Тойм: Ирэх долоо хоногуудад ч “халуун”-аа барих 7 асуудал

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 18

 

Нэгэн долоо хоног улирч шинэ долоо хоногийн эхлэл өдөр өнөөдөр тохиож байна. Өнгөрөгч долоо хоногт улс оронд олон үйл явдал өрнөсөн нь гарцаагүй. Харин Зиндаа.мн-ий долоо хоногийн тойм энэ долоо хоногт төдийгүй ирэх долоо хоногуудад ч халуунаа барих  асуудлуудыг онцолж байна.

 

Р.Амаржаргалын хүсэлт ба Ж.Батзандан нарын тоглолт


Р.Амаржаргал гишүүн долоо хоногийн  эхний өдрийн үдээс хойш дуулиан тарьсан юм. Тэрээр  УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ УИХ-ын даргад, харин намынхаа ҮЗХ-оос гарах өргөдлөө намынхаа удирдлагад хандан гаргасан ч, өөрөө энэ талаараа албан ёсны тайлбар хийхээс татгалзан хэвлэлийнхэнтэй нуугдаж тоглов. УИХ-ын даргын гарт өгсөн хүсэлтдээ гишүүнээс татгалзаад байгаа хүндэтгэн үзэх шалтгаанаа тодорхой бичээгүй нь анхаарал татаж буй. Тухайлбал, У.Хүрэлсүх гэр бүлийнхээ хүний эрүүл мэндийн байдалтай холбоотойгоор УИХ-ын гишүүний үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөс өөр аргагүй болж байна гэдгээ мэдэгдэж байсанчлан, Р.Амаржаргалаас яг тийм бат ноттой үндэслэлийг сонсохыг хүлээсэн хандлага нийгэмд байгаа ч, тэрээр цаг нь болохоор гэх сонирхолтой тайлбарыг л өгч буй. Цаг нь гэж яг хэзээг хэлээд байгаа вэ гэдэг нь энэ долоо хоногт тодорхой болох байх гэсэн хүлээлт байна. Өөрийгөө муу ч сайн ч Ерөнхий сайд явсан кадр гэдгийг, тэрчлэн Засгийн газрын нэг сайдаар суух хэмжээний хүн биш гэдгийг, бас намынхаа даргын бөгөөд Засгийн тэргүүний учир дутагдалтай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаагаа олон сарын өмнөөс хэлж ярьж ирснээс нь үзэхэд түүний суудлаасаа буух гээд байгаа тодорхой мэт. Гэвч албан ёсны хүсэлтдээ энэ талаараа тодорхой тусгаагүйг нь харахад бас өөр зүйлс ард нь байхыг үгүйсгэх аргагүй. Ерөнхийдөө Р.Амаржаргал намынхаа өөр бусадтай нийлсэн хэсэгчилсэн тоглолт хийгээд байна уу гэж харах өнцөг бас бий. Ядаж байхад түүний хүсэлт шуугиан тарьсны маргааш Ж.Батзандан, С.Ганбаатар нар ч тоглолт хийсэн. Ж.Батзандангийн тухайд Р.Амаржаргалыг дэмжиж буйгаа хэлээд Засгийн Газрын өмнөөс Ерөнхий сайд хариуцлага хүлээх учиртай.  Хэрэв чадахгүй бол араас нь Их Хурлын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах олон шудрага гишүүн байгаа. Би ч тэдний нэг гэх агуулгатай зүйлийг ярьсан. Гэхдээ төд удалгүй хэвлэлд ингэж ярьсныхаа араас өөрөө баллуур  царайлаад үглэж дуулаад явсныг нь хэлэх хэрэгтэй болов уу.

За мөн Р.Амаржаргалын хүсэлтийг хүлээж авсангүй гэх бор шувуу эхлээд ниссэн. Тэгсэн тэр нь  намынхаа ҮЗХ-оос татгалзсан хүсэлтийг нь Ховдын АН хүлээж аваагүй тухай байсан. Харин УИХ-ын гишүүнээс татгалзах хүсэлтийг нь хүлээж авахгүй гэх байр суурь одоогоор албаны нөхдүүдээс гараагүй байна. Хэрэв тэгээд хүлээж авбал түүний суудал дээр суух дараачийн түшээг тодруулах нөхөн сонгуулийн асуудал улстөрийн тогооны халууны хэмийг нэмэх нь гарцаагүй. Гэхдээ АН-ынхан дотооддоо тохиролцож чадвал тэс өөр дүр зураг ч өрнөж мэдэх. Тэгэхдээ Р.Амаржаргал өөрийнхөө эрхэм нэр төрд тэгж хир халдаасан алхмыг өөрөө мэдсээр байж хийхгүй болов уу гэж харж байна.

