Цаашид хүүхдийн мөнгийг олгож, найман хувийн зээлийг үргэлжлүүлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 12


Шинэчлэлийн Засгийн газрын эзэндээ хүрсэн бодлогын нэг гол илэрхийлэл бол Хүүхдийн мөнгө. Төрийн халамж тэтгэмжийг хавтгайруулахын оронд бусдын дэмэнд өсч бойждог үр хүүхэддээ сар бүр 20 000 төгрөг олгохоор Шинэчлэлийн Засгийн газар шийдвэрлэсэн, цаашдаа ч үүнийгээ баримтлах аж.

Орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт удааширлаа, зогсох нь гэсэн мэдээлэл иргэдийг түгшээж байгаа. Бодит байдал дээр 8 хувийн хүүтэй зээл хэвийн үргэлжилж байгаа, цаашид ч үргэлжилнэ гэжээ. Харин зээлийн барьцаанд амины орон сууц, хашаа байшин оруулдаг болох, зорилтот бүлгийнхэнд урьдчилгаа төлбөрийн уян хатан нөхцөл санал болгох зэргээр энэ ажлыг илүү боловсронгуй болгоход чиглэсэн зохицуулалтууд хийхээр ажиллаж байна.


   Монгол Улсад одоо мөрдөж буй 23 төрлийн татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй, шинээр бий болгохгүй. Харин ч эсрэгээрээ бизнес, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн шинэчлэл хийж байна. Татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжүүдээ урамшуулж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн төлөх татварыг багасгах зорилгоор ажиллаж байна. Бизнесийн харилцааг дэмжсэн, татварын ачааллыг бууруулсан шударга харилцаа бий болгох эдгээр шинэчлэл нь уул уурхайгаас бусад салбараа дэмжих, хэт импортоос хамааралтай байдлаасаа салахад үр өгөөжөө өгнө гэсэн юм.

 
Японоос цөмийн хаягдал оруулж ирж булах гэж байна гэж зарим улс төрийн нам, олон нийтийн байгууллагаас мэдэгдэл хийлээ. Энэ мэдэгдлээрээ Ерөнхий сайд Япон улсад айлчлахдаа тус улсын цөмийн хаягдлыг Монголд булшлахаар тохиролцсон, Гадаад харилцааны сайд уран олборлох гэрээг Франц улстай хийсэн гэхчлэн ярьжээ.

Монгол Улс бол цөмийн энерги, уран олборлолтын талаар бодлогоо тодорхойлсон орон. Японоос цөмийн хаягдал оруулж ирж булах ямар ч үйл ажиллагаа хийгдээгүй, цаашдаа ч хийхгүй гэдгээ Шинэчлэлийн Засгийн газар хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэсэн юм.

 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top