Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн урилгаар Бүгд Найрамдах Унгар Улсын Батлан хамгаалахын сайд, доктор Чаба Хенде албаны хүмүүсийн хамтаар 2013 оны арваннэгдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын хоёр дахь өдөр буюу 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр БНУУ-ын Батлан хамгаалахын сайд доктор Чаба Хенде тэргүүтэй төлөөлөгчид Батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирэхэд, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ хүндэт харуулын хамт хүндэтгэн угтан авлаа. Энэхүү айлчлалын хүрээнд хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдал, хоёр орны харилцаа, түүний дотор батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцож хэлэлцэв.
Талууд хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь талуудын нийтлэг эрх ашиг сонирхол, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутагт болон дэлхий дахинд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах үндсэн зарчимд тулгуурлан шинэ агуулга хэлбэрээр баяжин өргөжиж, эрчимтэй урагшлан хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа харилцан илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )