МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ, УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД, ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ БОЛОН УИХ-ЫН ГИШҮҮД, НАМ ЭВСЛИЙН БҮЛЭГТ ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 29

Гэмтэл согог судлалын үндэсний төвд үүсээд байгаа нөхцөл байдал нь тогтолцооны болон эрх мэдлийн хамгаалалттай, нам, эвслийн оролцоотой хууль бус томиолгоо нь төрийн үйлчилгээний байгууллагыг бүхэлд нь хямралд оруулж, монгол хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд хор хохирол учруулах хэмжээнд хүрчихээд байгаа нь хүн ардынхаа  эрүүл энхийн төлөө зогсоно хэмээн тангараг өргөсөн эмч биднийг төр, засгийн өндөрлөгүүдэд хандахаас өөр аргагүйд хүргэлээ.

            Эрүүл мэндийн шинэчлэлийн бодлого нь:  Эрүүл мэндийн байгууллагын түвшинд, суурь шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхдээ тухайн байгууллага өөрийн онцлогт тохирсон, байгууллагын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд суурилсан, түүнээс гарах гарцыг олсон, эрүүл мэндийн шинэчлэлийн бодлоготой нягт уялдсан төсөлтэй байх, байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөртэй байхыг чухалчилсан. Гэтэл Засгийн газрын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх шийдвэрийг салбарын яамны сайд гаргахдаа бодит хөрсөн дээр бууж, амьдралд хэрэгжих боломжгүй зүйл болгон хувиргаж байгаа нь эрүүл мэндийн салбарыг хямралд оруулж байгаа  төдийгүй, мэргэжлийн байгууллагууд болон эрүүл мэндийн ажилтан албан хаагчдын эрхийг зөрчиж, ард түмний эрүүл мэндийн асуудлыг хөсөрдүүлж байна.

Гэмтэл согог судлалын үндэсний төв нь гэмтэл согог мэс заслын чиглэлээр төрөлжин мэргэшсэн энэ чиглэлийн эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг хүргэдэг цорын ганц эмнэлэг юм. Тус төв нь өөрийн гэсэн мэргэжлийн онцлогтой, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нар нь АНУ, Канад, Франц,  Герман,  Солонгос улсад мэргэшсэн, олон улсын түвшинд дүйцсэн “Түнх, өвдөгний үе солих мэс засал, өвдөгний дурангийн мэс засал, тархи, нуруу нугасны мэс засал, судас, шөрмөс, булчингийн бичил мэс засал”-ыг  дотооддоо шийдсэн цорын ганц эрүүл мэндийн байгууллага. Тус төвийн хамт олон гадаадад суралцаж байх хугацаандаа мэргэжил нэгт нөхдөдөө санал, хүсэлт тавьж, байгууллагаа хөгжүүлэх зорилгоор “Олон улсын эрүүл мэндийн төсөл”-ийг санаачлан хэрэгжүүлж ирсэн.

Өндөр ачаалалтай ажилладаг учраас иргэдэд үзүүлж байгаа тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, хүлээгдлийг бууруулахын тулд Яаралтай болон мэс заслын тусламж үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлж 24 цагийн дотор шинээр хэвтсэн өвчтөнүүдэд бүх төрлийн шинжилгээ, оношлогоо, мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж, байгууллагын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх төсөл хийж хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэ бүхний цаана энэ төвийн 500 гаруй  эмч, сувилагч, ажилтан ажиллагсдын хүн ардынхаа эрүүл энхийн төлөө зүтгэсэн, хийсэн бүтээсэн нөр их хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэл бий.

            Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж, шинэ сайд томилогдсон өнгөрсөн жил гаруйн хугацаанд тус төв нь үүрэг гүйцэтгэгч гурав дахь даргынхаа нүүрийг үзлээ. Сүүлийн гурван сард хоёр удаа дарга өөрчлөгдлөө. Эрүүл мэндийн сайдын хууль зөрчин хийж байгаа халаа сэлгээ нь байгууллага хамт олны хүсэл мөрөөдөл, оюуны сан хөмрөг, баялаг туршлагыг үгүйсгэхэд хүргэж байна. Шинэ дарга нар нь байгууллагын онцлог, өнөөгийн авч хэрэгжүүлж байгаа олон талт чухал ажил, төслүүд нь иргэд, үйлчлүүлэгчдэд ямар хэрэгтэй вэ гэдгийг харахаасаа өмнө байгууллага, хамт олны хийж бүтээсэн бүхнийг харлуулах, мэргэжлийн хүмүүсийг халж солих зэргээр бухимдуулж, бужигнуулсан билээ.

