Давтан үйлдлээр албан тушаалын байдлаа урвуулан эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт татагдсан Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянг шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд болох байсан ч, энэ сарын 16-ны өдрийг болтол хойшлогдсон байна. Тодотгоход, Авлигатай тэмцэх газраас түүнийг Интерполд хууль бусаар захидал бичсэн хэрэгт сэжигтнээр тооцон Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Тэрээр МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт холбогдоод буй Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажлыг зогсоох хүсэлтийг Монгол Улсын Хууль зүйн дэд сайдын нэрийн өмнөөс Интерполын ерөнхий нарийн бичгийн даргын газарт хүргүүлсэн байдаг. Түүний ийм хүсэлт тавьсныг баталгаажуулах мэдээлэл Интерполын нарийн бичгийн даргаас ирснээр АТГ-аас түүнийг шалгаж эхэлсэн юм.
Харин тэрээр уг хэргийн мөрдөн байцаах ажиллагаа дуусаагүй байхад давтан үйлдлээр албан тушаалын байдлаа урвуулан эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт татагдсан юм. Тодруулбал, МАХН-ын дарга Н.Энхбаярыг хорих ангиас Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлэг рүү шилжүүл гэсэн тушаалыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байдаг.
Тэгэхээр албан тушаалын байдлаа удаа дараа урвуулан ашигласан гэгдээд байгаа Дэд сайд Э.Эрдэнэжамъянгийн бурууг анхан шатны шүүх хэрхэн дэнслэх нь анхаарал татаж байна. Мөн тодотгоход түүнийг төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр хэрэгт татсан. Хэрэв түүнийг буруутгаад байгаа үндэслэл батлагдвал түүнд 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноож, төрийн албан тушаал хаших эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ тооцож болох талаар хуулийн эх сурвалжууд хэлж байсан юм.
Гэхдээ одоогийн нөхцөл байдлыг харахад Н.Энхбаяр нь өршөөгдсөн учраас Э.Эрдэнэжамъянгийн буруудаад байгаа үндэслэлүүдийн хүч сулрах магадлалтай юм.

Сэтгэгдэл ( 1 )
ENE ZALUUG TAIWAN AJLIIG NI XIILGEECHEE...URWJ SHARWAAGVIX NI TOLOO YALLAX GD BDAG CHIN SHUDARGA ESOND NIITSEXGVI BNA...