Өнгөрөгч долоо хоногт улс оронд өрнөсөн үйл явдлууд арвин байлаа. Харин Зиндаа.мн-ий долоо хоногийн тойм шинэ долоо хоногийн эхлэл өдөр өнөөдөр танд хүрэхдээ анхаарал татсан долоон асуудлыг онцолж байна.
Эрдэмтэд засгийн даалгаврыг биелүүлж байгаа юу?
Крилл үсгийн дүрмийг журамлан боловсруулахаар байгуулсан ажлын хэсэгт ажиллаж байгаа эрдэмтдийн зүгээс тайлбар хийхдээ өөрсдийнхөө сайн дураар бус Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолд заасны дагуу “журамлах” ажлыг хийхээр шулуудаад байгаа гэсэн. Хэдэн хүн нийлээд хийх ажилгүйдээ мөнгө олох гэж ийм зүйл санаачилсан гэх мэтээр хүмүүс ойлгоод байх шиг байна гэж Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Төмөртогоо хэлнэ лээ. Тэгвэл Засгийн газрын тэргүүн өөр байр суурь илэрхийлэв. Өнгөрсөн долоо хоногт “11 11” төвд иргэдээс ирсэн санал хүсэлтүүдийг харахад цагаан толгойн 4 үсгийг хассан тухай олон санал, асуулт ирсэн аж. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд тайлбар хийхдээ “Өнгөрсөн 2 дугаар сарын 2-нд Монгол хэлбичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарсан. Энэ бол Засгийн газрын бодлого. Энэ тогтоолд бага насны хүүхдэд эх хэлийг сэтгэхүйг нь хөгжүүлэх сонирхолтой арга хэлбэрээр зааж, үгийн сангийн нөөцийг нэмэгдүүлэх тухай заалт орсон. Ерөнхий боловсролын сургууль төгсөгч, их дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол хэлбичгийн хичээлээр шалгалт авч байх журам гаргаж мөрдүүлэх тухай заалт хэрэгжиж эхэлсэн. Монгол кирил бичгийн үсгийн дүрмийг журамласан толь бичгийг шинэчлэн боловсруулж бүх нийтээр дагаж мөрдүүлэх тухай заалт орсон бөгөөд эрдэмтэд ажиллаж байгаа. Ийм толь бичиг гарна. Түүнээс өөрөөр цагаан толгойн 4 үсгийг хасах тухай огт яригдаагүй” гэв.

Харин УИХ-ын дарга З.Энхболд энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ "Үнэхээр ийм санал хэлэлцэгдэх гэж байгаа талаар ЗГХЭГ-ын даргаас асуухад "ийм санал ирээгүй" гэж хэлсэн. Тэгэхээр олон нийтийн сүлжээ сайтаар яваад байгаа албан ёсны санал юм байна. Миний хувьд энэ дөрвөн үсгийг монгол хэлний дүрмийн сангаас хасах нь утгагүй зүйл гэж бодож байгаа. Өмнө нь монгол бичгээс крилл үсэг рүү шилжих гэж бид таван жил зарцуулсан. Одоо ийм дүрмийн өөрчлөлт оруулна гэвэл их цаг хугацаа, мөнгө шаардана. Тиймээс шаардлагагүй, утгагүй зүйл гэж үзэж байна" гэсэн юм. Тэгэхээр дуулиан дэгдээсэн мэдээллийг анх гаргасан эрдэмтэд болохоор Засгийн газар руу асуудлыг чиглүүлж байгаа бол Засгийн тэргүүн нь тийм асуудал огт яригдаагүй гээд сууж байв.
Н.Энхбаяргүй ч, Н.Энхбаяртай Бага хурал
МАХН-ынхан долоо хоногийн сүүлийн өдөр Бага хурлаа эхлүүлэв. Намын дэд дарга Д.Тэрбишдагва, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, Баянгол дүүргийн Засаг дарга асан Д.Цогтбаатар нар үгсэн хуйвалдаж Бага хурлын гишүүнээс намын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч н.Оюунбилэг, улстөр, судлаач Л.Эрдэнэтуул нарын 40 гаруй хүнийг хассан гэх мэдээлэл гадагшлав. Эдгээр хүмүүсийг хасахдаа намынхаа үйл хэргийн төлөө чин зүрхнээсээ зүтгээгүй, Н.Энхбаяр даргаа өмгөөлж хамгаалж чадаагүй гэх шалтгаануудыг үндэслэл болгосон ч, угтаа бол намын Бага хуралд нь Н.Энхбаярын ямар ч оролцоо байхгүй. Түүний нэрийг ашиглан, намын дотоод дүрэм журмыг завхруулан үгүйсгэж байна гэх зүйлийг намын зарим гишүүд нь ярьж байв.