            Бидний зүгээс ямар нэгэн албан тушаал, эрх мэдлийг горилоогүй.  Харин мэргэжлийн хүн энэхүү онцгой обьектийг удирдвал түргэн шуурхай мэргэжлийн өндөр түвшинд алив шийдвэрийг гаргаж,  гаргасан шийдвэр нь ард түмэнд нийцтэй, үйл ажиллагаа нь цаг алдалгүй чанар хүртээмжтэй аюулгүй эмчилгээ үйлчилгээг түргэн шуурхай хүргэх боломж нь илүү байх болно гэдэг шалтгаанаар Н.Удвал сайдад болон яаманд удаа дараа хүсэлт тавьж байсан. Гэтэл сайд хууль зөрчсөн  ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрээ эргэн харахын оронд эмнэлгийн эмч ажилчдыг буруутган өргөсөн тангаргаасаа няцсан гэж мушгин гуйвуулж, хэвлэл мэдээллээр цацаж, түүгээр ч зогсохгүй ЭМЯ-ны вебсайтаар  эмнэлгийн ажилтан албан хаагч биднийг дайран гүтгэж, илт басан доромжилсон үйл ажиллагааг байнга явуулах  боллоо.

            Эрүүл мэндийн сайд Н.Удвал ярилцлагадаа: Гэмтлийн эмнэлгийн цаана их мөнгөний асуудал байгаа учраас идээ бээрийг нь шахах хэрэгтэй байгаа гэх мэтээр ярьж, эмнэлгийн үйл ажиллагааг эрх мэдэл бизнес мөнгөний асуудалтай хольж хутган, олон нийтэд буруу ташаа ойлголт төрүүлэхийг оролдож байгаа нь туйлын болчимгүй үйлдэл юм. Ингэж хар муйхраар тус төвийн 600 гаруй эмч ажилчдыг гүтгэн доромжилж, хардаж сэрдэж байгаа нь туйлын хариуцлагагүй асуудал гэж бид үзэж байна.  Иймээс тус төвийн хамт олон бид өнөөгийн нөхцөл байдалд  “Хамт олны шийдвэр чухал” гэж үзэн хоёр цагийн түр суултыг хийж, дуу хоолойгоо дээд байгууллагад хүргэсэн. Мөн эмч нар хуулийг дээдэлж,  хэрэгжүүлэхийг салбарын сайдаасаа, яамны удирдлагаасаа хүссэн, бас шаардсан. Гэтэл хуулийг хэрэгжүүлэх нь бүү хэл, эмч эмнэлгийн ажилчдыг айлган сүрдүүлэх, хүч хэрэглэх зэргээр эрх мэдлээрээ илт далайлган доромжилсон үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.  ГССҮТөвийн захирлыг томилохдоо алдаа гаргасан гэдгийг зөвхөн эмнэлгийн хамт олон бид үзэж байгаа биш, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа “Манай яам хариуцлага алдсан. Сонгон шалгаруулалтыг хугацаанд нь шуурхай, зөв шударга явуулаагүй. Ойр ойрхон удирдлагыг нь өөрчлөх нь тухайн байгууллагын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаанд хор нөлөөтэй. Энэ асуудалд Эрүүл мэндийн яам тодорхой хэмжээний алдаа гаргасан гэж би хувьдаа боддог”  гэж тодорхойлж байсан. Гэтэл “Эрүүл мэндийн салбарт хийж байгаа шинэчлэлд эмч мэргэжилтэн бүр хувь нэмрээ оруулж байгаа” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байгаа Эрүүл мэндийн сайд бодит байдал дээр эмч нарынхаа байтугай, дэд сайдынхаа үгийг огт сонсохгүй  харин ч эсрэгээрээ байгаа нь хэнд ч илт тодорхой харагдах боллоо. Н.Удвал сайдын Төрийн албаны хууль зөрчиж, дур зоргоороо хийсэн томилгооноос үүдэлтэй бусармаг үйл ажиллагаа  даамжирч  эрүүл мэндийн салбарт, цаашлаад эмнэлгээр үйлчлүүлж байгаа ард иргэдийн амь нас эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсэх болно.

