Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн чадавхийг бэхжүүлэх ажлын хүрээнд Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн төлөөлөгчид Бүгд Найрамдах Вьетнам Улсад томилолтоор ажиллажээ. Төрийн албаны гишүүн Т.Хадхүүг Вьетнам Улсын Дотоод хэргийн Дэд сайд Чан Ань Туанг тэргүүтэй албаны хүмүүс Ханой хотноо 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч уулзан хоёр орны Төрийн албаны төв байгууллагуудын цаашдын хамтын ажиллагааны талаар найрсгаар харилцан санал солилцов.
Ноён Дэд сайд Чан Ань Туанг хоёр орны төрийн албаны төв байгууллагууд хамтран төрийн албаны шинэтгэлийн асуудлаар уулзалт семинар зохион байгуулах санал гаргасныг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Т.Хадхүү талархан дэмжлээ.
Уулзалтын үеэр гишүүн Т.Хадхүү Вьетнамын төрийн албаны төв байгууллагын төлөөлөгчид энэ оны 9 дүгээр сарын 3-наас 5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдох “Төрийн албаны мерит тогтолцоо: туршлага сургамж, сорилт боломж” сэдэвт Олон улсын бага хуралд оролцох болсонд талархал илэрхийлэхийн ялдамд Вьетнамын төрийн албаны шинэтгэлийн туршлагаасаа хуваалцан энэхүү хуралдаанд илтгэл тавих хүсэлт гаргасныг Дэд сайд Чан Ань Туанг найрсгаар хүлээн авлаа.
Түүнчлэн гишүүн Т.Хадхүү Монгол Улсаас БНСВУлсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Энхбаттай уулзан хоёр орны хамтын ажиллагаа өргөжин тэлж буй үйл ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг нь чухалчлан тэмдэглэж, хоёр орны төрийн албаны төв байгууллагуудын уулзалтыг зохион байгуулсанд талархал илэрхийлэв.
Ноён Элчин сайд Д.Энхбат цаашид хоёр орны төрийн албаны төв байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг тэмдэглээд Элчин сайдын яамны зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв.
Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн төлөөлөгчид Хошимин хотын ИТХ-ын удирдлага, ЭТНТБХолбоо, ВМНН-ийн удирдлага болон холбогдох албаны хүмүүстэй хийсэн уулзалтуудын үеэр хоёр орны төрийн албаны шинэтгэлийн талаар харилцан мэдээлэл солилцож, ололт амжилт, тулгамдаж буй бэрхшээлийн талаар нээлттэй харилцан ярилцсан бөгөөд Ванг Тау хотын төрийн албаны салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцав.
Манай төлөөлөгчид Вьетнам Улсын төрийн албаны тогтолцоо, шинэчлэлийн бодлого, хэрэгжүүлэх арга механизм, гүйцэтгэлийн удирдлага, хүний нөөцийн бодлого, цалин хөлсний тогтолцоо, ангилал зэрэглэл, тоон мэдээ хөтлөх арга хэрэгсэл, сонгон шалгаруулалтын бүтэц, хэлбэрт түлхүү анхаарч мэдээлэл авсан байна.

Сэтгэгдэл ( 2 )
Туршлага судлаад хамтран ажиллана гээдвьетнам орныг сонгосон гэхээр бид хаашаа явж байна.
Социализм уруу эргэж орохоор зэхэж байгаа юм болов уу. Хэ хэ хэ