Түүнчлэн тус намын гишүүд дэмжигчдийн байгуулсан Шударга ёсны төлөө анхдагчдын холбооны хурлын тэргүүлэгчид МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нарыг огцрохыг шаардав. Тэдний мэдэгдэлд “МАХН-ын гүйцэтгэх товчоо нь хуралдахаа больж намын гишүүд, дэмжигчдийн хүсэлт, гомдлыг дүрмийн дагуу шийдвэрлэхээ байгаад удаж байна. Энэ асуудалд МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар хариуцлага хүлээж, МАХН-ын сонгуульт ажлаас огцрохыг мэдэгдэж байна.” гэжээ.
Төрийн ажлыг цалгардуулахад порно үзэх, “Candy crush”-дах хоёр ямар ялгаатай вэ?
Энэтхэгийн баруун өмнөд нутгийн Карнатака мужийн хоёр сайд ассамблейн хурлын үеэр порно бичлэг үзэж байгаад телевизийн камерын дуранд өртөж, улмаар огцорсон гэдгийг бид мэднэ. Асуудал порно үзсэндээ бус төр засгийн чухал албыг хашиж байгаа эрхмүүд ажилдаа ингэж хайнга хандаж, ард иргэдийг доромжилж болохгүй гэсэн зүйлийг тус мужийн ассамблейн сөрөг хүчний тэргүүн мэдэгдэж байсан. Тэгвэл манайд төрийн ажлыг үүнтэй төстэй маягаар цалгардуулж байгаа нөхдүүд байна. Тухайлбал, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах хэрэгтэй гэж хэлж ярих дуртай хууль тогтоогчид өөрсдөө хэрэг дээрээ ажилдаа хайнга ханддагийг илтгэхүйц нэгэн мэдээлэл өнгөрөгч долоо хоногт олны анхаарлыг татав. УИХ-ын нэгдсэн чуулганаар Алтны ил тод байдлын тухай хуулийн хэлэлцүүлгийг ид хийж байх үеэр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Candy crush” тоглоомыг ихэд шимтэнгүй тоглон суугаа нь хэвлэлийнхний харааны гадна үлдэж чадсангүй. Ер нь бол УИХ-ын гишүүд сошиал сайтуудын идэвхитэй хэрэглэгчид гэдгийг олон нийт мэддэг болсон ч, долоо хоногийн хоёр өдөр л хуралддаг УИХ-ын нэгдсэн чуулган дээр тэр хэрэгцээгээ жаахан хумиж сурмаар. Гэтэл З.Баянсэлэнгэ гишүүн бүр чуулганы танхимыг тоглоомын танхим шиг санан, төрийн ажилд дэндүү цалгар хандаж суух юм.

Хэдийгээр эрхэм гишүүн тэрхүү тоглоомд нугасгүй дуртай байж болох ч, тоглоомд тэгтлээ анхаарсан үедээ чуулганаар хэлэлцэгдэж байгаа асуудлын учир начрыг ухаж ойлгож чадаж суусан гэдэг нь эргэлзээтэй. Мөн эрхэмсэг хатагтай гишүүн порно үзээгүй ч, төрийн ажлыг тоглоомын хоббиныхоо өмнө тавьж чаддаггүй нэгэн гэдгээ харуулав. Мөн тодотгоход түүний тоглоом тоглоод сууж байсан чуулганы хуралдааны танхимд 76 гишүүнээс 47 нь ирсэн гэсэн ирцтэй байсан ч, 30 гаруй нь л чуулгандаа сууж байсан юм. Ирцээ бүртгүүлчихээд хэлэлцэж байгаа асуудал буюу хуулийн төслийг үл тоомсорлон суусан гишүүд цөөнгүй байсныг хэлэх хэрэгтэй.
Хоёр хөрштэйгөө “хатуу”-гаар холбогдов

Зам дагаж хөгжил гэдэг дээ. Сайншанд-Замын-Үүд чиглэлийн 116 км хатуу хучилттай автозам ашиглалтад орсон нь өнгөрөгч долоо хоногийн онцлох үйл явдлуудын нэг яах аргагүй мөн юм. Энэ зам ашиглалтад орсноор манай улс ОХУ болон БНХАУ-тай олон улсын чанартай босоо тэнхлэгийн автозамаар холбогдож байгаа юм. Манай улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан гэрээний хүрээнд баригдсан энэ замыг дагаж ирэх үр ашгууд мөд харагдах биз ээ. Сайншанд-Хамарын хийдийн чиглэлийн авто замын барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Hengchang urban construction” компани, туслан гүйцэтгэгчээр “Замын битум” компани ажилласан байна. Мөн дотоодын аялал жуулчлалын гол чиглэл болоод байгаа Сайншанд-Хамарын хийдийн чиглэлийн 42 км хатуу хучилттай автозамыг ашиглалтад оруулсан нь таатай мэдээлэл байв. Бас Замын-Үүд дэх шингэн ачаа ачиж буулгах байгууламжийн хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх өргөтгөлийн ажилтай Ерөнхий сайд танилцсан. Өртгөлийн ажил ирэх сарын эхээр дуусах аж. Ингэснээр манай улс бензин, дизелийн түлшний хэрэгцээнийхээ 50 хувийг Солонгос, Хятад улсаас хангах боломж бүрдэнэ гээд байгаа юм.
З.Энхболдын “томилсон” захирлыг унагаж дийлэв

