Мөрдөх албаны тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг баасан гарагт УИХ хэлэлцэн шийдвэрлэх байв. Гэсэн ч уг асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авах горимын санал гаргаж байгааг УИХ-ын гишүүн Н.Энхболд мэдэгдлээ. Учир нь хуулийн төсөлтэй гишүүд танилцах, бүлгийн хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай байгаа аж. УИХ-ын дарга горимын саналыг хүлээн авч хуулийн төслийг өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллаас хасч хойшлуулахаар болов.
Дараа нь Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нарын нэр бүхий гишүүд санаачлан боловсруулж өргөн барьсан бөгөөд төсөл санаачлагчид Статистикийн тухай хуулийн долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн түүвэр судалгааг таван жил тутам”, “ Хүүхэд хөгжил судалгааг дөрвөн жил тутам” гэсэн заалтыг нэгтгэж “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг таван жил тутам” гаргаж байх өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгажээ.
Хуулийн төслийг гишүүдийн 77.1 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнээр төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Хуралдааны төгсгөлд 2013 оны УИХ-ын хаврын ээлжит чуулган хууль ёсоор долдугаар сарын 1-нд өндөрлөх ёстой ч чуулганыг долдугаар сарын 10-ныг дуустал сунгах тухай УИХ-ын даргын Захирамж гарсныг УИХ-ын дарга гишүүдэд дуулгалаа.
Сэтгэгдэл ( 0 )