МАН-ын дарга Ө.Энхтүвшин: Энэ хугацааны ихэнхид нь бид Ардчилсан намтай хамтарч Засгийн эрхийг барьсан

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 27

МАН-ын Их хурал үргэлжилж байна. Улстөрийн таван сонгууль дараалан өвдөг шороодсон МАН эргэн хөл дээрээ босох уу үгүй гэдэгт анхаарал хандуулж буй олон нийт тус их хурлаас гарах шийдвэрүүдийг анзаарч  хүлээж буй нь тодорхой юм. Намын дарга Ө.Энхтүвшин уламжлал ёсоор улстөрийн илтгэл тавьсан юм. Тэрээр илтгэлдээ “МАН-ын XXVI Их хурлаас хойш яг З жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд олсон, алдсанаа дэнсэлж үзвэл, тэр нь илүү, энэ нь бага гэж дүгнэхэд амаргүй байна. Үүнийг яг нарийн жигнэж тогтоох гэж оролдох нь энэ тэргүүний зорилго биш ч байж мэднэ. Бидэнд ололт амжилт, алдаа оноо аль, аль нь  байгаа.

Энэ хугацааны ихэнхид нь бид Ардчилсан намтай хамтарч Засгийн эрхийг барьсан. Ард түмнээ гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж, эхлэл, суурийг нь тавьсан, үргэлжлүүлсэн, дуусгасан ажлуудыг нэрлэ гэвэл маш урт жагсаалт гарах болно.

Оюутолгой, Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулан, түүний үр шимийг ард иргэддээ хүртээсэн, Атрын III аяныг амжилттай өрнүүлж гурил, төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг өөрийн үйлдвэрлэлээр бүрэн хангасан, “Монгол мал” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж малын тоо толгойг зарим жилд 50 шахам саяд хүргэсэн, оюутнуудыг үндэсний тэтгэлэгтэй болгосон, олон аймгийг нийслэлтэй авто замаар холбох ажлыг шинээр эхлүүлж хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг хэд хэдэн удаа нэмэгдүүлж, өрхийн орлогыг дээшлүүлсэн, ялангуяа орлого багатай, хөгжлийн бэрхшээлтэй, өнчин өрөөсөн, өндөр настан иргэдээ онцгой анхаарсан зэрэг бодитой ажлуудыг хийж, чамлахааргүй үр дүн гаргасныг хэн ч үгүйсгэж чадахгүй. Хөгжлийн хураангуйлсан үзүүлэлтийн нэг болох эдийн засгийн өсөлт энэ жилүүдэд төлөвлөснөөс илүү хангагдаж  тухайлбал, 2011 онд 20,2 хувьд хүрсэн гэдгийг саяхан Засгийн газраас УИХ-ын гишүүдэд тараасан Монгол Улсын 2014 оны төсвийн төслийн танилцуулгад онцлон тэмдэглэж хүлээн зөвшөөрсөн байна. Ийм өндөр өсөлт үзүүлсэн улс дэлхий дээр тухайн жилд тийм ч олон биш байх аа. Эдийн засгийн өндөр өсөлтийн үр шим яагаад айл өрхийн хаалга, цонхоор орж ирсэнгүй вэ, гол автор нь болсон МАН 2012 оны сонгуульд юуны учир ялагдав гэж зарим хүн асууж, шүүмжилдэг. Эдийн засгийн өсөлтийн үр өгөөж айл өрхийн амьдралд тэр даруйдаа тусч мэдрэгддэггүй боловч аажимдаа их, бага ямар нэг хэмжээгээр заавал нөлөөлдөг гэж дэлхийн томоохон эдийн засагчид, судлаачид тайлбарладаг. Энэ оны 8 дугаар сарын статистикийн нэгдсэн үзүүлэлтийг аваад үзэхэд, 2013 оны II улирлын эцэст нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 841,2 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 93,8 мянган төгрөг буюу 12,6 хувиар нэмэгдсэн гэжээ. Эдийн засгийн байдал улам хүндэрсээр буй энэ үед, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэг ч төгрөгөөр нэмээгүй байхад яагаад ийм үзүүлэлт гарав гэдэг нь сонирхол татна. Энэ бол өмнөх жилүүдийн эдийн засгийн өндөр өсөлтийн үр дүн хожуу ч гэсэн гарч буй хэрэг. Мөн жижиг, дунд бизнесийг 19 хуулийн 243 заалтын хөнгөлөлт, чөлөөлөлтөөр хүчтэй дэмжиж ирсний өгөөж юм. Түүнчлэн оюутан хүүхдүүдийнхээ сургалтын  төлбөрийг хэдэн малаа зарж байж ард нь гардаг байсан малчдын тэр дарамтыг 2 жил дараалан төр нуруун дээрээ үүрсэнтэй холбоотойг ч бас тооцох ёстой. Эдийн засгийн өндөр өсөлт болон дээрх хүмүүнлэгийн арга хэмжээнүүд дараа дараагийн жилүүдэд тогтвортой үргэлжилсэн бол айл өрхийн орлого бүр дээгүүр үзүүлэлттэй гарах байлаа. Оюутолгойд хөрөнгө оргуулагч “Рио Тинто”, Тавантолгойгоос, нүүрс импортлогч “Чалко” компаниудаас 600 сая ам.долларын урьдчилгаа авч их хэмжээний өр үүсгэсэн хэмээн өнөөгийн эрх баригчид  бүхэлд нь харлуулан сурталчилдаг мөнгөний  тэрхүү урсгал нь хэн нэгэн юм уу, хэсэг бүлэг хүний халаасыг түнтийлгээгүй, харин тэр чигээрээ ард түмэнд орлого болон очсон нь үнэн юм.” гэхчлэн тал талын асуудлыг хөндөж байв.

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Rsa(112.72.13.105) 2025 оны 03 сарын 13

Ene odoo yu gej soliorood bna uuriinhuu naming l yarldaa yup AN- be

1  |  0
Top