, ерөөсөө шийдэж өгөхгүй байна л даа. Их мөнгө төгрөг ороод байхгүйгээр шийдчихэж болмоор. Жишээ нь замын асуудал байна. Би Зам тээврийн сайд А.Гансүхтэй хүрч ирээд уулзаж хэлсэн л дээ. Монголын хилээс Оросын хил хүртэлх дундын бүсэд манай талын зам засагдаагүй, цаад тал нь засагдчихаж. Тэр тавхан километр замыг засчихаач ээ, Увс, Баян-Өлгийг холбосон замаа тавиач гэсэн асуудлууд тавьсан. УИХ-ын гишүүн замын тендерийг авдаг л гэсэн шүү дээ, надад тиймэрхүү ойлголт өгсөн. УИХ-ын гишүүн хүн яахаараа ч замын тендер авдаг юм, би мэдэхгүй. Андуурч хэлээ байлгүй л гэж горьдоод байгаа ш дээ. Аливаа ажлыг дуусгахгүй бол ард түмэн л хохирдог юм байна лээ. Тэгэхээр энэ ард түмнийг зориуд ядуу байлгах сонирхол энэ төр, засгийн зарим сайдад байдаг юм байна гэж ойлгож байна.
-Ирэх чуулганаар стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд газрын тухай УИХ-ын тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах юм билээ. Та Хөшөөтийн уурхайг сонирхож үзсэн үү?
-МАХН Хөшөөтийн уурхайг стратегийн орд газарт багтаах ёстой, тэр дундаа Хөшөөт бол ард түмний мэдэлд байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Харин МАХН-ын нэр бүхий гишүүн энэ асуудалд холбогдоод байгаа учраас намын зүгээс наад асуудлаа шийдээ гээд намын гишүүнээс чөлөөлсөн. Тэр хүн одоо тэр ажлыг хийх ёстой. Харамсалтай нь өнөөдөр алагчлал дэндүү их болчихож. Ардчилсан нам гэвэл аятайхан амьдрах жишээтэй, авлига авсныгаа харсан ч хараагүй байх шинжтэй. Ер нь бол маш ноцтой мэдээлэл байхад шалгахгүй болохоор нь би гайхаад байгаа юм. Зарим албан тушаалтныг Солонгостой холбоотой гэсэн асуудал хэвлэлээр гарсан чинь, ёстой сайхан гүтгэлээ л гээд байна лээ. Гүтгэсэн юм бол Авлигатай тэмцэх газар материалаа өгөөд шалгуулал даа. Би гүтгүүллээ гэх биш, харин хөндлөнгийн хуулийн байгууллага нь шалгаж тогтоогоод гүтгэлэг байнаа гэдгийг нь хэлэх хэрэгтэй ш дээ. Хэвлэлээр дэндүү ноцтой мэдээллүүд гараад байгаа. Бид өнөөдөр сонгуулийн улайралд орчихсон хэтэрхий дээгүүр хараад метрогоо жоотуугаар тавина гээд мөрөөдөөд явж байна. Метротой боллоо гэхэд цахилгаан станц байхгүй. Тэгэхээр гадуур яригдаад байгаа юмнуудаа бодитой харах хэрэгтэй шүү дээ.
Монгол Улсын эрх ашиг олон улсын түвшинд ямар байна. Хоёр хөршийн дунд ямар байна. Дээрээс нь яригдаад байгаа ноцтой асуудлууд юу байгаад байна вэ гэдгийг. Сөрөг тагнуулын дарга нь шоронд орчихсон. ТЕГ-ын жинхэнэ дарга нь ажлаас чөлөөлөгдсөн. Хууль зүйн сайд байсан хүний нэр нь дөрвөн жил авлигатай холбогдоод яваад байдаг. Гэмт хэргийн шинжтэй асуудал ярихаар прокурор хэргийг хэрэгсэхгүй болгоод байдаг. Тийм биз. Тэгэхээр энэ чинь юу болоод байна вэ гэхээр, өнөөдөр Монгол Улсад шударга ёсонд итгэх итгэл алдагдах гээд байна. Төрийн тэргүүний талаар хүртэл янз бүрийн мэдээлэл хэвлэлээр цацаж байна. Иймэрхүү мэдээлэл гарч байгаа юм бол шалгаж тогтоох эрх байх уу, үүнийг л бид өнөөдөр олж мэдэх ёстой л доо.