Н.Удвал сайд ГССҮТ-д хууль бус шийдвэрээр захирал томилсон. Томилогдсон захирал нь сайдынхаа даалгавраар ажилтан албан хаагчдыг хоморголон халж байна. Жишээ нь, ГССҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирлын албыг хариуцан хашиж байгаа хүн бэртэл гэмтэл, осол аваарын онцгой нөхцөлд цаг алдалгүй, нарийн мэргэжлийн өндөр түвшинд нэн яаралтай шийдвэр гаргаж байх хүний хувьд заавал  мэргэжлийн байж, тэр тусмаа гэмтлийн мэс заслын тэргүүлэх зэрэгтэй, профессороос доошгүй зэрэг дэвтэй мэдлэг туршлагатай байх ёстой атал энэ хариуцлагатай албан тушаалд ямарч мэргэжлийн зөвлөлгөө өгч,  шийдвэр гаргах чадваргүй хүүхдийн эмч томилчихоод байна. Томилогдсоноосоо хойш өнөөдрийг хүртэл энэ хүүхдийн эмч нь гэмтэл согогийн яаралтай мэс заслын асуудлуудыг  хэлэлцдэг эмч нарын зөвлөлгөөнийг огт хийлгэлгүй байж, эмчилгээ үйлчилгээнд ямарч заавар шийдвэр гаргахгүй байгаа нь туйлын  хариуцлагагүй байдалд хүргэж байна.

             Гэтэл эмчилгээ эрхэлсэн орлогч захирал шаардлагатай үед мэс заслын эмчилгээний багийг мэдлэг чадвар туршлагыг нь харгалзан томилж, мэс заслын эмчилгээний явц үр дүнд хяналт  тавих үүрэгтэй байдаг. Алхам тутамдаа санаанд ч багтахааргүй гэнэтийн осол гэмтэлтэй нүүр тулан минут секундтэй уралдан шийдвэр гарган ур чадвар ухаан хамгийн гол нь олсон дадлага туршлагаараа хүний алтан амийг аварч чадах  эмч болно гэдэг хувь хүнээс маш их сэтгэлийн хат, хичээл зүтгэл,  хөдөлмөр хугацаа  шаарддаг. Ийм ажлыг хэн нэгэн өнөөдөр ирээд маргааш нь эзэмшээд авч явж чадахгүй. Гэмтлйн мэргэжлийн эмч нар бид хүүхдийн эмчийн амыг харж яаралтай хагалгааны шийдвэрээ ч гаргаж чадахгүйд хүрч  байгаадаа туйлын их харамсаж бас бухимдаж байна.  Эмчилгээ эрхэлсэн захирлын энэ хариуцлагатай үүргийг өөр чиглэлээр мэргэшсэн хүн шууд  гүйцэтгэх ямарч боломжгүй юм. Мөн Гэмтлийн чиглэлд 40 гаруй жил ажилласан Эрдэм шинжилгээ судалгаа хариуцсан дэд захирал ШУ-ны доктор профессор, гавьяат эмч Р.Шагдарсүрэнгийн оронд  задлангийн эмч Сувдыг, Стратеги төлөвлөлт, гадаад харилцаа хариуцсан дэд захирал тэргүүлэх зэргийн эмч,  клиникийн профессорыг халж, ганц хоёрхон жил ажиллаж байгаа ЭМЯ-нд Засгийн газрын 1111-ийн санал гомдол хариуцаж байсан операторчин залуу Бат-ирээдүйг томиллоо. Өнөөдрийн байдлаар таван дэд захирал, зөвлөх, тэргүүлэх зэрэгтэй гурван профессорыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Хууль бус захирал Ц.Энхбаярын “Та нарыг бөөнөөр нь халж болохгүй байна. Иймээс цувуулж хална” гэж хэлснээр  мэргэжлийн эмч сувилагч нар ар араасаа хөвөрч  гудамжинд хөөгдөн гарах нь тодорхой болоод байна.         

             Дээрх хууль бус томилгоо нь энэ салбарт мэргэжлийн боловсон хүчнийг хоморголон халж,  мэргэжлийн бус хүмүүсээр орыг нь бөглөж байгаа нь энэ салбарын боловсон хүчний бодлогыг бүр мөсөн  алдагдуулсан, муу уршиг ихтэй ажлууд болж байна. Хамгийн ноцтой нь энэ бүх үйлдлүүдийн цаана эмнэлгийн яаралтай  тусламж үйлчилгээг авч байгаа ард иргэд хохирч буй  нь сайд Н.Удвалд  огтхон ч хамаагүй бололтой. Тодорхой арга хэмжээ авахын оронд юу ч болоогүй мэт байгаа нь олны  гайхширлыг төрүүлж, итгэлийг хөсөрдүүлж байгаа юм.