 

АН болоод МАХН-гүй зангиагүй уулзалттай зэрэгцэн МАН-тай засгийн тухай яригдав


МАН-ын даргын суудалд хоёр дахь удаагаа суугаад буй М.Энхболд намын дотоод шинэчлэлийн асуудалдаа  санаагаа чилээхээс гадна улстөрийн намуудыг “Үндэсний зөвшилцөл” –д уриалсан нь яах аргагүй анхаарал татсан үйл явдал байв. Тэрээр намын дарга нарыг зангиагүй уулзалтад урин Монголын улс төр, эдийн засагт болж буй үйл явдлыг дүгнэн хэлэлцэж цаашид хэрхэн хамтран ажиллах, зөв шийдэлд хүрэх талаар харилцан ярилцан, нэгдсэн ойлголцолд хүрэхийг төлөвлөсөн гэж буй.  Гэтэл түүний урилгыг АН болон МАХН-ын удирдлагууд хүлээж аваагүй нь дарга  нар нь ирээгүйгээс харагдаж буй. Харин түүний зүгээс намын дарга нарт илгээсэн урилгатай зэрэгцэн намынх нь залуу гишүүн  Т.Аюурсайхан байр сууриа илэрхийлэхдээ М.Энхболдыг цаашид зөвшилцөл рүү явах хандлага ажиглагдаж байгааг хэлсэн. Мөн Засгийн бодлого үйл ажиллагаа шүүмжлэл дагуулж буй үед Засгийн газарт орно гэсэн зүйл байж болохгүй хэмээн мэдэгдсэнээс харахад М.Энхболдын дараагийн нүүдлийг урьдчилсан харсан намынхан нь энэ маягаар эсэргүүцэх нь харагдаж байна. Хэдийгээр АН-ын дарга Н.Алтанхуяг МАН засагт орно барина гэж яриагүй хэмээн мэдэгдсэн ч, М.Энхболд намын дарга болохоосоо өмнө МАХН-ын эсрэг АН-тай нэгдэх талаар ярьж байсан гэх бор шувуу энэ өдрүүдэд илүү хүчээ аваад байна.

 

Ерөнхийлөгч биш Ерөнхий сайд дуугарав


Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Япон улс дахь айлчлалын дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-д төрийн айлчлал хийгээд ирсэн. Манай ерөнхийлөгч энэ айлчлалынхаа хүрээнд Умардын залуу удирдагчтай уулзсан гэсэн нэг ч өгүүлбэр хэвлэлийн хуудаснаа гараагүй нь анхаарал татаж буйн араас, Ерөнхийлөгчийн айлчлалын томоохон зорилго нь Фукушимагийн цөмийн хаягдлыг Монголын нутагт булшлахын тулд замыг нь чөлөөлөх талаар ярилцахаар явсан байж  болзошгүй гэх мэдээлэл гарсан юм.  Залуу Ким манай Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзаагүй гэх мэдээлэл цацагдаад байгаа нь хэд хэдэн талтай байж болох бөгөөд асуудлыг чимээгүй нууцлах гэсэн бодлогыг агуулж байхыг үгүйсгэх аргагүй талаар ч яригдав. Фукушимагийн АЦС-д осол гарснаас хойш тус станцын цөмийн хаягдлыг хаана булах вэ гэдэг асуудал Японы Засгийн газрын хувьд шүдний өвчин болоод байгаа тул тэрхүү хаягдлыг Хойд Солонгосын нутгаар дамжуулан Монголд авчирж булахаар яригдсан гэх мэдээлэл байгаа. Харин энэ мэдээллийн араас МУ-ын Засгийн газрын тэргүүн байр сууриа илэрхийлэхдээ “Монгол Улс бол цөмийн энерги, уран олборлолтын талаар бодлогоо тодорхойлсон орон. Японоос цөмийн хаягдал оруулж ирж булах ямар ч үйл ажиллагаа хийгдээгүй, цаашдаа ч хийхгүй” гэсэн. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ тал дээр чимээгүй л байв.

Барак Обамагийн дэвшүүлсэн Прагийн Санаачлага гэх уриатай цаг үеийн хувьд зэрэгцэн Стэнфордын их сургуульд дадлагажиж байсан физикч А. Ундраагийн санаачилсан  “Монголын Цөмийн Санаачлага” буюу  цөмийн хаягдал Монголд булах төлөвлөгөөг дэмжиж байна гэх үгсийг Цагаан ордоны тэргүүнээс сонсож зогссон манай Ерөнхийлөгч чимээгүй байгаа нь анхаарал татаж буй. Тэрээр энэ тал дээр байр сууриа илэрхийлнэ биз ээ.