Монголд “хэрэг угаах хэрэг” хэрээсээ хэтэрчихээд байна. Би зүгээр нэг жишээ хэлье. МИАТ-ийн хэрэг дээр Air market билетийн кассны залуу Хонгконг руу зугтаалаа гэж хэвлэлээр гарсан. Энэ залууг хэрэг хийсэн гэж байгаа юм биш. Бусад билетийн касснаасаа том байсан, мөнгөтэй байсан. НөгөөХоролсүрэн ч байна уу, Орхон ч байна уу олон улсын харилцаатай байдаг эсэхийг би мэдэхгүй. Тэгэхээр олон улсын харилцаатай байгаа юм чинь энэ залууг шалгах нь зөв л байх гэж би бодсон. Тэр хүн ямар аргаар яваад, одоо хүртэл хэрэг нь дурдагдахгүй байгаа нь сонин байгаа байхгүй юу. МИАТ-ийн хэргийг ч гэлээ яг бодитоор нь тавих ёстой.
Түүнээс биш өнөөдөр МАН-ыг айлгах зорилгоор АН улс төр хийх хэрэггүй. Энэ хэрэг бол зүгээр л өөр асуудал. Энэ бол улс төр биш. Тийм учраас ҮТЕГ-ын Гансүхийн татварын хэргийг, МИАТ-ийн хэргийгэцсийг нь тултал шалгах хэрэгтэй. Одоо яригдаад байгаа 17 тэрбумын тендерийн хэрэг гэж байна. Шалгах хэрэгтэй. Нямдоржийг, Баярцогтыг бүгдийг нь шалгах хэрэгтэй. Гэмт хэрэг хийсэн бол хариуцлага үүрүүлэх хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд энэ удаагийн сонгуулиар ард түмэн үнэхээр гайхаж байна. Юуг гайхаж байна вэ гэвэл, энэ улс төрд шударга ёсыг тогтоох хүн хэн бэ гэдгийг л хүлээж байгаа. Тийм учраас үүнд эцсийн хариулт өгөх цаг ирсэн.
-Та МАХН-аас нэр дэвшигч Эрүүл мэндийн сайд Н.Удвалын сонгуулийн сурталчилгаанд оролцсон байх. МАН, МАХН-ын гишүүдийн дунд нэр дэвшигчдийнхээ талаар хооронд нь хольж хутгасан, нам хоёр салснаас үүдсэн үр дагавар ажиглагдах юм уу?
-Гурван шүүмж ирсэн. Нэгдүгээрт, танайх яагаад Ерөнхийлөгчийн сонгуульд хүн дэвшүүлж байгаа юм, хоёрдугаарт, аваргын саналыг яагаад хуваах гээд байгаа юм, гуравдугаарт, яагаад заавал Удвал гэж. Бид ямар хариулт хэлж байгаа вэ гэхээр МАХН гэсэн нэрээр тусдаа нам байгуулсан. Тэгэхээр МАН-ынхан МАХН гэсэн дээвэр дор нэгдэх ёстой гэсэн үзэл, зорилго байдаг. Ийм зорилго үзэл баримтлалтай байгаа учраас МАН-ынхан МАХН-ыг дэмжих ёстой гэж бодож байна. Хоёрдугаарт бид аваргад муу биш. Хүнийх нь хувьд дэмжинэ. Хүнийхээ хувьд зөв шударга, жинхэнэ сайхан монгол эрийн бахархал. Гадаадад би монгол хүн гэж хэлэхэд гоё харагдахаар хүн. Гэхдээ энэ хүний ард байгаа нөгөө бохирдсон системийг бид дэмжиж чадахгүй. Тэр утгаараа аваргын яриад байгаа хөтөлбөрөөс арай өөр хөтөлбөр дэвшүүлээд явж байна. Аваргын багтай бид хамтарч ажиллаж чадахгүй гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, аваргын яриад байгаа баг дотор янз бүрийн л хүн байгаа. Гуравдугаарт Удвалыг дэвшүүлсэн гол санаа нь бол Монгол Улс өнөөдөр хэт улстөржсөн, хэт нэг талыг барьсан, хэт намчирхсан байгаа ийм үед эмэгтэй хүн, эх хүн төрийн тэргүүн болбол Монгол Улсын хөгжилд цоо шинэ алхам хийж чадна гэж үзсэн учраас дэвшүүлсэн.