            Манай улсын эрүүл мэндийн салбар хөгжингүй олон улс орнуудын  жишгээр  гурав шаталсан тогтолцоотой.   Дэлхийн улс орнууд  төрөлжсөн нарийн мэргэжлийн гуравдахь шатлалыг бий болгож, гурав дахь шатлалын эмчилгээ үйлчилгээ шаардлагатай өвчтөнд төрөлжсөн нарийн мэргэжлийн  чанар хүртээмжтэй аюулгүй тусламж үйлчилгээг  цогцоор нь  нэг цэгээс иргэдэд чирэгдэл гомдолгүй, хурдан шуурхай  хүргэхийг эрхэм  зорилгоо болгодог. Төр, засгаас  гурав дахь шатлалын нарийн мэргэшсэн эмнэлгийн тусламж  үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдээ барилга байгууламж,  боловсон хүчин, тоног төхөөрөмж гэх мэт  бололцоотой бүхнээр нь дэмжиж ирсний үр дүнд буй болсон  Монголын эрүүл мэндийн салбарын  томоохон  төвүүдийн  нэг нь  Гэмтэл согог судлалын үндэсний төв юм.

            Гэтэл Эрүүл мэндийн сайд Н.Удвал гурав дахь шатлалд багтдаг чиглэл чиглэлээрээ төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг  хэдэн том эмнэлгээ монополь эрхтэй хэмээн ад үзэж, монополийг задлах нэрээр тус төвөөс эхлүүлэн бужигнуулж,  үйл ажиллагааг нь доголдуулах болсныг нь олон нийт гайхширан  харж, эмч өвчтөн, өвчтөний ар гэрийнхэн хүртэл зовлон гачаалаа тоочин, энэхүү болчимгүй үйлдлийнх нь золиос болчихгүйн тулд учирлан гуйж, эмнэлгийн тусламж үйлчилгээг нь хэвийн болгохыг царайчлан гуйж телевизээр ярьж  байгааг улс даяараа мэдэж байгаа. Сайд алдаагаа далдлахын тулд асуудлыг улстөржүүлж, гурав дахь шатлалын нарийн мэргэшсэн эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг хэдэн том эмнэлгээ “Монопольдож байгаа учраас тараах ёстой байсан  юм байна” гэжтелевизээр ярьж байна. Ийн хариуцлагагүй мэдэгдэл хийж байгаа Н.Удвал сайдыг монгол хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байна гэж хэлэхэд хилсдэхгүй боллоо.

            Эрүүл мэндийн сайд, “Шаардлагатай тохиолдолд гэмтэл согог судлал, мэс заслын чиглэлээр мэргэшсэн эмч мэргэжилтнүүдийг тус төвийн үйл ажиллагаанд татан оролцуулах“ тухай тушаал, шийдвэр гаргаж, Эрүүл мэндийн төвүүдээс гэмтлийн эмч хайж, бүртгэл явуулж байна. Нарийн мэргэшсэн эмч бэлтгэнэ гэдэг зарлалаар цуглуулаад, дамжаагаар бэлтгэдэг ажил биш. Өнөөдрийн байдлаар  шаардлагатай тоног төхөөрөмж, зориулалтын байр, бэлтгэгдсэн мэргэжлийн гэмтлийн эмчгүй дүүргийн эмнэлгүүдийн гэмтлийн кабенитэд гэмтлийн хагалгаа хийлгэх тухай тушаал гаргаж, Нийслэлийн эрүүл мэндийн газарт тулган шаардаж байгаа нь гэмтлийн чиглэлийн тусламж үйлчилгээг хөсөр хаяад  зогсохгүй ард түмнийхээ эрүүл мэндийн эрх ашгийг  хохироох байдалд хүргэж  байна.  Монгол хүний амь, нас эрүүл мэндийн асуудалд салбарын сайд нь ийм хөлдүү хойрго хүйтэн сэтгэлээр хандаж болно гэж үү.