МҮОНТ гэдэг их айл сүүлийн өдрүүдэд ихэд хөл хөдөлгөөнтэй байлаа. Телевизийн нэр бүхий уран бүтээлчид захирал Ч.Даваабаярыгаа ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн Үндэсний Зөвлөл болон Ерөнхий захирал М.Наранбаатарт өргөх бичиг хүргүүлсний дараа Ч.Даваабаяр өөрийгөө өмгөөлөн бусдыгаа ч гэсэн ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн хэлж ярьсан ч, суудал дээрээ тогтож үлдэж чадсангүй, огцров. Ч.Даваабаяр ETV-ийг үүсгэн байгуулагч бөгөөд тус телевизийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан нэгэн. Харин өнгөрсөн онд УИХ-ын дарга З.Энхболд МҮОНТ-ийн ерөнхий захирлын суудалд Ч.Даваабаярыг зүтгүүлэхдээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчин, томилуулсон гэх яриа гарч байсан бол өнгөрөгч долоо хоногт Ч.Даваабаяр огцорлоо.
Эмэгтэйчүүдийн оролцоог улам нэмэгдүүлэх боломж байгааг гадныхны өмнө хэлэв

Долоо хоногийн сүүлээр Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Төрийн ордонд эхэлсэн нь онцлох хэрэгтэй үйл явдлуудын нэг. “Боловсролоор дамжуулан энх тайван, хөгжлийг урагшлуулахад эмэгтэй парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор зохион байгуулагдаж буй чуулга уулзалтыг УИХ-ын дарга З.Энхболд нээхдээ, өнгөрсөн 2012 онд болсон парламентын ээлжит сонгуулиар 11 эмэгтэй Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон нь манай улсын сүүлийн 20 гаруй жилийн түүхэнд гарсан хамгийн өндөр үзүүлэлт болсон. Өнөөдөр УИХ-д эмэгтэйчүүдийн дуу хоолой, санал санаачилга томоохон үүрэг гүйцэтгэж байна хэмээн онцолсон. Мөн тэрбээр, манай оронд төдийгүй бүс нутгийн хэмжээнд эмэгтэйчүүд улс орныхоо амьдралд улам их үүрэг гүйцэтгэж, шийдвэр гаргах түвшинд олноороо ажиллах болсон нь нийгмийн дэвшлийн илрэл гэж үзэж байна. Цаашид манай орны хүн амын талаас илүү хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог улам нэмэгдүүлэх томоохон орон зай, боломж байгаа гээд УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачилгаар Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт зохион байгуулагдаж, бүс нутгийн улс орнуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ард түмний төлөөлөл-парламент хоорондын сайн харилцаа, түүний дотор эмэгтэй гишүүдийн үүрэг, оролцоо чухал гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна гэж байв. Харин УИХ-ын гишүүн М.Батчимэг, Эмэгтэйчүүд бидний хувьд үндэс угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшлийн гээд бүхий л төрлийн ялгаанаас үл хамааран гэр бүл, үр хүүхдийн маань сайн сайхан, улс орны амгалан тайван амьдрал хамгаас чухал байдаг билээ. Тийм ч учир хаана улс төр, шийдвэр гаргах түвшин дэх эхчүүд, эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байна, тэнд амьдралын чанар сайжирч, ахиц дэвшил гардаг гэдгийг цаг үе харуулж байна гэж байлаа.
АН-ын Генсек барцадтай байв

Дархан-Уул аймгийн Ардчилсан намын гишүүд намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийг огцруулахыг шаардсан нь анхаарал татсан үйл явдлуудын нэг байв. Генсекээ огцруулахыг шаардсан гишүүдийн хэлж буйгаар өмнөх Генсек Д.Эрдэнэбат маш сайн ажиллаж гишүүдээ сонсдог байсан гэв. Харин Ц.Оюундарь томилогдсоноос хойш намынхаа гишүүдийг алагчлан үзэж байгаа гэлээ. Дархан дахь гишүүдийнхээ зовлон жаргалыг сонсохын оронд “та нар зайлцгаа, гар” гээд сууж байдаг гэх зүйлийг ч гишүүд нь хэлэв. Бас Дарханд очоод хурал хийж бужигнуулчихсан. Ийм ухамсар дорой, боловсрол муутай хүн ерөнхий нарийн бичгийн даргын зөөлөн суудлаа тавьж өгөхийг бид шаардаж байна гэх зүйлийг Намын үүрийн дарга С.Халтар гэж хүн хэвлэлийнхэнд ярьсан юм. Мөн Дархан-Уул аймгийн намын хороо хууль, эрхзүйн хувьд чадамжгүй гэх яриад гараад байгаагийн цаана дөрвөн жил тутамд Их хурлаа хуралдуулах ёстой АН таван жил гаруйн хугацаа өнгөрчихөөд байхад хурлаа хуралдуулахгүй байна. Тиймээс намын дарга болон Хяналтын ерөнхий хороо хууль дүрмийн хувьд өөрсдөө хүчин төгөлдөр биш гэдэг асуудлыг ч тэд гаргаж тавьлаа. Намын их хурлыг хуралдуулж, Ц.Оюундарийг огцруулахыг шаардав.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 0 )