З.Энхболдод өргөн мэдүүллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 01

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн 622794 буюу 50,23 хувийн санал авч Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ардчилсан Намаас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдоржийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэхээр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж Сонгуулийн ерөнхий хороо үзсэн байна.

Тус хорооны дарга Ч.Содномцэрэн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгууль олон онцлогтой боллоо. Анх удаа автоматжуулсан хэлбэрэээр зохион байгуулагдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал өгөх боломжийг олгосон, мөн саналын хуудас дээр анх удаа нэр дэвшигчдийн зургийг өнгөтөөр хэвлэсэн гээд олон шинэ зүйлийг нэвтрүүлсэн сонгууль боллоо” хэмээн онцлов.

Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад оролцсон төрийн болон төрийн бус байгууллагууд маш сайн ажилласныг тэрээр дурдлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top