МАН-ыг МАХН байх үед л нам доторх хагарал, талцал хүчтэй байдаг байв. Үүний илрэл нь тус намд байсхийгээд л фракц байгуулагдаж, жигүүр ургадаг байлаа. Гэсэн ч тус намынхан “МАХН-д /МАН-д/ ардчилал байгаагийн шинж бөгөөд манай нам хүний эрх буюу гишүүдийнхээ эрхийг боомилдоггүй. Тийм ч учраас үзэл бодлоо илэрхийлэхийг хүссэн хэн ч фракц байгуулж, жигүүр ургуулж болно” хэмээдэг байсан юм.
Нам доторх хагарал далд хэлбэрээр хөгжиж, намынхаа бодлогыг мэрж, зарим хэсгээрээ идээлүүлж, зарим нь намын байран дотроо цусгүй тулаан хийж байсан боловч үүнийгээ “Ардчилал” гэх үгээр халхалж байсан нь ёстой л олгой хагаравч тогоон дотроо гэгчийн үлгэр болж байлаа.
Бүлэг, фракцууд өөрийнхөө хүчийг давамгай болгохын тулд гаднаас шинэ хүн авч олны танил болгох нь чухал байлаа. Энэ сценарийн дагуу олон ч залуус хөгширч, хөгзөрч буй МАХН-д /МАН-д/ элсэж ах нарынхаа халаас руу шургаж байв. Эдгээрийн нэг нь У.Хүрэлсүх.
М.Энхболдын халаасны хүнээр тодорч ахын татаасаар улстөрд хөл тавьсан хамгийн оодруу, хөөрүү тэрбээр богинохон хугацаанд дээшээ авирч фракцынхаа хөгшчүүлийг чирэхтэйгээ болсон нь саяхан. Толгойгоороо цагаан даавуу боож гудамжны “мэлхий нинжа”-гийн дүрд хувирснаараа тэр олны танил болж басхүү зарим нэгэнд нь таалагдаж эхлэв. Түүнийг хатгасан хамгийн том зүү нь УИХ-ын сонгуульд ялалт байгуулан УИХ-ын гишүүн хэмээх алдрыг хүртсэн явдал байлаа. Үүнийхээ дараа “Хадгаламж банк”-ны хэргээр аавын хаалга татах дөхсөн ч мөнөөхөн УИХ-ын гишүүний бүрэн эрх нь суудалд нь авч үлдэж чадсан юм. Үүнээс хойш УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх, олонхи гэдэг ямар хүчтэй болохыг мэдэрсэн тэрбээр 2012 оны сонгуульд олонхи болох, намаа ялуулахын тулд юу хийхээс буцахгүй болсон байв. Түүний эл бодлого дээр нь болчимгүй, бодлогогүй хөөрүү зан нь хүч нэмж унаган намынхаа нэрийг солих адын бодол нэмэгдсэн юм.
Тэр, тэртээ үлдсэн хэлмэгдүүлэлтийн он жилүүдээс цусан толбо болж үлдсэн “Х” үсгийг нь хасахыг хүсч эл чөтгөрийн бодлоо ч хэрэгжүүлсэн. Гэсэн ч 2012 оны сонгуулиар нам нь ялагдаж бүр дордохын мууг үзлээ. Гайт “Х” үсэг бүхий МАХН нэрийг ч намаасаа шахагдаж, хөөгдөх туугдах дээрээ хүрээд байсан ганцаардсан чоно Н.Энхбаярын гарт орсны дараа МАН-ын залуухан генсек У.Хүрэлсүх ямар том алдаа хийснээ ухаарч орох байх газраа олж ядаж эхэлсэн юм. Түүнийг үзэн ядах, чихнээс нь хонх уях хүн ч цөөдсөнгүй. Нэг үгээр хэлбэл У.Хүрэлсүх “Муу нэрийг хусавч арилахгүй, сайн нэрийг хүсэвч олдохгүй” гэх үгийг ой санамжнаасаа ор тас арчиж хаясан байсан юм. МАН ч МАХН байснаасаа илүү дордож, намын гишүүд нь хуваагдан хүчин мөхөсдөж үүнийхээ горыг сонгуулиар амссан юм.
Тэр зугатахыг оролдов. Гэхдээ ардаа бас хор найруулах, жонхуу зуурах үр удмаа үлдээж, түүнийгээ нам доторх нүд чих болгоод өөрөө сэмхэн яваад өгөв. Түүнийг улстөрийг өрөгнөөс ийм амархан явчих юм хэмээн төсөөлөөгүй байсан нөхдүүд гайхаад л хоцорсон. Гэргийнх нь биед аюулт өвчин туссан учраас улстөрөөс чөлөө авч байна хэмээн нөгөө хүсээд зүтгээд байсан УИХ-ын гишүүний суудлаа ч орхив. Энэ л гайхамшиг байлаа. Тэр ар гэрийнхэнийхээ эрүүл мэндийн байдлаас болж улстөр “Баяртай” гээгүй. Өөр зүйл бий. Үүнийг дараа өгүүлэмз.
