Яригдаж, бичигдэж байсанчлан М.Энхболд намын даргын суудалд хоёр дахь удаагаа суулаа. Нэг талаас харвал түүний энэ удаагийн тэмүүллийн өмнө бусад бүлэг фракциуд “бууж” өгсөн мэт. Ямартаа ч саналын хуудаст түүний нэртэй хамт Т.Аюурсайханы нэр л үлдсэн билээ. Гэхдээ нэгэн сайшаалтай зүйлийг онцлоход МАН дотроо хэд тасарч хуваагдах бус эв нэгдлийг эрхэмлэж, түүгээрээ хөшүүрэг хийн ирэх сонгуульд ялалтын тугаа мандуулах дээр МАН-ын Их хурлын гишүүд үзэл бодол нэгдээд байгаа нь анзаарагдав. Тэгэхээр одоо намын даргатайгаа хүч хавсран ажиллах бусад “дарга” нарын томилгоо анхаарал татаж байгаа. М.Энхболдтой хүч хавсрах Генсекээр хэн ирэх нь өнөөдөр шийдэгдэнэ. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий нарийн бичгийн дарга буюу Генсекийн суудалд Ж.Сүхбаатар, Ж.Мөнхбат, Д.Цогтбаатар, Я.Содбаатар нарын нэрс яригдаж байсан.
Харин М.Энхболдтой хамгийн тохирох хүнээр Ж.Сүхбаатарыг нэрлэх хандлага байсан. Тэгэхээр энэ прогноз биеллээ олох эсэхийг өнөөдөр харж таарах нь. Гэхдээ дээр өгүүлсэнчлэн бусад бүлэг фракциуд намын даргын өрсөлдөөнөөс хойш суусны учиг нь Генсекийн томилгоон дээрээс харагдахыг үгүйсгэх аргагүй л юм. С.Баяр, Сү.Батболд нар М.Энхболдыг намын тамгыг хүлээж авахад ойр дэргэд нь харагдаагүй нь ч бас учиртай болов уу. Намын их хурлын туршид Н.Энхболдтойгоо шадарлан суусан энэ хоёр улстөрч өөрийн хүнээ Генсекийн суудал тийш илгээх хүсэлгүй гэж хэлэхэд эртдээд байна.
Ямартай ч өнөөдөр дээр нь нэр нь дурдагдсан нөхдүүдийн нэгийг тодруулж таарна. Өөр элдэв битүү морь байхгүй биз. Ерөнхийдөө МАН-ын Их хурлын гишүүдийн уур амьсгалыг анзаарахад Ж.Сүхбаатар тийш итгэл хүлээлгэх байдал анзаарагдаж байсныг хэлэх хэрэгтэй байх. Өдгөө намынхаа Нарийн бичгийн даргаар ажиллаж буй Ж.Сүхбаатар Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан, элдэв хуудуутай асуудлыг сөрж байр сууриа илэрхийлэхдээ хойш суудаггүй нэгэн. Түүний хувьд улстөрийг луйварт ашигласан тухай элдэв асуудалд нэр холбогдсон тухай мэдээллийг хэвлэлийн хуудаснаас олж харахад хэцүү, одоогоор. “Би УИХ-д хамгийн чөлөөтэй байдлаар хэлье гэснээ хэлж чаддаг. Надад ямар нэгэн барьцаа, элдэв бүлэглэл, хэн нэгний хатгаас энэ тэр байхгүй.” хэмээн өөрийгөө илэрхийлж суусан түүнд итгэл хүлээлгэх эсэх нь өнөөдөр тодорхой болно.
Генсект нэр нь яригдаж ирсэн бусад эрхмүүдийн тухайд Ж.Энхбаяр гэсэн хувилбар бий. Гэхдээ тэр М.Энхболдтой сайн хоршино гэдэг нь эргэлзээтэй. Тэрээр өчигдөр намын даргын өрсөлдөөнөөс нэрээ татахдаа “ Олон жил ялалтад хөтөлсөн ах нартаа баярлалаа. Заалны 60 хувь нь залуус байна. Гэхдээ намын даргын босго өндөр байх ёстой. Нэрээ татъя. Би 1996 онд нам хүнд байхад элссэн. Тэгэхэд намын их хурлаар зөв шийдвэр гаргаж ялалт руу чиглэсэн. Намайг дэвшүүлсэн нь гэнэт боллоо. Залуус ачаа үүрэлцэх ёстой гэж үзэж дэвшүүлж байгаа юм байна” хэмээн байр сууриа илэрхийлснийг тодотгоё.

Сэтгэгдэл ( 0 )