МАН-ыг болох бүтэхгүй бүхнээс нь салгах өндөр хариуцлага хүлээх шинэ даргаар хэн ирэх вэ гэдэг асуултын хариултад хэд хэдэн хүний нэрс яригдаж байгаа ч, магадлал хамгийн өндөртэйд нь УИХ-ын дэд дарга, “хотын фракц”-ын тэргүүн М.Энхболд болоод УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх хоёрын нэр бичигдэж байсан. Гэхдээ бас энэ хоёр хүнийг нууц тохироо хийчихсэн гэх бор шувуу ч өнгөрсөн хугацаанд ниссэнийг анзаарахгүй байж болохгүй. Учир нь У.Хүрэлсүхийн талын Р.Раш, Д.Загджав, Т.Аюурсайхан нарын нөхдүүд Н.Багабандийн дэмжлэг дор МАН-ын шинэчлэх хороог анх байгуулан ажилласны ард санхүүжүүлэгч нь М.Энхболд байж байв.
Гэтэл өнөөдөр МАН бага хурлаараа намынхаа даргаар М.Энхболдын нэрийг ёсчлон батлах бол, Ерөнхий нарийн бичгийн даргаар нь дипломатч Д.Цогтбаатар болон яруу найраг Ж.Мөнхбат хоёрын хэн нэгнийг сонгоно гэсэн мэдээлэл гараад байна. Ер нь бол М.Энхболд удирдлагыг гартаа авч, Хотын фракци МАН-ыг цаашид зална гэсэн хандлага наадмаас өмнө тодорхой төвшинд гарсан билээ. Хотын захиргаа, дүүргээс угшил аван нэгдсэн хүмүүсээс бүрэлдсэн Хотын фракци уг нь тийм ч сайн нэртэй биш. Улаанбаатар хотын хамгийн ашигтай газруудыг улстөр, бизнесийн бүлэглэлүүд дунд үнэ хаялцуулж, тэнгэрт гарган шанд нь хөлжсөн гэдгээрээ ялгарна. Гэсэн мөртлөө хотоор овоглосон тэд хотдоо олигтой гавьяа дагуулж эс чадсан билээ.
Тэгсэн ч Ө.Энхтүвшин, М.Энхболд нарын хооронд тохироо хийгдсэн гэх бор шувуу Тусгаар тогтнолын ордноос гадагшилж байна. Ө.Энхтүвшинг МАН-ын даргаар суухад араас нь хүчтэй түлхэж өгсөн М.Энхболдод ер нь бол гурван сонгуулийн ялагдлын дараа даргын суудал ирэх байх гэсэн горьдлого анхнаасаа байсан байхыг ч үгүйсгэх аргагүй. Угаас Ө.Энхтүвшингийн намын даргын карьерыг нас богинотой, намтар жаахантай гэдгийг М.Энхболд нар эхнээсээ тооцсондоо ч, дэмжлэг үзүүлэх маягаар үг дуугүй өгсөн байх.
Гэхдээ одоо У.Хүрэлсүхээр удирдуулдаг “Зүүний хүчний холбоо” МАН-ын эрх мэдлийг зүгээр тавиад туучих юм уу гэдэг асуулт мэдээж гарна. Намдаа ялалт авчирж чадаагүй У.Хүрэлсүх нам дахь албан тушаалаа өгөөд зогсохгүй, УИХ-ын гишүүний эрх мэдлээс татгалзсан нь түүнд улстөрийн карьераа илүү шинэлэг байдлаар эхлүүлэх боломжийг олгохыг ч үгүйсгэх аргагүй. Толгойдоо цагаан даавуу уячихаад тэмцэлд уриалан алхаж явсан У.Хүрэлсүх улстөрөөс тэгтлээ алсран холдох цаг нь болоогүй.
М.Энхболдын хувьд түүний улстөрийн замналыг харвал удирдлагын эрх мэдэлд жулдаж харагдаад байгаа юм бол байхгүй гэхэд болно. Гэхдээ тэрээр МАН-ын ийм уналтын үед үнэхээр дорвитой өөрчлөлтийг дагуулж чадах болов уу гэдэгт дүүрэн итгэх боломж өнөөдрийн тухайд алга байна. Тэр МАН гэдэг хэт бохирдсон улстөрийн хүчнийг цэмцийтэл нь өнгийг нь засч чадах итгэл, сэтгэл, зүтгэл, эрх ашигтай нэгэн мөн үү. Энэ асуултын хариултыг түүний өнгөрсөн жилүүд дэх улстөрийн намтартай нь холбон харахаар итгэл нэг нь бага байгаа юм.
Гэсэн ч М.Энхболд эрхэм Шинэчлэл ярин хуралдах гэж байгаа намынхаа Их хурлыг бэлтгэх ажлын хэсэгт өөрийнхөө хүмүүсийг Ө.Энхтүвшин даргаараа дамжуулан оруулахаар болсон гэх зэрэг мэдээллүүд гараад байгаагаас үзэхэд талууд хэд хэдэн талт тохироо ч хийсэн юм билээ.
Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 4 )
ene buzar xulgaich tamdaa ochoosoi!!!!!!!
Songuuliar UB-d yalagdal dandaa huleej baigaan ene frakciin gavya buyu gai gedgiig martchihsan yum baikhdaa
man iig sonirhoh hun baihgui bnoo luivarchdiig aan tertee tergui bosohgui yumchin hahaha bugdiig n enhbayariin araas yavuulbal taarna
novshnuud gej bodjeene