“Бусдыг зүхэхээсээ өмнө намынхаа шинэчлэлийг л ярих хэрэгтэй”

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 27

“Яг энэ цаг үед бид юуг шинэчлэх вэ гэдгээ олж харахын тулд яагаад ялагдав гэдэг асуултыг үргэлж хамт тавьж түүнээ тойрч ярилцах ёстой юм.”  гэж МАН-ын дарга хэллээ. Хот, хөдөөгөөс сонгогдсон 1121 төлөөлөгч ийнхүү шинэчлэлийн төлөө эргэлт буцалтгүй зүтгэхээс өөр гарцгүй болгосон ялагдлынхаа шалтгааныг үнэн мөнөөр нь тогтоохын сацуу шинэчлэлийн салхийг сэвэлзүүлэх ёстой болж байна. Гэхдээ яагаад ялагдав гэдгээ тодорхойлж харахын тулд өөрсдийн дутагдлаа илүүтэй ярих ёстой байтал бусдын одоогийн алдаа илүүтэй үсэрч орж яриад байх нь агуулга, хэлбэр аль аль талаасаа цагаа олоогүй хэрэг гэсэн байр суурийг илэрхийлэгсэд ч байна. Намын дарга нь АН-ын алдаа завхралд илүүтэй анхаарсан зүйлийг яриад байгаа нь Ч.Ганхуяг нарын нөхдүүдийг бухимдуулахад хүргэжээ. Ямартаа л тэрээр “Бид сайндаа алдаад байгаа биш энэ хурлаар намын шинэчлэлийг л ярих хэрэгтэй юмсан. АН, ЗГ-ын  алдааг энд тоочих илүү” гэв. Мэдээж энэ бол анхаарах л асуудал. Тэд ямар ч байсан нийтийн анхаарал дор их хурлаа хийж байгаа шүү дээ.  

 

За харин намын  шинэчлэлийг яг гардан гүйцэтгэгчид нь хэн хэн байх вэ гэдэг нь гурван өдрийн дотор тодорхой болох ёстой. Гэхдээ одоогоор нэг зүйл тодорхой болоод байгаа нь МАН-сүүлийн 20-оод  жилийн  алдаа оноог  үүрэх учиртай ах гишүүд намын эрх мэдлээс тэгж амар холдохгүй нь. Учир  нь энэ өдрүүдэд намын их хурлаар хэлэлцэгдэх дүрмийн төсөлд анхаарал татсан нэгэн заалт байгаа нь “Намын даргын дэргэд намын бодлого,үйл ажиллагааны уламжлал,залгамж чанар,нэгдэл нягтралыг хангах үүднээс улс төрийн бодлогын талаар зөвлөлдөх байнгын бус Зөвлөхүүдийн танхим ажиллана. Танхимын бүрэлдэхүүнд Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаар болон Ерөнхийлөгч,УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар намаас нэр дэвшин сонгогдож,томилогдон ажиллаж байсан намын гишүүд байна” гэж оруулж ирсэн байна. Тэгэхээр нэг талаас намын ах гишүүдийн захиалгын дагуу боловсруулагдсан гэж харж болох. Бас нөгөө талаас шинэчлэлд зорьж байгаа МАН байдаг бүхнээ гээгээд тэс өөр дүр эсгэж гарч ирэх нь улстөр, нийгмийн хөрсөнд буутлаа бас ч гэж цаг авна гэдгийг тооцоолж харсан байх талтай. Тэгэхээр туршлага болоод шинэчлэлийн огтлолцол дээрээс тэд гараагаа эхлэх гээд байна уу гэсэн хандлага энд бас гарч ирж байна.

 

Түүнчлэн МАН-ыг  сэхэж босгохын төлөөх аливаа шийдвэрүүд дээр ойлголцлоо нэгтгэхийг тэд чухалчилах болов уу. Тэдэн дунд шинэчлэл гэдэг тодотголоор малгай хийсэн хэсэг гарч ирсэн ч, тэд хөл дээрээ босч ирэхэд хүчээ хуваарилах тал дээр яаж ажиллах бол гэдэг нь анхаарал татаж буй юм.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top