Харин түүний улстөрд үлдээсэн тодоос тод мөр нь НАМЗХ-ийн Ерөнхийлөгч асан Н.Оюун-Эрдэнэ. Тэр У.Хүрэлсүхийн халаасны хүн. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүхийн улс төрд хөтөлж оруулж ирсэн хүн нь Н.Оюун-Эрдэнэ. Тиймдээ ч У.Хүрэлсүх НАМЗХ-г Н.Номтойбаярт өгч болохгүй гэсэн захиасыг хэлж байсан боловч элдэв эрх ашигт баригдсан “үр төл “ нь НАМЗХ гэх нөлөө бүхий байгууллагаа “МАК”-ын эрх ханхүүд бэлэглэчихэж. Хэрэг явдал аль хэдий болж өнгөрсний хойно МАН-ын залуус мэдсэн ч ширээгээ шааж, толгойгоо барин гаслахаас өөрийг хийж чадаагүй аж. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгчээр У.Хүрэлсүх ахыгаа “мурьсан” Н.Оюун-Эрдэнийн саалийн үнээ нь Н.Номтойбаяр болсон гэх “шум” бий. Үнэний ор байж болох. Ирэх 2016 оны сонгуульд өөрийгөө сойх цаг болсон хэмээн үзэж буй Н.Оюун-Эрдэнэд мөнгө хэрэгтэй байгаа.
Ингээд л намынхаа голыг самарч, мөхлийн ирмэг рүү түлхсэн У.Хүрэлсүхийн шавь Н.Оюун-Эрдэнэ гэдэг жараахайнаас НАМЗХ-г амархаан шиг салгачихсан Н.Номтойбаяр намынхаа өвгөчүүлийг шахах их аянд морджээ. Цаг үе нь таарч, хувьсгалын тохироо нь ч бүрдэж. Нам нь УИХ-ын сонгуульд ялагдсан төдийгүй Ерөнхийлөгчийн сонгуульд ч ялагдчихлаа. Үүгээр шалтаглан намынхаа албан тушаалтнуудыг лааз өшиглүүлэх сайхан санаа төрснийг нь багачууд нь дэмжжээ. Өөрөөр хэлбэл нэргүй баатрууд нь дэмжсэн гэсэн үг. Зүйрлэн хэлбэл МАН-ын гал тогоог хариуцан ажиллаж байсан залуус нэгдчихэж. Эмэгтэй хүн өдөржин борви бохисхийлгүй гэрийн ажилтай зууралдаж, үр хүүхдээ өсгөдөг ч гэртээ сууж буй ажилгүй авгай гэсэн нэр зүүдэг. Угтаа хамаг ажлыг нь нугалж байсан ч түүнд сайн нэр ирдэггүй. Яг үүн лугаа адил намынхаа лидерүүд гэх намын дарга, ерөнхий нарийн бичгийн даргын ар тал буюу гал тогтоотой зууралдаж хэлэх үг, хийх ажлыг нь зааж байсан ч “гэрийн авгай” гэх нэрнээс ч цаашгүй болсон залуус уухайн тас дэмжиж хэвлэлийн хурал хүртэл хийгээд амжлаа.
2012 оны УИХ-ын сонгуулиар ч тэр, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ч тэр улаан шугаманд жагсаж намын бодлого, PR зэргийг нь тодорхойлж байсан залуу үе гэгдэх нэг өрөөнийхөн намынхаа эсрэг бослоо. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл өдгөө намынхаа архагуудад хариуцлага хүлээлгэх гээд байгаа нялхас ч бас хариуцлага хүлээх л ёстой хүмүүс. Тэд намын гишүүд дэмжигчид байгаагүй. Тэр бас л албан тушаал хашиж өөр өөрийн үүргийг гүйцэтгэж байсан хариуцлага хүлээгчид байгаа юм.
Гэсэн атал “Шинэчилье” нэртэй фракцийн гишүүд болж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр удирдлаган дор бослоо. УИХ-ын гишүүн О.Содбилэг, Ж.Эрдэнэбат, МАН-ын нарийн бичгийн дарга Л.Оюун-Эрдэнэ, Ж.Мөнхбат нар байна. Мөн НАМОХ-ны тэргүүн Б.Амарсанаа, НИТХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Амарбаясгалан, Т.Аюурсайхан, Н.Батсүмбэрэл, Б.Ганхуяг нарын жиргээчдээс гадна бялуу олддоггүй гишүүн буюу дуучин А.Хаянхирваа, мисс Ё.Нямжав нар хүч нэмсэн гэж байгаа.
Эд бүгдээрээ У.Хүрэлсүхийн үед Тусгаар тогтнолын ордонд конторлож “далдаганадаг” байсан нөхдүүд. Тиймдээ ч өнөөдөр санаатай ч бай, санаандгүй ч бай Н.Оюун-Эрдэнэ гэх нөхрийн халаагаа өгсөн Н.Номтойбаяр Ерөнхийлөгчийнхөө заасан замаар “далдаганаж” байна. Харин тэднийг ийн алиа салбадайн дүрд тоглуулах болсон захиалагч нь МАН-ын генсек асан У.Хүрэлсүх үү, аль эсвэл эргэн ирсэн С.Баяр уу.
Сэтгэгдэл ( 3 )
Shinechlegchdiig shinechlii
Ene MAN shinechilene barina geltgui zugeer mongoliin uls toroos zailaad og. MAN mongold gai boloxoos zai boloodox
saya monhbat songuuliin manager baisan biz dee end tend ochij hutsaj hutschihaad yalagdanguutaa yu yariad yavaad bainaa Chi er hyn yum bol ooroo zailaad ylgerleed og doo