МЭНДЧИЛГЭЭ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 11

Элэг нэгт Монгол ахан дүүс Та бүхэндээ Тулгар төр үндэслэсний 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойг тохиолдуулан, айл бүхний гал голомт ашид бадран гийж, хүн бүрийн хүсэл мөрөөдөл биелэн амилж, хүүхэд бүр аз жаргалтай, настан буурлууд маань сэтгэл тэнэгэр, өргөн их нутагт минь өнгөрсний сүүдэр биш гэрэл нь тусаж, хуучин хоцрогдсон бүхнийг шинэчлэн сайжруулахын баярын мэндийг уламжилъя.

Алтан нартай цэнхэр дэлхийн, улаан залаатай хөх Монголын Тулгар төрийн залгамж хойч Шинэчлэлийн Засгийн газар өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж, ард олныхоо амьжиргаа, ахуйг дээшлүүлэх, ажил орлоготой болгох, эрүүл мэндийг хамгаалах, хээл хахууль, хүнд суртлын эсрэг тэмцэх, шинэ бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийхийн сацуу хамгийн чухал бөгөөд амаргүй ажил болох Та бүхний төр засагтаа итгэх алдагдсан итгэлийг амилуулан сэргээх, басхүү Ардчилалд өгсөн асар их итгэлийг алдалгүй даах, хариуцлагатай хүндхэн ачааг үүрч яваа билээ.

Бидний Монгол төр нь тооно мэт, түшээд нь багана мэт, ард олон нь хана хаалга мэт, хамтын итгэл зүтгэл нь гурван хөлт тулганд дүрэлзэх галын дөл мэт, амьдрахад сайхан таатай гэр мэт улс байж Монгол гэдэг айл амгалан мөнхөд оршихын ашдын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Монгол наадамдаа даяар олуулаа дэлхийг дэлдийлгэж, дэнж хотойтол сайхан наадаарай.

 

Монгол Улсын Ерөнхий сайд                  Норовын АЛТАНХУЯГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top