Гудамжинд яваа хүмүүс ч надаас “Та нар яагаад аваргын эсрэг яваад байгаа юм бэ” гэж асуудаг. Бид аваргын эсрэг яваагүй. Бид ард түмнийхээ талд л явж байгаа шүү дээ. Бид АН-ынхан дээр очоод “Та нар яагаад Энхбаяр гэдэг хүний эсрэг яваад байгаа юм бэ” гэж асуудаггүй. Энхбаяр гэдэг хүнийг нүдэн дээр нь хэлмэгдүүлсэн үү, хэлмэгдүүлсэн. Энэ хүнийг одоо өвчтэй байгаагаар нь прокурор доромжилж байгаа юу, доромжилж байгаа. Яагаад гутаан доромжилж байна гэж би үзээд байна гэхээр өлсгөлөн зарлана гэдэг бол хууль ёсны эрх. Өлсгөлөнгөөс болоод өвдөөд өнөөдөр зовж байхад энэ хүний эрүүл мэндтэй холбоотой алхам хийгдэхгүй байгаа. Эсвэл энэ хүн цоо эрүүл, ямар ч өвчингүй гээд хэлчих хэрэгтэй шүү дээ. Ингэж хэлсний дараа нь энэ хүн үхэх юм бол худлаа мэдээлэл өгсөн хүн дараа нь хариуцлагаа хүлээх ёстой. Бидэндтаван удаагийн эмнэлгийн дүгнэлт байгаа. Энэ дүгнэлтээс энэ хүн үхлийн ирмэг дээр ирчихсэн байна гэж ойлгож байгаа. Ийм байхад МАН-АН-ынхан яагаад дуугарахгүй, дуугарахыг хүсэхгүй байгаа юм бэ. Яагаад чимээгүй байгаад байгаа юм бэ. Би хэлдэг шүү дээ. Энхбаяр гэдэг хүн бол миний дарга байгаагүй. Энхбаяр гэдэг хүн 20 жил МАН-д байгаа хүмүүсийн дарга байсан. 20 жил байсан даргыг нь хэлмэгдүүлж байхад нэг ч үг дуугарах хүн чанар байгаагүй. Харин ч нийлж, хуйвалдаж, гүтгэсэн хэсэг бүлэг аюултай хүмүүс байгаа. Яахав хоёр нам цаг хугацааны үзүүрт эвсэж нэгдэх л байх. Гэхдээ МАН-д байгаа 15 олигархиасаа салсан цагт шүү.
-Сая С.Баяр ирсэн гэх мэдээлэл хэвлэлээр цухас гарсан. Энэ тухай танд тодорхой мэдээлэл бий юу?
