Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа улиран сонгогдож буй Ц.Элбэгдоржийн тангараг өргөх ёслолын талаар өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн. Улсын Их Хурлын 1993 оны зургадугаар сарын 08-ны өдрийн 40 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл нь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журамд нэмэлт өөрчлөлт оруулахад чиглэсэн юм. Тухайлбал, 1993 онд батлагдсан тогтоолын дагуу Ерөнхийлөгчийн тангарагийг Төрийн ордны Их танхимд хийдэг байсан ч, он цагийн эрхээр барилгын чанар муудаж, олон хүний хөл хөдөлгөөний ачаалал даах чадвар мууджээ.
Тиймээс Г.Батхүү тэргүүтэй УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журамд өөрчлөлт оруулж, ёслолыг ард түмний өмнө нээлттэйгээр Чингис хааны хөшөөний өмнө хийх нь зүйтэй гэж үзэж хуулийн төсөл боловсруулсан байна. Чингисийн хөшөөний өмнөх шатан дээр УИХ-ын чуулган хуралдах тусгай талбай бэлдэж, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг хийх бөгөөд мөн цэргийн жагсаал зохион байгуулахаар тусгасан аж.
УИХ-ын гишүүдийн үзэж буйгаар бол, эрхэм Ерөнхийлөгч маань эв нэгдлийг илэрхийлэгчийнхээ хувьд ийн тангараг өргөх нь ард түмэндээ хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг гэнэ. Их танхимд багтаамж муутай, ёслолын ажиллагаанд иргэдийн төлөөлөл биш дарга цэрэг нар л оролцдог байсан тул энэхүү зарчмыг өөрчилж, ёслолын ажиллагааг шинэ маягаар хийх нь зөв хэмээн санал нэгдээд байгаа аж. Ийнхүү уг хуулийн төслөөр санал хураахад гишүүдийн олонхи дэмжсэнээр УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
zuv sanal baina