 

МИАТ-ийн луйврын хэрэг зүсээ хувиргасан нь


Хоёр шатны шүүхээс 10-13 жилийн ял сонсоод байсан МИАТ-ийн экс удирдлагуудын хэрэг  Дээд шүүхээр ороод гарахдаа зүсээ хувиргав. “Дайны эрсдлийн даатгал” нэрээр мөнгө шамшигдуулсан энэ хэргийн эхлэл, өрнөл, төгсгөлийн хооронд МИАТ компанид 4 Гүйцэтгэх захирал, 10 Дэд захирал солигдсон байдаг ч, ял зэм сонсох дээрээ тулахад зургаахан хүний асуудал яригдсан юм. Тэрчлэн энэ хэрэгт холбогдогчдын цаана улстөр, эдийн засгийн бүлэглэлийн хэмжээнд яригдахуйц сүлжээ байгаа гэж яригдаж ирсэн харыг Дээд шүүхийн шийдвэр бүрэн батлаагүй ч, бүрэн лавшруулав.  Их хэмжээний мөнгө угаасан гэгдэж байсан,  МИАТ-ийн удирдлагын багт ажиллаж асан зургаан этгээд хуулийн цоорхой ашиглан тоглолт хийн үйлдсэн хэргийнхээ үнэн төрхийг  өөрчлөн ялаа хөнгөрүүлж чадлаа. Тэдний өмнөөс Монголын урдаа барьдаг 20 өмгөөлөгч ажиллалаа. Дээд шүүх тэдэнд холбогдох мөнгө угаасан гэх хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов. Тэд мөнгө угаагүй гэж зөвтгөв. Харин байгууллагын мөнгө шамшигдуулсан гэх үндэслэлээр өмнөх хоёр шатны шүүхээс оноосон ялыг нь хөнгөрүүлж, Б.Эрдэнэбилэгт долоон жил, Ч.Хоролсүрэнд найман жил, Ц.Орхон, Б.Бат-Эрдэнэ, Голомт банкны VI салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарт тус тус гурван жил хорих ял оноов.  Харин Ч.Хоролсүрэнгийн дүү, “Монголиан Эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтохын хэргийг хэрэгсэхгүй болгов.

Тэд яагаад мөнгө угаагчид бус болон хувирсныг харвал 2009 оны тавдугаар сараас өмнөх Эрүүгийн хуулиар Мөнгө угаах гэмт хэргийн гол эх үүсвэр нь хар тамхи, зэвсгийн наймаанаас орж ирсэн байвал энэ төрлийн гэмт хэрэгт тооцож  болохоор хуульчилсан байсан бол 2009 оны тавдугаар сарын 4-нд хуульд өөрчлөлт орж Мөнгө угаах гэмт хэрэгт  татвараас бусад төрлийн эх үүсвэрээс олсон мөнгийг хамруулдаг болсон гэнэ. Харин МИАТ-ийн гэмтнүүдийн хувьд Дайны эрсдэлийн даатгал нэрээр гадаад руу мөнгө шилжүүлсэн 17 удаагийн үйлдлийн хамгийн сүүлчийн гүйлгээ нь 2009 оны тавдугаар сарын 4-нөөс өмнө хийгдсэн учраас тэд хуулийн өөрчлөлтийн үр шимээр ийнхүү мөнгө угаагчид биш болон хувирчээ. Хэдийгээр Дээд шүүх ийнхүү шийдвэрээ гаргасан ч 9.1 тэрбумаар ч зогсохгүй гэгдэх их мөнгөний луйврын хэрэг ингээд чив чимээгүй болон дарагдах учиргүй юм.

