Монгол Улсаас БНЧУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Зүмбэрэллхамыг Бүгд Найрамдах Словак Улсын Гадаад харилцаа, Европын асуудал эрхэлсэн яамны ТНБД П.Буриан Братислав хотноо энэ сарын 13-нд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд П.Буриан Словакийн Эдийн засгийн яамны ТНБД а П.Павлис болон Хөдөө аж ахуй, бүс нутгийн хөгжлийн яамны ТНБД М.Лацко-Бартошова нарын хамт 9 дүгээр сарын 22-24-нд Монгол Улсад ажлын айлчлал хийхээр бэлтгэж байгаагаа дурьдаад Монгол Словакийн уламжлалт найрсаг харилцааг цаашид шинэ түвшинд гаргахад энэ айлчлал нь ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Элчин сайд Д.Зүмбэрэллхам Прага хотноо хүрэлцэн ирж үүрэгт ажилдаа ороод 4 сар гаруй болж байгаа бөгөөд удахгүй Словак Улсад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар суух итгэмжлэх жуух бичгээ Словакийн Ерөнхийлөгчид өргөн барихаар бэлтгэж байгаагаа мэдэгдээд 2013 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотноо зохиогдсон АОХН-ийн Сайд нарын хуралд тус улсын Шадар сайд бөгөөд Гадаад харилцаа, Европын асуудал эрхэлсэн сайд оролцсон явдалд Словакийн талд талархал илэрхийлсэн байна.
Монгол, Словакийн хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд үүний хүрээнд хэрэгжих тус айлчлал нь олон жилийн уламжлалт найрсаг түүхэн харилцаатай манай хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх, харилцааны залгамж чанарыг хадгалах, гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.
Тэд цаашид бизнесийн салбарт хоёр талын хамтран ажиллах тодорхой салбарууд болон боломжуудын талаар санал солилцсон бөгөөд МҮХАҮТ, Словакийн Хөрөнгө оруулалт, худалдааны хөгжлийн агентлаг хамтран айлчлалын хүрээнд хоёр орны бизнес эрхлэгчдийн харилцааг гүнзгийрүүлэх чиглэлээр “Монгол-Словакийн бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт” зохион байгуулахад зохих дэмжлэг үзүүлэхээр болов.

Сэтгэгдэл ( 1 )
Slovakiin nutagt, Mongolchuud amidardaggui. Tiim bolohoor hariltcaatai baih ni manaid ashiggui !!!