Наадмаар “дэлгэцийн сор бүтээлийг дэргэдээс нь” арга хэмжээ зохиогдоно

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 08

Тун удахгүй дэлхийд ганцхан Монгол Наадам эхэлнэ. Жил ирэх тусам үндэсний их баяр наадмын хамрах хүрээ өргөжиж магадгүй хэдхэн жилийн дараа олон улсын баяр наадмын хэмжээнд хүрэхээр байна. Энэ жилийн тухайд Монголчууд бид Төв Цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагаас гадна Сүхбаатарын талбайдаа очиж наадамлах боломжтой болжээ.

7 сарын 11-ний өдөр Сүхбаатарын талбайд  “Дэлгэцийн сор бүтээлийг дэргэдээс нь” хэмээх арга хэмжээ зохиогдож, сэтгэлд мөнхөрсөн алтан үеийн шилдэг кинонууд амилан, бидэнд эргэн ирэх нь.

Энэ өдөр  Сүхбаатарын талбайд очсоноор, “Цогт тайж”, “Гарьд магнай”, “Тунгалаг Тамир” зэрэг олон киноны орчинд нь орж, тухайн киноныхоо ертөнцөөр бүхэл өдөржингөө аялах боломжтой болохоос гадна мэргэжлийн зураачаар өөрийн хөргөө зуруулж, домог болсон дүрүүдэд хувилж гэрэл зургаа авхуулах зэрэг олон боломжууд нээгдэж байна..

Уг  “Дэлгэцийн сор бүтээлийг дэргэдээс нь”  арга хэмжээг  М-Си-Эс Группын 20 жилийн ойг тохиолдуулан тус группын бүрэлдэхүүнд багтдаг Юнител, Юнивишн компаниуд зохион байгуулж байгаа юм.  Үүсгэн байгуулагдсаныхаа 20 жилийн ойг тохиолдуулан М-Си-Эс Группээс хэрэгжүүлж буй “Монгол Кино HD” төсөл, “Занабазарын нууц” төсөл,  Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын үндэсний дуурь, бүжгэн жүжгийн нот, клавир, партитурыг сэргээх төслүүд нь үндэснийхээ өв соёлыг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, Монгол түмний оюуны их өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, дэлхий нийтэд сурталчлан таниулахад бодитой хувь нэмэр оруулах зорилготой бөгөөд одоогийн байдлаар нийт 1 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top