            Өндөр хөгжилтэй орнууд аль болох нэг цэгээс бүх шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгийн төвүүдийг барьж  байгуулж байна. Гэтэл Н.Удвал сайд шинээр нэмж эмнэлэг байгуулж чаддаггүй юм гэхэд энэ улсын эрүүл мэндийн салбартаа бүтээж босгосон  улсын хэмжээний төрөлжсөн нарийн мэргэжлийн төвүүдийг устгах тараахыг зорьж байгаа нь том эмгэнэл юм. Ийнхүү  Монголын эрүүл мэндийн салбарыг унагаж байгаа хүн Эрүүл мэндийн сайдаар ажиллах ёс суртахууны эрх байхгүй. Түүний хууль зөрчсөн олон болчимгүй үйлдэл, амьдралд хэрэгжиж хөрсөн дээр буухгүй бусармаг шийдвэрүүдийг нь харахад Н.Удвал сайдыг цаашид  Эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэн энэ салбарыг зөв зүйтэй удирдан чиглүүлэх ур ухаан, туршлага, мэдлэг чадвар нь хүчин  мөхөсдөж, Засгийн газрын шинэчлэлийн бодлогын нэр барьж эрүүл мэндийн салбарын хөгжлийг урагшлуулах биш ухраах хэмжээнд хүргэлээ гэж үзэж байна. Иймд  МОНГОЛ ТӨРИЙН ДЭЭД ГУРВАН ӨНДӨРЛӨГ, УИХ-ын “ЭРХЭМ ГИШҮҮД” та бүхнээс Эрүүл мэндийн салбарын эрх ашгийг уландаа гишгэж, хууль бус томилгоонуудыг удаа дараа хийж, төрийн хуулийг байнга зөрчиж  байгаа Н.Удвал сайдыг огцруулж, Улсын онцгой обьект болох Гэмтэл согог судлалын үндэсний төв  болон  Эрүүл мэндийн салбарын хувь  заяаг аврахыг хүсэж байна.

 

Та бүхнийг хүндэтгэсэн,

 

           ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ХАМТ ОЛОН

                                       2013 оны 10 дугаар сарын 28

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ааа(103.26.194.60) 2025 оны 03 сарын 13

Сайд удвал бүх эмнэлгийн даргыг нэг өдөр халснаараа монгол улсын эмнэлгүүдийг ажиллах чадваргүй болгож бараг жил болголоо. Энэ үйлдэл знэдсний аюулгүй байдалдхохирол учруулах үйлдэл тулд шүүхэд өгч таслуулах бүрэн үндэслэлтэй болно.Өөр маш олон буруу, хууль зөрчсөн үйлдлүүдийг хийж байгаа болно.

1  |  0
*****(49.0.159.78) 2025 оны 03 сарын 13

САЙН МУУ НИЙЛЖ САВ ДҮҮРДЭГ НЬ ЖАМ, АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ХҮН АЛДААТАЙ Ч, ОНООТОЙ Ч БАЙДАГ.ЭНЭ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЖ БАЙГАА БҮХ ХҮН ЭНЭ ХҮМҮҮСИЙН БИЧСЭНЧЛЭН МУУ МУУХАЙ ХҮМҮҮС БИШ БАЙХ. ХАЗАЙСАН ДЭЭР НЬ ТҮЛХЭЖ, УЛСАД ГАНЦ БАЙГАА НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМНЭЛГЭЭ УСТГАЧИХААД ОСОЛ ГЭМТЭЛ ИХССЭЭР БАЙГАА ЭНЭ ЦАГ ҮЕД БИД САЙНАА ҮЗЭХ ҮҮ??? ЭНЭ ЭМЧ АЖИЛЧДЫН АРД БИДЭНТЭЙ Л АДИЛ ГЭР БҮЛ, ҮР ХҮҮХЭД НЬ БАЙГАА. ХЭДЭН ХҮНИЙ ХООЛНООС ХУМСЛАХ ГЭЖ БАЙГААГ БОДСОН УУ?

1  |  0
irgen (202.131.227.50) 2025 оны 03 сарын 13

103 26 ta ooroo yamar mergejiltei ve? neg gazriin tseverlegch bish biz? kk yamar ch hogiin udirdlagiig huleen zovshoorood suuj bdg, tegehgui l bol hoolgui bolchino geed aigaad suuj bdg kkk tiim yum hezee ch bdaggui l bhgui yu

1  |  0
zochin(112.187.129.77) 2025 оны 03 сарын 13

naad emch nar chin garaad yavahad huviin emnelegt ordog ch yumuu esvel neegeed amidarchihnaa.Ard n uldej bgaa uvchtun ard irgediig yaah gej bn. Orond n ireed ajillah emch nar deed tal n 7 honono shuudee tegeheer ard irgedee hohiroohguin tuluu yum bodoh n chuhal shuu

1  |  0
zocchin(103.26.194.60) 2025 оны 03 сарын 13

ajilaa zugeer hiigeed yavaach dee yamar ailyn erh huuhed bish

1  |  0
zocchin(103.26.194.58) 2025 оны 03 сарын 13

ajilaa zugeer hiigeed yavaach dee yamar ailyn erh huuhed bish

1  |  0
Top