-Тэр хүн ирнэ үү, буцна уу надад хамаагүй. Иргэн хүн эх орондоо ирж байгаа л биз. Иргэн хүн эх орноосоо явж байгаа л биз. Харин төрийн хамгаалалтад байгаа хүн тийм удаан хугацаагаар явсан асуудлаа ард түмэнд тайлбарлах ёстой. Тэр хүнийг дагаад бүхэл бүтэн төрийн хамгаалалтын хүмүүс явж байгаа гэж би ойлгож байгаа. Хуулиараа тэр хүн чинь хамгаалалтад байсан учраас. Бусад хүнийхээ гэр орон, цалин мөнгө, ар гэрийн асуудлыг яаж шийдэж байсныгаа тайлбарлах ёстой. Монголын төр дэх хамгийн том хорт хавдар бол Санжийн Баяр гэж би боддог. Энэ хүнээс болж оросууд Монголтой харилцдаг харилцаа, хятадууд Монголтой харилцдаг харилцаа хүйтэн гэж хэлж болохоор болсон. Яагаад гэвэл энэ хүн хэзээ ч Монголоо бодоогүй. Би тэгж боддог. Хэрэв Монгол Улсаа боддог байсан бол энэ хүн ард түмнээсээ тасарч явах ёсгүй. Алхаж байгаа алхам, ярьж байгаа яриа, хэлж байгаа үг бүхнээ ард түмэнд тайлбарлах ёстой. Тийм учраас ирсэн үү, үгүй юу гэдэг асуудлыг би бол хараагүй, мэдээгүй. Иргэн гэдэг утгаараа ирээд явсан ч бай надад хамаагүй.
-Та төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн асуудлаас болоод Х.Тэмүүжин сайдтай нэлээд зөрөлдөж байсан. Сая нэг хэсгийг нь ЦЕГ-т шилжүүлчих шиг боллоо
-Энэ бол хууль зөрчсөн шийдвэр. Та нар аяндаа хараарай. Яагаад вэ гэхээр Засгийн газрын тогтоол дээр төрийн тусгай албан хаагчын эмнэлгийг төсөвтэй нь хамт шилжүүлнэ гэж байгаа. Засгийн газар төсвийг шийддэггүй л байхгүй юу. Төсвийг зөвхөн УИХ л шийддэг юм. УИХ-д оруулж ирээд тодотгол хийснийхээ дараа төсөвтэй нь хамт шилжүүлнэ гэж ярина. Гэтэл төсвийг нь бид шийдээгүй. Төсөвтэй нь хамт гэдэг нь өөрт байгаа юм чинь яасан ч яахав гэж үзээд байгаагийнх. Үгүй ш дээ, тэр утгаараа энэ бол Ерөнхий сайдын ч гэдэг юм уу, Засгийн газрын хамгийн том алдаа. Хоёрдугаарт, байшин дотор дөрвөн тэрбум төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмж байгаа. Байшинг тал талаас нь мэрээд устгаад байхгүй болгож болно. Гэхдээ үүний дараа хэн хохирох вэ гэвэл нэгдүгээрт Чингэлтэй дүүргийн иргэд, хоёрдугаарт Монгол Улсын иргэд хохирно. Гуравдугаарт, хүч түрэмгийлсэн, дарангуйллын төр бий болох алхам хийгдэж байна л гэж би үзээд байгаа юм. Хуулийн дагуу шийдвэр гарах ёстой. Одоо хүртэл УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороон дээр шийдвэр гараагүй байна.
Н.Бадам
Сэтгэгдэл ( 8 )
t1 tahia chi yag ali tal ni yum
Mongold maani gadaad dur turhuusuu uluuteigeer tolgoi dotorh medleg ni iluu heregtei bn?!!
Hord havdarin asuudalig zov Bosgoj baigaa um bish uu?
iim malnuud bidnii tolgoi deer suuchixaad xuvalz shig xovxorch ogoxgui baina sh dee.
Neeree ene Huu buh ymiig meddeg sainhuu shuu!Minii huu chamd end tend uschsen haa hamaagui ymand hoshuu dursen ene baidal chini neg l bish ee.Urt hel huzuu oroono gedeg dee.Nas zaluu tsus shingen baij bolno oo gehdee gishuun hun chini tsaanaa neg zangaragtai baih heregtei bolov uu.zarimdaa arai dendeed baigaa ym shig sanagdahgui baina uu.UIH-n gishuun gedeg turul ariljchihsan ym bish shuuu dee
энэ балай нөхөр.
Чи ч гэсэн бас нэг хавдар
Нэг гэр бүлийн Намын гишүүн О.Баасанхүү гэж ... хоосон Цодгор шив дээ