Гадаадын ажиглагчдын дүгнэлт анхаарал татаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 01

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн талаар гадаадын ажиглагчид өөрсдийн ажиглалтын урьдчилсан дүн, дүгнэлтээ гаргаж байна. Сонгуулийг ажиглахаар гадаадын олон улсын өргөн бүрэлдэхүүнтэй баг ирсэн нь сонирхол татаж байсан бол одоо тэд манай сонгуулийг хэрхэн үнэлж, дүгнэж байгаа нь анхаарал татах болов.

Хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй баг ирүүлсэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын  Ардчилсан институц, хүний эрхийн Газраас дараах дүгнэлтийг гаргажээ.

   Тэд  дүгнэлтдээ, “Сонгуулийн санал авах өдөр сонгогчид саналаа чөлөөтэй өгсөн бөгөөд саналаа нууцаар гаргах зарчим байнга хангагдаагүй хэдий ч ажиглалт хийгдсэн сонгуулийн хороодын 99 хувь нь эерэг үнэлгээ авлаа” гэцгээжээ.

  Мөн “Бүх шатны сонгуулийн хороод сонгуулийн техникийн асуудлуудыг үр дүнтэй удирдсан нь ерөнхийдөө сонгуулийн оролцогч талуудын итгэлийг хүлээв. СЕХ, аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн сонгуулийн хороод шаардлагатай бэлтгэл ажлыг хуульд заасан хугацаанд нь хангасан”-ыг илтгэлдээ тэмдэглэжээ.

Үүнээс гадна “Өрсөлдөгчид сонгуулийн сурталчилгаагаа саад тотгоргүй явуулсан бөгөөд тэдний зохион байгуулсан цуглааны үеэр ямар нэг осол зөрчил гараагүй болно” гээд

“Сонгуулийн санал авах өдөр тайван, амгалан болж, ажиглалт хийгдсэн санал авах байруудад бараг бүгдээрээ эерэг үнэлгээ авлаа.  Зарим нэг зөрчлийг үл тооцвол сонгуулийн санал тоолох үйл явц ерөнхийдөө эерэг үнэлгээ авсан”  гэж ажиглагчид дүгнэжээ.

   Олон улсын ажиглагчид сонгуулийн хороодын үйл ажиллагааг дүгнэхдээ,“Бүх доод шатны сонгуулийн хороодыг хуульд заасан хугацааны дотор бүрдүүлсэн. Бүх шатны сонгуулийн хороод сонгуулийн үйл ажиллагааны асуудлуудыг үр дүнтэй удирдсан бөгөөд ерөнхийдөө сонгуулийн оролцогч талуудын итгэлийг хүлээсэн” гэдгийг тэд онцолжээ.

 Түүнчлэн “СЕХ анхан шатны сонгуулийн хороодын дарга нарт сургалт явуулж тэдгээр хүмүүс нь холбогдох доод шатны хороодын гишүүдэд адилхан сургалт явуулсан байна. Энэхүү сургалтад нь олон улсын багийн ажиглагчид  эерэг үнэлгээ өгсөн”-ийг дурдаад, “Монгол Улсад байгаа сонгогчдод зориулан 1,893,207 саналын хуудсыг хуульд заасан хугацаанд хэвлүүлсэн”-нийг дүгнэлтдээ тэмдэглэжээ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
saruul(202.179.20.129) 2013 оны 07 сарын 01

sain

0  |  0
Top