 

Царцаамалыг хайлуулах төсөв


Сар гаруй хугацааны дараа айлчлан ирэх арвандөрвөн оны төсвийг улстөрчид үзэглэлээ. Тэдний байр суурь харилцан адилгүй байна. Зарим нь шахсан бяслаг шиг цэмбийлгэсэн төсөв баталлаа гэж байгаа бол Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар УИХ-ын гишүүдийн лобби хийсэн төсөв орж ирсэн гэдгийг хэлээд буй. Мөн тэр царцаагдаж байгаа төслүүдийн хувьд он гарангуут төсвийн тодотголоор санхүүжилтийг нь шийдчих тухай яригдаж байгаа. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хэлэхдээ  “-2013 оны төсвийн тодотголоос хасагдсан 200 гаруй обьект байгаа. Одоо 2014 оны төсөвт сууж чадаагүй 96 обьект байна. Энэ обьектуудын ажил нь эхэлчихсэн дуусгах шаардлагатай учраас цааш нь үргэлжлүүлэх ёстой гэсэн чиглэлийг өгч байгаа. Мөн 140 обьект тодорхой бус шалтгаанаар төсөвт өртөг нь нэмэгдэж удааширсан байгаа. Энэ бүгдийг Аудитын байгууллагаар шалгуулья. Төсөв өртөг нь үнэхээр нэмэгдсэн юм уу. Удааширсан шалтгаан нь юунаас болсон бэ гэдгийг тодотгосны дараа зөвхөн хөрөнгө оруулалтын жагсаалтыг тодотгоно. Тэгээд санхүүжих эрхийг нь дөрөвдүгээр сараас нээгээд явна. Дуусаагүй барилга үлдээнэ гэдэг хэцүү. Байгаль, цаг уурын нөхцөл байдлаас үүдэн дуусгах боломжгүй ч болж магадгүй. Тэгэхээр 96 обьектийг дуусгах чиглэлд анхаарч ажиллаарай гэж Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн.” гэж хэлснээс үзэхэд ч, он гараад нөгөөх царцаамалуудыг эргээд хайлуулна гэсэн үг.

 

За харин нийгэмд хүлээлт үүсгээд байгаа цалингийн нэмэгдлийн хувьд 10 гаруй хувиар л нэмэгдэхээр төсөвт тусгав. Харин хэзээ хэнийхийг нэмэх асуудлыг инфляцитай уялдуулан шийднэ гэж байгаа. 

 

 

Түгжрэх үү, эс түгжрэх үү?


Сая хол давсан иргэдийг агуулж буй нийслэл хотод тулгамдсан асуудлуудын нэг бол замын түгжрэл. Тиймээс ч угаарын хязгаарлалтыг зогсоохыг санал асуулгад оролцогчдын70 хувь нь дэмжлээ гэх мэдээлэл өнгөрөгч долоо хоногийн сүүлээрх анхаарал татсан мэдээллүүдийн нэг байв. Нийслэлийн удирдлагуудын зүгээс мэдэгдэхдээ  “Нийслэлийн иргэдээс зам засварын ажил дууссан, хүйтний улирлал эхлэж байгаатай холбогдуулан дугаарын хязгаарлалтыг зогсоох тухай саналыг НЗДТГ-т  удаа дараа ирүүлж байгаа юм. Тиймээс Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс хүйтний улиралд дугаарын хязгаарлалтыг цуцлахаар хэлэлцэн, өнгөрсөн долоо хоногт иргэдээс санал авсан.Санал асуулгын дүн цахим санал асуулгад оролцогчдын 70 орчим хувь нь дугаарын хязгаарлалтыг өвөл цуцалъя гэж санал өгчээ. Харин мессежээр авсан санал өгсөн иргэдийн дийлэнх нь дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлье гэсэн байна.” гэсэн байгаа. Түүчнлэн дугаарын хязгаарлалтыг зогсоох эцсийн шийдвэрийг НИТХ-аас гаргана гэсэн. Тэгэхээр өнгөрөгч долоо хоногт санал асуулгын дүн нь гарсан энэ асуудал ирэх өдрүүдийн нэгэнд шийдлээ олох нь ээ.

 

 

Тавдугаар эх үүсвэр цаасан дээрээс буухаас өмнө...


Шинэ эх үүсвэрийн тухай он он дамнан яригдаж буй энэ үед “Дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх” төслийн зээлийн хэлэлцээрийг үзэглэсэн явдал чухал үйл явдлын нэг юм. Энэ нь Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэгийн манай улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр дэвшүүлсэн “Эрч” санаачилгад тусгасан төсөл бөгөөд төслийг тус улсын хөгжлийн албан  ёсны тусламжийн хүрээнд 4,2 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр болж байна. Зээлийн хүрээнд Улаанбаатар хотын 70 хувийг эрчим хүчээр хангадаг ДЦС-4 ТӨХК-ийн станцын техник,  эд ангийг шинэчилж, үйл ажиллагааны найдвартай байдлыг хангаж, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх гэнэ. Тэгснээр Улаанбаатар хотын агаарын бохирдол болон байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах ач холбогдолтой. Төслийг 2017 онд хэрэгжүүлж дуусгана гэж буй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top