УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа УИХ-ын шинэ долоо хоногийн үйл ажиллагаа, цаг үеийн бусад асуудлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээллийнхээ эхэнд өнөөдөр ажлаа эхлэх гэж байгаа УИХ-ын 2013 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллын талаар танилцуулсан юм. УИХ-ын даргын захирамжаар намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоосон. Захирамжид намрын ээлжит чуулганаар 19 хууль тогтоомжийн төслийг хэлэлцэхээр нэр заасан.
Тухайлбал, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төсөл; Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны сангийн тухай хуулийн төсөл; “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл гэх мэт төслүүд дараалалд орсон.
Харин захирамжид нэр зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон хууль санаачлагчаас УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүр УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар тогтоосон ажээ.
Мөн өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн УИХ-ын ээлжит бус чуулганаар хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн салбарт үүссэн нөхцөл байдлыг эрх зүйн хувьд засч залруулах зорилгоор таван багц хуулийн төслийг хэлэлцүүлэхээр оруулсан ч тодорхой шалтгааны улмаас ээлжит бус чуулганы хугацаанд баталж амжаагүйучраас эдгээр төслүүдийг намрын ээлжит чуулганаар эцэслэн шийдвэрлэхээр тогтсон байна.
Үүнээс гадна УИХ-ын даргын захирамжаар “Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх журам”-ыг баталсан. Энэ захирамжийн дагуу УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 531 дүгээр зүйлд зааснаар парламентын сурвалжлагчдад УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах эрхийн үнэмлэхийг нэр зааж олгохоор болж байгаа. Журмыг УИХ-ын 2013 оны намрын ээлжит чуулганаас эхлэн хэрэгжүүлж эхэлж байгааг дуулгав.

Сэтгэгдэл ( 0 )