Г.Уянга гишүүн сэтгэлийг нь зовоодог зүйлсийг ярив

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 14

УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл ДЭМБ-ын Ерөнхий захирал Маргарет Чангтай уулзаж, харилцан ярилцсан юм. ДЭМБ-ын Ерөнхий захирал хатагтай Маргарет Чанг, УИХ дахь эмэгтэй гишүүдийнхээ тоог нэмэгдүүлж чадсанд баяр хүргээд хүн амын эрүүл мэндийн төлөө хийсэн ажил, тулгамдаж байгаа асуудлаа илэн далангүй ярьж байгаад талархал илэрхийлсэн. Хатагтай Маргарет Чанг, “ДЭМБ танай болон бусад улс орноос суралцах, туршлагаа хуваалцаж, хамтран ажиллахыг ямагт эрмэлзэж ирсэн. Энэ удаа ч Монгол оронд тийм зорилготой ажиллаж байна. ДЭМБ-ын гишүүн орнуудын дотроос Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө сүүлийн жилүүдэд сайн үзүүлэлттэй яваа орон болоод байгаа. Эдийн засгийн өсөлт нь одоо ч хадгалагдсаар байна. Харин эдийн засгийн өсөлтийн энэ ололт амжилтыг хүн амын эрүүл мэндийг сайжруулах хөшүүрэг болгох нь хамгаас чухал гэдгийг хэлэхийг хүсэж байна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ ДЭМБ-ын Ерөнхий захирал Маргарет Чанг-д хандан, төрөөс дархлаажуулалтын санхүүжилтыг хариуцах болж байгаатай холбогдуулан төсвийн хүндрэл үүсэхийг үгүйсгэх газаргүй, тиймээс хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чухал хүчин зүйл болсон дархлаажуулалтын тогтолцоог боловсронгуй болгоход ДЭМБ-ын зүгээс өнөөдрийг хүртэл үзүүлж ирсэн дэмжлэг, техник туслалцааны бодлогоо Монгол Улсад үргэлжлүүлэн хэрэгжүүлж байхыг хүссэн бол, УИХ-ын гишүүн, Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн дарга С.Одонтуяа, эрүүл мэндийн салбартаа эрх зүйн шинэчлэл, санхүү, хөрөнгө оруулалт, хүний нөөцийн шинэчлэлийг хийхээр ажиллаж байна гээд үүний зэрэгцээ эрүүл мэндийн салбарт сэтгэхүйн шинэчлэл хийх шаардлагатай байгааг хэллээ.

Тус  уулзалтад эмэгтэй гишүүдийн хамт оролцсон УИХ-ын гишүүн С.Ганбаатар хатагтай Маргарет Чанг-д ДЭМБ хэмээх том байгууллагыг амжилттай, үр дүнтэй удирдан авч яваад нь баяр хүргэж, Монгол Улс дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газраас Монгол Улсын Засгийн газартай мөн үр дүнтэй нягт хамтран ажиллаж ирснийг тэмдэглэв. Тэрбээр, эдийн засгийн өсөлтийг даган гарч ирж байгаа байгаль болон хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг хүчин зүйлүүдийг анхаарах шаардлагатай байгаа гээд Монгол Улсад хүн өөрөө эрүүл мэнддээ хяналт тавих боломжгүй, харин өмнөөс эрх баригчид асуудлыг нь шийдэж, хөрөнгийг нь зохицуулахад хэт их оролцоотой байгаа нь гаж тогтолцоо болоод байгааг онцлов.

УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, Ерөнхий захирлыг эрүүл мэндийн салбарт 35 жил зүтгэж яваа баялаг туршлагатай хүний хувиар манай эрүүл мэндийн салбарыг өөрчлөхөд зөв хандлага тогтооход үнэтэй хувь нэмэр оруулна гэж бодож байгаагаа хэлсэн бол гишүүн Г.Уянга, өнөөдөр дэлхий нийтийг хэрсэн эм, эмнэлгийн хэрэгслийн хатуу, харш бизнесийн нөлөө Монгол оронд ч хүчтэй байгаад санаа зовж явдаг, үүний сөрөг нөлөөг бууруулах талаар ДЭМБ хамтран ажиллана гэдэгт найдаж байна гэлээ.

УИХ-ын гишүүн, БОНХ-ийн сайд С.Оюун орчны эрүүл ахуйг сайжруулах, тэр дундаа хүн амын тэн хагас нь төвлөрсөн Улаанбаатар хотын орчны асуудал, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулахаар хийж байгаа ажилд ДЭМБ-ын анхаарлыг хандуулахыг хүслээ. УИХ-ын гишүүн М.Батчимэг, Монгол орон цаашид уул уурхайдаа түшиглэн хөгжих нь тодорхой, харин уул уурхайгаас хүний эрүүл мэндэд хэдийнээ сөрөг нөлөө үзүүлээд эхэлснийг цаашид хэрхэн шийдэх талаар гарцууд олох хэрэгтэй байгааг онцлон ярив.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top